“Хятад хүний хоолыг хятад хүн л бэлтгэх ёстой” гэх Ши Жиньпиний хэлсэн үг байна. Энэ нь дотоодын хүнсний хэрэгцээгээ дотоодоосоо хангана гэсэн Хятадын амбиц бололтой.
Харин монголчууд бид хэрэглээнийхээ бүтээгдэхүүний 80 хувийг гаднаас авдаг. Гурил, мах, сүү, төмсийг эс тооцвол хүнсний хэрэглээний дийлэнх импортын бүтээгдэхүүнүүд агаад цар тахал, дайн байлдаанаас болж зарим нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний хомсдол үүссэн, үнэ ч өдрөөс өдөрт өндөр хөөрсөөр. Нийслэлийн статистикийн газраас гаргасан хамгийн сүүлийн судалгаанд 2022 оны тавдугаар сарын хоёрдугаар долоо хоногт монгол луувангийн үнэ 2.4 хувиар, монгол байцааных 1.3 хувиар өсчээ. Цагаан будааны үнэ энэ оны нэгдүгээр сард 2500 төгрөг байсан бол өнөөдрийн байдлаар хүнсний зах, дэлгүүрт 3500-5360 төгрөгийн үнэтэй байна.
Тэгвэл салбарын яамны албан ёсны сайтад тавигдсан статистик мэдээг харвал Монгол Улс сүүн бүтээгдэхүүний 69.3 хувь, гурилан бүтээгдэхүүний 65.9 хувь, хүнсний ногооны 56 хувь, өндөгний 56.2 хувийг дотооддоо үйлдвэрлэжээ. Харин загас, загасан бүтээгдэхүүн 100 хувь, шувууны мах 96.6 хувь, төрөл бүрийн будаа 100 хувь, жимс жимсгэнэ 96.7 хувь, ургамлын тос 98 хувь, элсэн чихэр 100 хувийн импортын хамааралтай байна. Тэгэхээр монголчуудын идэж, ууж байгаа бүхэн импортоос бараг бүрэн хараат гэсэн үг.
Дэлхий нийтийг гурван жил хамарсан цар тахал, мөн Орос-Украины дайнаас болоод улс орнуудад хүнсний хомсдол нүүрлэх нь тодорхой болсон. Украин бол дэлхийн хүнсний томоохон экспортлогч улс. Харамсалтай нь, Оросын өдөөсөн дайнаас болж дэлхийд олон сая хүн өлсгөлөнд нэрвэгдэж болзошгүйг эдийн засагчид анхааруулсаар байгаа.
Хятадын баримтлаж буй “zero-covid” бодлого, Орос, Украины дайнаас болж Монгол Улс эдийн засгийн багагүй хохирол амсана гэх сануулгыг гадаадын экспертүүд өгөх болсон. Жишээ нь, Дэлхийн банкнаас хамгийн муу хувилбараар нь тооцоолсон “Монгол-Хятадын хилийн боомтуудын гацаа энэ оны турш арилахгүй, Украины дайнаас шалтгаалан түлш шатахууны үнэ өндөр түвшинд хадгалагдаж, дэлхийн санхүүгийн зах зээлээс эх үүсвэр татах боломж эрчимтэй хумигдах тохиолдолд Монголын эдийн засаг 2022 онд ердөө 0.7 хувиар өсч болзошгүй. Таамаглалын энэ гутранги хувилбар хэрэгжвэл улсын төсвийн орлого дутаж, алдагдал улам нэмэгдэнэ. Мөн дэлхийн санхүүгийн зах зээлээс эх үүсвэр татах нөхцөл чангарснаар 2023 онд эргэн төлөгдөх бондуудыг дахин санхүүжүүлэхэд хүндрэлтэй болно” гэсэн зөвлөгөө өгч буй юм.
Тэгэхээр цаашдаа хүний гар харж амьдрах уу, эсвэл өөрсдөө тарьж, ургуулж, хүнсний аюулгүй байдлаа хамгаалах уу.
“Хүнсний тухай хуулийн 3.1.2-т “хүнсний аюулгүй байдал” гэж хүн ам амьдралынхаа туршид чанартай, шим тэжээллэг, аюулгүй хүнсийг улсын эдийн засаг, нийгмийн нөхцөл байдал, газар зүйн байршлаас үл хамааран тогтвортой, хүртээмжтэй сонгон хэрэглэх боломж бүрдсэн байх тухай тодорхойлжээ.
Хүнсний аюулгүй байдалд
- Хүнсний хангамж тогтвортой, тэнцвэртэй байх.
- Хүнс шим тэжээллэг чанартай байх.
- Хүнсний сүлжээний бүх шатанд түүхий эд, бүтээгдэхүүний аюулгүй байдал хангагдсан байна гэж зааж өгсөн байна.
Дэлхийн улс төр, эдийн засгийн бодит байдлаас харахад улс орнуудын хүнсний хангамж, аюулгүй байдал нь үндэсний аюулгүй байдал болж мэдэх нь. Тэр тусмаа хоёр том хөрштэй Монгол Улсад хүнсээ өөрөөсөө хангах нь тусгаар тогтнолын нэг баталгаа болно. Ядаж л хүнсний ногоо, жимс, жимсгэнэ, өндөг, сүүгээ дотоодоосоо хангах цаг иржээ.
Монгол 67 сая малынхаа сүүгээр л сүү, сүүн бүтээгдэхүүний 67 хувийг дотоодоосоо хангана гэдэг харамсмаар үзүүлэлт. Тиймээс хүнсний ногоогоо зуун хувь дотоодоосоо ханган, нарийн ногоо, жимс, жимсгэнийн үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх, өргөжүүлэх нэн шаардлагатай гэсэн үг. Ингэснээр нэг сумаар хэд хэдэн туулай буудах боломжтой болно гэсэн үг. Нэгд, эх орны хөрсөнд ургасан аюулгүй хүнсээ хэрэглэнэ. Хоёрт, хүнсний хангамж сайжирна. Гуравт, үндэсний аюулгүй байдал хамгаалагдана.
Өргөн дэлгэр нутагтай, хүнээсээ хэд дахин олон сая малтай, 3 сая иргэнтэй Монгол Улс дотоодынхоо нөөц бололцоогоо ашиглаж чадвал энэ хүнд хэцүү цагт “айлаас гуйх биш авдраа уудлаад амьдарчихаж” болмоор л.
Б.БАТ
Холбоотой мэдээ