Байр суурь: Чөлөөт бүсийг хувьчлах ёстой!

Хуучирсан мэдээ: 2022.05.13-нд нийтлэгдсэн

Байр суурь: Чөлөөт бүсийг хувьчлах ёстой!

Байр суурь: Чөлөөт бүсийг хувьчлах ёстой!

“Чөлөөт бүсийн хөгжлийн бодлого” хэлэлцүүлэг өчигдөр /2022.05.12/ Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимд болов. Тус хэлэлцүүлэгт оролцогчид чөлөөт бүсийн хөгжил 27 жил саатаж байгаа нь төрийн бодлого муу байгаатай холбоотойг онцолсон юм. Хэлэлцүүлгийн үеэр Эдийн засаг, хөгжлийн яам, Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, чөлөөт бүсийн төлөөллүүдийн байр суурийг сонирхлоо.

ХУВИЙН ХЭВШЛИЙНХЭН ДАВАМГАЙЛЖ БАЙЖ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ТАТНА

Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгч О.Амартүвшин:

-Монгол Улсад 1995 оноос эхлэн чөлөөт бүсийн асуудал яригдаж байна. Чөлөөт бүсийг улс орны болон хөрш орны бизнес, эдийн засгийн ашиг сонирхолд тулгуурлаж, хөгжүүлэх нь чухал. Гэсэн ч бид ингэж хөгжүүлж чадахгүй байна. Эдийн засаг, худалдаа, хилийн боомтын хөгжил, асуудлыг хариуцсан Эдийн засаг, хөгжлийн яам байгуулсан нь бидэнд хөгжих итгэл найдвар төрүүлж байна. Цаашдын хөгжлийн чиглэлийг тодорхойлох, оролцогч талын саналыг тусгаснаар хөрөнгө оруулагчдыг татах боломжтой.

Төр хувийн хэвшилд боломж олгосноор бизнес эрхлэгчид үйл ажиллагаа явуулж, хөрөнгө оруулалт татна. Түүнээс бизнес эрхлэх орон зайгүй зүйлд хэн ч хөрөнгө оруулалт хийхгүй. Хоёрдугаарт, барууны компаниуд төртэй хамтарч ажиллахыг хүсдэггүй. Тиймээс хэлэлцүүлгээс гарч байгаа санал, санаачлагыг бодитой хэрэгжүүлэх хэрэгтэй. Тэгэхгүй бол 3-6 сарын хугацаатай хэрэгжих хуулиар бизнес эрхлэлтийг дэмжих боломжгүйг төр хүлээн зөвшөөрөх нь зөв.

Чөлөөт бүсийн чухам ямар асуудлыг төр хариуцах, алийг нь хувийн хэвшил хариуцах зэргийг тодорхой гаргаж ирэх хэрэгтэй. Ингэснээр зөв шийдэлд хүрнэ.

Одоогоос хоёр долоо хоногийн өмнө Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ бизнес эрхлэгчидтэй уулзсан. Тухайн үед бизнес эрхлэгчид хэд хэдэн санал гаргасан. Үүнийг ч мөн "Чөлөөт бүсийн хөгжлийн бодлого" хэлэлцүүлгээр авч хэлэлцлээ. Чөлөөт бүсийг идэвхтэй хөгжүүлэх боломжийг бид алдаж болохгүй. Дэлхий дахинд геополитикийн нөхцөл байдал хүнд байгаа энэ цаг үед боломжийг эрэлхийлэх нь чухал.

Нэг талаар Монголоор дамжуулж Оросын зах зээлд бүтээгдэхүүнээ борлуулах, үйлдвэрлэл хөгжүүлэх, хамтдаа худалдаа хийх боломж их гарч байгаа талаар бизнес эрхлэгчид хэлж байна.

Монгол Улсын экспортын 90 гаруй хувь уул уурхайн бүтээгдэхүүн. Үүний дийлэнх хувийг гаргахдаа Хятадтай холбогдож ажилладаг. Чөлөөт бүсэд дэвшилтэт техник, технологи нутагшуулах, инноваци шингэсэн бүтээгдэхүүн бий болгох, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг чөлөөт бүсэд бий болгож, Европ болон бусад улс орон руу экспортлох өргөн боломжтой гэсэн үг.

2020 оны аравдугаар сард Дэлхийн банкнаас гаргасан бизнес эрхлэлтийн тайланд Монгол 191 улсаас 81-д жагссан. Энэ нь өмнөх оноос найман байраар ухарсан үзүүлэлт. Хил дамнасан худалдаа 143-т эрэмбэлэгддэг. Үүнээс үзэхэд боомтууд дээр "Шинэ сэргэлтийн бодлого"-ыг хэрэгжүүлэх нь зөв зүйтэй ажил юм.

Боомтын сэргэлтийг хийснээр чөлөөт бүсийг хөгжүүлэх бүрэн боломжтой. Төр, хувийн хэвшлийн түншлэл, хөрөнгө оруулагчид хамтраад гарц гаргалгаа ярьж байгаа нь туйлын чухал.

ЧӨЛӨӨТ БҮСҮҮДИЙН АСУУДАЛ ӨӨР ӨӨР БАЙГАА Ч БОДЛОГЫН ХУВЬД НИЙТЛЭГ АЛДААТАЙ

Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Наранцогт:

-Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-д чөлөөт бүсийг хөгжүүлэх талаар тодорхой зорилтууд тусгасан. Үүний дагуу Эдийн засаг, хөгжлийн яам тодорхой төлөвлөгөө боловсруулан ажиллаж байна. Чөлөөт бүсийн хөгжлийн бодлогын ерөнхий төлөвлөгөөнд аль аль талын байр суурь, санал чухал үүрэгтэй. Ингэснээр өнгөрсөнд гаргасан алдаагаа давтахгүйгээр олон улсын стандартын дагуу хувийн хэвшлээ дэмжиж ажиллах боломж бүрдэнэ. Аливаа асуудлыг шийдвэрлэх бодлого тодорхой байснаар гаргалгааг хурдан олдог. Чөлөөт бүсийн бодлогын асуудал яаман дээр ирэх хүртэл их тогтворгүй байсан. Учир нь нийт долоон удаа байгууллагуудад шилжсэн учраас бодлогыг зөв тодорхойлох нь өнөөдөр хамгийн чухал.

Чөлөөт бүсийг хөгжүүлэх нь зөвхөн төрийн ажил биш гэдгийг өнгөрсөн хугацаанд нотолсон. Тиймээс талуудаас гарах саналыг яаралтай хэлэлцэж, шаардлагатай саналуудыг Засгийн газарт ойрын хугацаанд оруулах нь зүйтэй.

Чөлөөт бүс бүрийн хөгжлийг хязгаарлаж байгаа хүчин зүйлс харилцан адилгүй байна. Бид өмнө нь "Эдийн засгийн форум"-аар энэ талаар хэлэлцсэн. Харин энэ удаа чөлөөт бүсийг тусгайлан авч үзэж байна. "Алтанбулаг" чөлөөт бүсийн тухайд дэд бүтэц хийгдэж дуусаагүй байна. Ажиллах хүчний бодлого, хүний нөөц, хөрш оронтой ойлголцож, шийдэлд хүрээгүй байна. Харин "Замын-Үүд" чөлөөт бүсийн тухайд дээрхээс гадна үйлдвэрлэлийн усны нөөц хангалтгүй, зах зээлийн багтаамж, ерөнхий төлөвлөгөө хөрш орны хэсэгтэй уялдаагүй, хөрөнгө оруулагчдын саналыг бүрэн тусгаагүй асуудлууд байна. Гэтэл ерөнхий төлөвлөгөөг эцэслэх шатандаа явж байгаа юм. "Цагааннуур" чөлөөт бүсийн хувьд зах зээлийн багтаамж мөн л хангалтгүй. Хөрш оронтой хийсэн хэлэлцээ нь дутуу дулимаг зэрэг гол асуудал үүсээд байна.

Асуудал өөр өөр байгаа ч хөрөнгө оруулалт, бодлогын тухайд авч үзвэл нийтлэг хэдэн зүйлс ажиглагдаж байна. Тухайлбал, бодлогын тогтвортой байдал бий болгох, хөрөнгө оруулалт, удирдлагын тогтолцооны загварыг хөрөнгө оруулагч талтай хамтран шийдвэрлэх нь зүйтэй.

"Хөшигийн хөндий" чөлөөт бүсийн тухайд өмнө нь чөлөөт бүсүүдийн алдаа оноог дүгнэж, бодлогыг тодорхойлж, үйл ажиллагааг зөв явуулна гэж бодож байна. Яамнаас чөлөөт бүсийн хөрөнгө оруулалт болоод татвар, санхүүгийн албан тогтолцоо бий болгох, удирдлагын менежмент, төр, хувийн хэвшлийн оролцоог тэнцүүлэхэд гол зорилгоо болгож байна. Хөрөнгө оруулагчидтай хийж байгаа хэлэлцүүлгээс гарц, гаргалгаа тодорхой хэмжээнд гарна гэдэгт итгэлтэй байна. Төр, хувийн хэвшлийн түншлэлийг шинэ шатанд гаргахад хэлэлцүүлгийн үр дүн чиглэлээ. Монгол Улсын хувьд эдийн засаг худалдаан дээр тулгуурлаж явдаг. Тиймээс чөлөөт бүсийг зайлшгүй анхаарч ажиллах хэрэгтэй. Гэхдээ дан ганц төр биш, хувийн хэвшлийн хамтаар.

ЧӨЛӨӨТ БҮСИЙН ХӨГЖЛИЙГ ХЯЗГААРЛАГЧ ЕСӨН ХҮЧИН ЗҮЙЛ БАЙНА

ЭЗХЯ-ны Хилийн боомтын хөгжил, чөлөөт бүсийн бодлогын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Х.Эрдэнэбулган:

-Чөлөөт бүсийн бэлэн байдлын үнэлгээг зайлшгүй хийдэг. Тухайлбал, "Алтанбулаг" боомтын хувьд техник, эдийн засгийн үнэлгээ боловсруулаагүй, байгаль орчны үнэлгээг 2003 онд хийж байсан. Харин мастер төлөвлөгөөг 2008 онд хийж байсан ч батлуулаагүй. Мөн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг батлуулаагүй асуудал байна. Тиймээс эдгээр төлөвлөгөөний асуудлыг энэ онд шинээр боловсруулахаар Барилга, хот байгуулалтын яам ажиллаж байна. Ерөнхийдөө чөлөөт бүсийн хөгжлийг хязгаарлагч есөн хүчин зүйл байна гэж тодорхойлсон. Үүнд:

 

  • Институтын тогтворгүй байдал
  • Төрөөс баримтлах нэгдсэн бодлого тодорхойгүй
  • Суурь дэд бүтцийн бүтээн байгуулалт, санхүүжилтийг үе шаттайгаар шийдээгүй
  • Судалгаа, шинжилгээнд үндэслэсэн төлөвлөлтгүй
  • Зах зээлийн багтаамж хангалтгүй
  • Ажиллах хүчний нөөц хангалтгүй
  • Авто зам, тээвэр логистикийн сүлжээгүй
  • Хөрөнгө оруулалтын орчны нээлттэй бус байдал
  • Салбар хоорондын болон орон нутгийн уялдаа сул зэрэг багтаж байна.

ХУВИЙН ХЭВШИЛД БОЛОМЖ ОЛГОСНООР ЧӨЛӨӨТ БҮС ХӨГЖИНӨ

Гурван мэргэд чөлөөт бүсийн менежер Ж.Батбилэг:

-Олон улсад үүсээд байгаа нөхцөл байдлаас харвал чөлөөт бүсийн хөгжил Монголын эдийн засагт өндөр ач холбогдол үзүүлэх боломжтой. Энэ утгаар чөлөөт бүсийг хувийн хэвшилд шилжүүлснээр зөвхөн Монголд төдийгүй гадаад улсын зах зээлд тодорхой хувь эзэлж чадна гэсэн үг. Цар тахлаас хамааралтай газрын зам хаалттай байсан. Харин дөрөвдүгээр сарын 30-нд газраар зорчих боломжтой болсон.

Тиймээс энэ том зах зээлд хөрөнгө оруулалт татах боломжийг төр олгох нь зөв. Ингэснээр бизнесийн том боломжийг Монгол Улс ирэх жилүүдэд ашиглаж чадна.

Олон улсын томоохон компаниуд Монголын чөлөөт бүсийг их сонирхож байгаагаа илэрхийлдэг. Гэхдээ тэдгээр компаниудын хувьд төртэй биш, хувийн хэвшилтэй хамтрах сонирхол өндөр байдаг. Эдгээр саналыг тусгаж, төрөөс тодорхой зохицуулалт хийнэ гэдэгт итгэлтэй байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж