Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр /2022.05.13/ Засгийн газрын иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвд ирсэн эрүүл мэндийн салбартай холбоотой гомдол, саналын шийдвэрлэлтийн талаар мэдээллээ.
ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг:
-2021 оны байдлаар ЭМЯ-ны харъяа таван байгууллага 11-11 төвд холбогдсон. Энэ жилээс зургаан байгууллага нэмэгдсэн. Иргэдээс ирсэн санал, гомдлыг хуулийн хугацаанд шийдвэрлэхээр ажиллаж байна. Тодруулбал, нэг, хоёр, гуравдугаар төв эмнэлэг, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Гэмтэл согог судлалын үндэсний төв зэрэг эмнэлгүүд шууд холбоотой ажилладаг.
Өнгөрсөн дөрөвдүгээр сард эрүүл мэндийн салбартай холбоотойгоор нийт 238 иргэн холбогдож, өргөдөл, гомдол өгсөн. Өргөдлийн шийдвэрлэлт өнөөдрийн байдлаар 97 хувьтай байна.
Нийт саналын 38.7 хувь ЭМЯ-нд ирсэн. Тиймээс иргэдээс ирсэн гомдол, саналыг хянаж, яаралтай шийдвэрлэж ажиллаж байна. Иргэд эрүүл мэндийн даатгал төлж байгаа учраас эмнэлгийн тусламж, үйлчилгээг хүндрэл чирэгдэлгүй авах ёстой. Үүнд яамны зүгээс анхаарч, зохих харъяа эмнэлгүүдэд арга хэмжээ авч ажиллаж байна.
-Түлэнхийн төвийг хүлээж авч, ашиглалтад оруулах болсон уу?
-Тус эмнэлгийн тухайд А, Б хоёр корпустай. Үүний А төвийг зургадугаар сарын нэгэн гэхэд хүлээж авна. Улсын комисс хүлээж авсан тохиолдолд үйл ажиллагаа явуулж эхэлнэ гэсэн үг. Шийдвэр гарвал эхний ээлжид нэгдүгээр байрыг ашиглалтад оруулна. Арваад жил болсон эмнэлгийн барилга учир шуурхай шийдвэрлэхээр ажиллаж байна.
-ЭМЯ дотоодод эмчлэх боломжгүй, өндөр зардалтай мэс ажилбарын зардлыг төрөөс тодорхой хувийг гаргах тал дээр хэрхэн анхаарч байна вэ?
-Монгол Улс дотооддоо нийт 26 эмгэгийг эмчлэх боломжгүй байдаг. Үүнийг заавал гадаадад очиж эмчлүүлдэг бөгөөд Монголдоо ирээд, тухайн өвчтөн нийт зардлын тав хүртэлх хувийг буцааж авдаг. Энэ зохицуулалтыг өөрчлөхөөр ажиллаж байна. Өнгөрсөн жилийн Засгийн газрын тогтоолоор 26 эмгэгээс дөрвийг нь дотоодод эмчлэх боломжтой болсон. ЭХЭМҮТ-д дутуу нярайн торлог бүрхэвч хуурсан тохиолдолд мэс ажилбарыг дотоодод хийж эхэлж байна. Мөн чөмөгний яс солих мэс ажилбар зэргийг иргэд заавал гадагшаа явж хийлгэхгүй байх боломжийг бүрдүүлэхийг зорьж байна.
ЯАРАЛТАЙ ҮЕД ИРГЭНИЙГ НИСДЭГ ТЭРГЭЭР ТЭЭВЭРЛЭХ ЗАРДАЛ 17-18 САЯ ТӨГРӨГ БОЛДОГ
ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Ж.Нарангэрэл:
-Эрт илрүүлгийн багцтай холбоотой санал, гомдол их ирж байна. Нийт зургаан багц гаргасан. Энэхүү багцуудыг насны бүлэг, бүсчлэл зэргийг харгалзаж боловсруулсан. Хөгжингүй улс орнууд өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимтэй хэрэгжүүлдэг. Монголд энэ ажил хангалтгүй байгаа учраас эрт илрүүлэгт иргэн бүрийг энэ жилээс эхлэн хамруулж байна.
Монголд зонхилон тохиолдож байгаа өвчлөл, нас баралтын статистикаас харвал ихэнх нь хожуу үедээ илэрч байгаа юм. Тиймээс эрт илрүүлгийн ач холбогдол их гэж харж байна.
Эхний ээлжид иргэд хангалттай мэдээлэлгүйн улмаас асуудалтай учирч байна. Тухайлбал, хүүхдийн үзлэг, шинжилгээнд иргэд шүүмжлэлтэй хандаж байна. Жилд дунджаар 400-450 хүүхэд хавдраар оношлогддог. Эдгээр хүүхдүүдийг заавал урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулж, эрт илрүүлэх нь зөв. Хүүхдийн хавдрыг эрт оношилж, үе шаттай эмчилгээ хийх хэрэгтэй байна. Хүүхдүүдийн дунд зургаан төрлийн хавдар зонхилж байна. Үүнийг хүндрэхээс нь өмнө туяа эмчилгээ зэргийг хийхгүйгээр анагаах боломжтой.
-Яаралтай тусламжийн үйлчилгээ үзүүлэхэд нисдэг тэрэгний зардлыг иргэн гаргах ёстой юу?
-Зайлшгүй шаардлагатай үед нисдэг тэргээр иргэнийг тээвэрлэдэг. Нисдэг тэргээр тээвэрлэх зардал 17-18 сая төгрөг болдог бөгөөд энэхүү зардлыг иргэн болон орон нутгийн захиргаанаас гаргадаг.
Холбоотой мэдээ