"Цар тахал нэрээр иргэдийн жагсах эрхийг хууль зөрчиж хязгаарласан"

Хуучирсан мэдээ: 2022.05.13-нд нийтлэгдсэн

"Цар тахал нэрээр иргэдийн жагсах эрхийг хууль зөрчиж хязгаарласан"

"Цар тахал нэрээр иргэдийн жагсах эрхийг хууль зөрчиж хязгаарласан"
"Монголын Эмнести интернэшнл" өнөөдөр /2022.05.13/ "Цар тахал ба хууль сахиулах ажиллагаа" мониторингийн тайланг танилцууллаа. 

"Монголын Эмнести интернэшнл"-ийн гүйцэтгэх захирал Б.Алтантуяа:
-Монгол Улсад цар тахалтай холбоотой хэт хязгаарлалт хийж, буруу арга хэмжээ авсан нь иргэдийн бухимдлыг төрүүлсэн. Үүний улмаас иргэд олон нийтийн сүлжээнд үзэл бодлоо илэрхийлэхээр жагсаал цуглаан хүртэл зохион байгууллаа. Энэ нь цар тахлын өмнөх үетэй харьцуулахад эрс нэмэгдсэн байсан. Тийм учраас бид өнгөрсөн оны арванхоёрдугаар сарыг дуустал мониторинг судалгааны ажлаа хийсэн юм. Иргэний нийгмийн олон байгууллага, хүний эрхийн тэмцэгчид энэ чиглэлийн судалгаа хийх хүсэлт тавьж байсан. Бид "Нээлттэй нийгэм форум"-ын санхүүгийн дэмжлэгтэйгээр судалгаагаа хийж гүйцэтгэлээ. Ингэснээр дэлхий дахинд цар тахлын үед хууль сахиулах ажиллагаа ямар байсан бэ гэдгийг судалж, Европын орнуудад хүний эрх хэрхэн хөндөгдсөн талаар судалсан.
Бид энэ удаа хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан мэдээллүүдийг сонгон авч, мониторинг хийхээс гадна цагдаагийн үйл ажиллагаанд гомдолтой байгаа иргэдийн гомдол, хүсэлт, мэдээлэл болон олон талт байгууллагын мэдээллийг харьцуулан, дүн шинжилгээ хийсэн.
Мөн цагдаагийн байгууллагын алба хаагчдын зөрчил дээр суурилж байгаа ч цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх хууль тогтоомж, онцгой тохиолдолд мөрдөж буй дүрэм журам нь олон улсын хэм хэмжээнд хэр нийцсэн бэ гэдгийг харьцуулсан.
Мониторингийн багийн ахлагч, хуульч Р.Очирбал:
-Бид судалгаа хийхдээ кейс буюу тохиолдол дээр суурилсан. Иргэн, хуулийн этгээдүүдтэй уулзан ярилцахад жагсаал цуглаан хийх эрхтэй холбоотой маргаан гарч, шүүхийн шийдвэр гарсан байдаг. Тэр шийдвэрүүдэд харьцуулсан дүн шинжилгээ хийсэн. Цаашдаа цар тахлын үед хүний эрхийг хэрхэн хамгаалж, хууль тогтоомжийг хэрхэн боловсронгуй болгох асуудлыг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой гэж үзэж байна. Товчхондоо Монголын одоогийн хууль, тогтоомж цар тахлын эсрэг хариу арга хэмжээ авахад олон улсын гэрээ конвенцитэй хэрхэн нийцэж байна вэ гэхэд суурь зохицуулалт хангалтгүй байсан.
Тодруулбал, хувь хүний нууцыг задруулах, нийгмээс иргэнийг алагчлах, доромжлох, нэр хүндийг нь гутаах нөхцөлийг бий болгосон. Харин Цар тахлын эсрэг урт нэртэй хууль батлагдсанаас хойш нэг жилийн дараа нэмэлт, өөрчлөлт оруулах зэргээр алдаа дутагдлаа засч байсан. Ялангуяа жагсаал цуглаан хийх эрхийн харилцааг зохицуулж буй хууль, тогтоомж цар тахлын үед хүний эрхийн гэрээ конвенцид нийцээгүй.
Улмаар иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх эрхийг нугачин дарсан гэж хэлж болно. Иймээс жагсаал цуглаан хийх журмын тухай хуулийг шинэчлэн боловсруулж, олон улсын байгууллагын зөвлөмж, туршлагатай нийцүүлэх зайлшгүй шаардлагатай гэж дүгнэсэн. Цар тахал арилтал жагсаал цуглааныг хориглож, нийслэлийн Засаг даргаас хэд хэдэн захирамж гарган, цар тахал нэрийдлээр иргэдийн жагсах эрхийг хууль зөрчиж хязгаарласан байна. Учир нь холбогдох хууль, тогтоомжид иргэдийн цуглах эрхийг захирамжаар хязгаарлах эрх олгоогүй байдаг.
Тэр бүү хэл хотын дарга иргэдийн жагсах эрхийг хязгаарласнаар Зөрчлийн тухай хуулийн 5.13-т зааснаар баривчлах шийтгэл ногдуулах ноцтой үр дагавар бий болгосон. Мөн үзэл бодлоо илэрхийлсэн хэд хэдэн иргэнийг баривчилсан нь хууль зөрчсөн шийдвэр. Цагдаагийн байгууллага жагсагчдыг эрхээ эдлэх нөхцөлийг нь хэрхэн дэмжин ажиллахад төрийн үүрэг тодорхойгүй байна. Цагдаагийн байгууллага жагсагчдын аюулгүй байдлыг хангах ёстой. Гэвч жагсаалыг тарааж буй арга хувилбар нь цар тахлаас сэргийлэх бус, тархах арга тактикийг бүрдүүлсэн. Ийм ноцтой алдаа хэд хэдэн удаа гарсан.
Жагсагчдын эсрэг гурил цацсан үйлдэл энэ долоо хоногт гарсан. Хэрвээ цагдаа нар жагсагчдын аюулгүй байдлыг хангаж байсан бол ийм тохиолдол гарахгүй байсан. Үүнээс өмнө жагсагчид хоорондоо зодолдсон тохиолдол гарч байсан. Тиймээс төрийн дэмжих чиг үүргийг тодорхой болгох шаардлагатай байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж