Дуулиант хэргүүдийн эргэн тойронд

Хуучирсан мэдээ: 2022.05.13-нд нийтлэгдсэн

Дуулиант хэргүүдийн эргэн тойронд

Дуулиант хэргүүдийн эргэн тойронд

Олны анхаарлын төвд байгаа дуулиант хэргүүдийн талаар тоймлон хүргэж байна. 


УИХ-ЫН ГИШҮҮН Б.БЕЙСЕНД ХОЛБОГДОХ ХЭРГИЙГ ПРОКУРОРТ ШИЛЖҮҮЛЖЭЭ

УИХ-ын гишүүн Б.Бейсенийг АТГ-аас шалгаж буй. Мөрдөн шалгах ажиллагаа дуусч, шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хэргийг шилжүүлжээ. Тодруулбал, УИХ-ын гишүүн Б.Бейсен Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргаар ажиллах байхдаа хээл хахууль авч, албан тушаалаа урвуулан ашигласан хэрэгт буруутгагдан шалгагдаж байгаа юм.

Авлигатай тэмцэх газраас Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн удирдах албан тушаалтан ”Б” албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, иргэнд давуу байдал бий болгосон гэх хэргийг прокурорт шилжүүлсэн талаар мэдээлэв.

Н.ТҮВШИНБАЯРЫН ШҮҮХ ХУРЛЫГ ТОДОРХОЙГҮЙ ХУГАЦААГААР ХОЙШЛУУЛАВ

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Н.Түвшинбаярт холбогдох гэм буруугийн шүүх хуралдаан өчигдөр өглөө 09:30 цагт эхэлсэн. Гэвч шүүх хуралдааныг даргалагч шүүгч Д.Доржсүрэнгээс татгалзах хүсэлт гаргасан. Учир нь хэрэг маргааныг хянан шийдвэрлэх явцад шүүгчид хэвлэл мэдээллийн хэрэгслээр удаа дараа нөлөөлөхөөр завдсан үйлдэл гарсан тул шүүгч нөлөөллийн мэдүүлэг хөтөлж хүргүүлсэн байна.

Тус нөлөөллийн мэдүүлгийг Шүүхийн ерөнхий зөвлөл хуралдаанаараа хэлэлцээд, шүүгчийн хараат бус байдалд нөлөөлсөн, гэмт хэргийн шинжтэй гэж үзсэн тул цагдаагийн байгууллагад шилжүүлсэн.

Дээрх шалтгаанаар даргалагч шүүгч Д.Доржсүрэн шүүх бүрэлдэхүүнд татгалзан гарах хүсэлт гаргасныг шүүх бүрэлдэхүүн хэлэлцээд, татгалзлыг хүлээн авч, Эрүүгийн хэргийн бүртгэл хяналтын нэгдсэн системээс хэргийг дахин хуваарилалтад оруулж, шүүх хуралдааныг жич товлохоор шийдвэрлэлээ.

Н.Түвшинбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 101 дүгээр зүйлийн хоёр дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар “Хүнийг онц харгис хэрцгийгээр хөнөөсөн“, мөн хуулийн 17.8 дугаар зүйлийн нэг дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсэн” зүйл ангиар прокуророос яллах дүгнэлт үйлджээ. Шүүх хуралдааныг хохирогч, шүүгдэгчдийн хүсэлтийг харгалзан, хаалттай явуулав.

"ТАЛУУДААС ТАЙЛБАР, МЭДҮҮЛЭГ АВЧ БАЙНА"

Нийслэлийн Ардчилсан нам /2022.05.11/ Хэлмэгдэгсдийн хөшөөний өмнө цуглаан зохион байгуулж, мэдээлэл хийсэн. Тус намын гишүүд "Орос, Украины дайн бусад жижиг улс оронд ч үүсч болзошгүй нөхцөл байдал бий болсныг анхааруулж байна" гэж мэдэгдсэн. Энэ үеэр нэгэн иргэн АН-ын гишүүн Д.Сосорбарам руу гурил цацаж, эсэргүүцлээ илэрхийлсэн билээ.

Эдгээр иргэдэд ямар хариуцлага тооцох талаар Цагдаагийн ерөнхий газраас тодруулахад "Чингэлтэй дүүргийн цагдаагийн Нэгдүгээр хэлтэст зөрчлийн хэрэг бүртгэх үйл ажиллагааг эхлүүлсэн. Цагаан нунтаг зүйл юу байсныг тогтоохоор шинжээч томилсон. Гурил мөн эсэх нь шинжээчийн дүгнэлтээр тодорхой болно. Шалгалт үргэлжилж байна. Талуудаас тайлбар мэдээлэл авч байна. Ардчилсан намын төлөөлөл өчигдөр ирж, тайлбар мэдээлэл өгөөгүй. Хэрвээ тайлбар мэдээллээ хурдан авч дуусвал хэргийг шалгаж дуусна. Одоо иргэдээс тайлбар авсны дараа ямар хариуцлага хүлээлгэх талаар ярина" гэв.

"ГИШҮҮДИЙН БҮРЭН ЭРХИЙГ ТҮДГЭЛЗҮҮЛЭХГҮЙГЭЭР ШАЛГАНА"

Хөгжлийн банктай холбоотойгоор УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Х.Ганхуяг, Г.Амартүвшин, Н.Алтанхуяг нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэхгүйгээр хуулийн байгууллагаас шалгаж байгаа талаар албаныхан мэдээлсэн.

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлэхдээ "Улсын Ерөнхий прокуророос дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал ирүүлсэн. УИХ-ын тухай хууль, Дэгийн тухай хуулийн дагуу асуудлыг хэлэлцэж, Халдашгүй байдлын дэд хороо хоёр удаа хуралдаж, гишүүдээс тодруулга авсан.

УИХ өнгөрсөн Баасан гаригт уг асуудлыг хэлэлцсэн. Гол нь Халдашгүй байдлын дэд хороо мөрдөн байцаалтын үйл ажиллагаатай танилцах эрхтэй ганц хороо. УИХ-ын нэр бүхий гишүүдийг шалгуулахгүй гээгүй.

Гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэхгүйгээр шалгах бүрэн боломжтой байна гэдэг дүгнэлтэд хүрсэн. Дэгийн тухай хуулиар гишүүдээс нууцаар цаасаар санал хураадаг. Тиймээс гишүүд өөрсдийнхөө итгэл үнэмшлээр дэд хороо болон байнгын хорооны санал дүгнэлтийг үндэслэж саналаа өгсөн байх" гэсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж