Барилдах эрхээ дөрвөн жилээр хасуулсан улсын арслан Э.Оюунболдын барилдах эрхийг сэргээлээ гэх мэдээлэл цацагдсан. Олон улсын ба үндэсний спортын арбитр гэх байгууллага түүний хэргийг хянаж үзээд, Э.Оюунболдын эрхийг сэргээсэн аж.
Үндэсний бөхийн холбоо тус байгууллагын шийдвэрийг хүлээн зөвшөөрөх эсэх талаар МҮБХ-ны тэргүүн, улсын заан Ц.Магалжаваас тодрууллаа. Тэрбээр ярихдаа “Энэ нь төрийн бус байгууллага байгаа юм. Ямар үндэслэлээр эрхийг нь сэргээж байгаа юм бэ гэдэг баримт бичгийг нь харна. Манайх руу албан бичгээ явуулах байх гээд хүлээж л байна.
Спортын арбитр гэж нэг иргэний хүний байгуулсан төрийн бус байгууллага. Цаашлаад Үндэсний бөхийн арбитрын байгууллага, Монгол бөхийн арбитрын байгууллага гээд баахан төрийн бус байгууллага байгуулагдаж байх шиг байна. Допинг хэрэглээд, арбитраар шийдвэрлүүлсэн гэж масст нөлөөлж байна. Зүгээр төрийн бус байгууллага шүү дээ. Эхлээд материалуудыг нь харна” гэв.
"Монголын олон улсын ба үндэсний спортын арбитр" ТББ нь 2017 онд байгуулагдсан бөгөөд өмгөөлөгч Г.Батзаяа ерөнхийлөгчөөр нь ажилладаг. Өдгөө 39 настай түүний хувьд "Заяа энд Золоо" хуулийн фирмийн захирлаас гадна Монголын үндэсний олимпийн хорооны хараат бус сонгуулийн комиссын гишүүн.
Г.Батзаяа Ардчилсан намын гишүүн бөгөөд 2020 оны НИТХ-ын сонгуульд Сонгинохайрхан дүүргээс дэвшиж байжээ. Мөн тэрбээр УИХ-ын гишүүн, МАН-ын гишүүн Ш.Раднаасэдийн төрсөн эгч Ш.Рагчиймаагийн хүү аж.
Холбоотой мэдээ