Хиймэл оюун ухааны өрсөлдөөнөөс хол хоцорч буй орнууд

Хуучирсан мэдээ: 2022.05.13-нд нийтлэгдсэн

Хиймэл оюун ухааны өрсөлдөөнөөс хол хоцорч буй орнууд

Хиймэл оюун ухааны өрсөлдөөнөөс хол хоцорч буй орнууд

Хиймэл оюун ухаан гэдэг үг өнөө цагт маш өргөн цар хүрээг илэрхийлэх болжээ. Ухаалаг гар утас, царай таних технологи, гадаад хэлний орчуулга, спам зурвасыг шүүлтүүрдэх, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр цацагдаж буй хортой контентыг илрүүлэх, тэр байтугай хорт хавдрыг хүртэл хиймэл оюун ухаанаар оношлох боломжтой болсон. Одоо байгаа болон шинээр зохиогдож буй тоо томшгүй олон хиймэл оюун ухаант төхөөрөмж, технологийн ачаар хүн төрөлхтөний өдөр тутмын амьдрал улам хялбар, хөгжингүй болж буй.

Өнгөрсөн оны аравдугаар сарын байдлаар, дэлхийн 44 орон хиймэл оюун ухаанд чиглэсэн үндэсний хэмжээний стратеги төлөвлөгөөтэй болжээ. Эндээс харахад, дэлхийн олон орон хиймэл оюун ухааны өрсөлдөөнд хүч үзэх сонирхолтой байгаа бололтой. Стратеги төлөвлөгөөгөөрөө тэргүүлж буй орнуудад Хятад, Энэтхэг зэрэг хөгжиж буй эдийн засаг багтаж байна.

Дэлхийн 160 орныг хиймэл оюун ухааныг төрийн үйлчилгээнд ашиглахад бэлэн байгаа эсэхээр ангилсан судалгаа байдаг. Энэхүү судалгааг дижитал өөрчлөлттэй холбоотой асуудлаар байгууллага, засгийн газруудад зөвлөгөө өгдөг “Oxford insights” нэртэй компани хийжээ. Судалгааны дүнгээр АНУ нэгдүгээрт орсон бол Сингапур, Их Британи удаалсан байна. Харин хамгийн бага оноотой бүс нутагт Сахарын цөлөөс өмнө зүгт орших Африк, Карибын тэнгис, Латин Америк зэрэг хөгжиж буй орнууд оржээ. Түүнчлэн Төв болон өмнөд Азийн зарим орнууд багтсан байна.

Хөгжингүй орнууд хиймэл оюун ухааны хувьд хурдацтай дэвшил гаргах давуу талтай. Эдгээр орнууд эдийн засгийн өндөр чадавхитай тул орчин үеийн хиймэл оюун ухааны загварууд бий болгоход шаардлагатай судалгаа, томоохон хөрөнгө оруулалтыг зовлонгүй хийх юм. Гэтэл эсрэгээрээ хөгжиж буй орнууд боловсрол, ариун цэврийн байгууламж, эрүүл мэнд, хүн амын хүнсний хангамж зэрэг илүү тулгамдсан асуудлуудаа түрүүлж шийдвэрлэх шаардлагатай болдог. Тиймдээ ч дээрх чиглэлүүдэд оруулсан хөрөнгө оруулалт нь хиймэл оюун ухааны салбараас хол давсан байдаг. Хөгжингүй болон хөгжиж буй орнуудын хооронд хэдийнэ байсан ялгаатай байдлыг хиймэл оюун ухаан улам тодруулж байна.

ХИЙМЭЛ ОЮУН УХААНЫ ЗАРДАЛ

Хиймэл оюун ухааныг ухаалаг машин бүтээх шинжлэх ухаан, инженерчлэл гэж ойлгож болно. Асуудлыг шийдвэрлэх, даалгавар гүйцэтгэхийн тулд өнгөрсөн үеийн мэдээллийг харж, өгөгдөл дээр тулгуурлан таамаглал гаргах дүрмээр хиймэл оюун ухаан ажилладаг.

Хиймэл оюун ухаанд үндсэн хоёр талбар байдаг. Нэгдүгээрт, жижиг хэмжээтэй, сайн зохион байгуулалттай өгөгдлийн багц, хоёрдугаарт, илүү нарийн төвөгтэй алгоритмуудтай ажиллах багц гэж байдаг. Нарийн төвөгтэй алгоритмуудтай ажилладаг хиймэл оюун ухааны хувьд цээжний рентген зураг ашиглан, амьсгалын замын өвчнийг урьдчилан мэдэх зэрэг бодит асуудлуудыг шийднэ.

“Google translate”-ээс эхлээд роботын тусламжтай мэс заслын үйл явц хүртэл хиймэл оюун ухаанд суурилсан байдаг. Эдгээр нь хүний тархины бүтэц дээр суурилсан хоёрдугаар талбарын тусгай загвар юм. Тухайн ажлыг төгс сайн гүйцэтгэхийн тулд хиймэл оюун ухаанд олон сая жишээ шаардлагатай. Тиймээс энгийн компьютер, машинтай харьцуулахад илүү нарийн өгөгдөл хадгалах бүтэц, орчин үеийн тооцоолох техник хангамж хэрэгтэй юм. Ийм том хэмжээний тооцоолох дэд бүтэц хөгжиж буй орнуудын хувьд бараг боломжгүй ажээ.

Өндөр технологи нэвтрүүлэхэд үнийн асуудал хамгийн түрүүнд хөндөгдөхөөс гадна байгаль орчинд үзүүлж буй хор хохирол нь их. Жишээлбэл, орчин үеийн хиймэл оюун ухаант төхөөрөмжид өгөгдөл суулгахад 150 мянган ам.доллар шаардлагатай бөгөөд явцын дунд 650 кг нүүрстөрөгч ялгаруулах юм байна. Илүү дэвшилтэт загварын хувьд дундаж автомашины ашиглалтын хугацаанд гаргаж буй нүүрстөрөгчийн нийт ялгаруулалтаас тав дахин ахиу.

Хөгжингүй орнуудын түүхийг сөхвөл нүүрсхүчлийн хийн ялгаруулалтаараа үргэлж тэргүүлсээр иржээ. Харамсалтай нь, нүүрсхүчлийн хийн ялгаралтын дарамт, үр нөлөө хөгжиж буй орнуудад хамгийн ихээр ногддог. Дэлхийн өмнөд хэсэг эрс тэс уур амьсгал, ган гачиг, үер, бохирдол зэрэг байгаль орчны хямралд илүү өртдөг. Гэтэл эдгээр орнууд уур амьсгалын үйл ажиллагаанд хөрөнгө оруулах боломжоор хязгаарлагдмал сул талтай бөгөөд хиймэл оюун ухааны сайн сайхныг хамгийн бага хүртдэг ажээ.

ХИЙМЭЛ ОЮУН УХААНЫ ДАВУУ ТАЛ

Хиймэл оюун ухаан нь тогтвортой хөгжлийн зорилтуудыг биелүүлэхэд тустай. 2020 оны судалгаанаас харахад, уг зорилтын 79 хувийг хиймэл оюун ухааны туслалцаатайгаар биелүүлэх боломжтой аж. Тухайлбал, хиймэл оюун ухаан ашиглан, усны бохирдлыг хэмжих, урьдчилан таамаглах боломжтой бөгөөд ингэснээр усны чанарыг хянах үйл явц сайжирна гэж үзэж байна. Энэ нь хөгжиж буй орнуудын цэвэр усны хүртээмжийг нэмэгдүүлэх боломж юм.

Дээр дурдсан дэлхийн өмнөд хэсгийн хувьд ч мөн ялгаагүй давуу талтай. Тус бүс нутагт ариун цэврийн байгууламжийг сайжруулах, боловсролыг дэмжих, эмнэлгийн тусламж үйлчилгээг сайжруулах гэх мэт олон давуу тал байж болох юм. Цаашилбал, хөгжиж буй орнуудын ариун цэврийн байгууламж, эмнэлгийн үйлчилгээг сайжруулснаар өвчний дэгдэлтээс ч урьдчилан сэргийлэх боломжтой.

Хөдөө аж ахуйд хиймэл оюун ухааныг ашигласнаар дэлхийн хүнсний аюулгүй байдалд нөлөөлнө. Дэлхийн хүн ам өсөхийн хэрээр хөдөө аж ахуйн салбарыг шинэчлэх нь өлсгөлөнг таслан зогсоох хамгийн зөв зам болоод байна. 1950-аад оны үед хийсэн хөдөө аж ахуйн гурав дахь хувьсгал гэж бий. Үүнд, механик болон химийн олон төрлийн шинэчлэл багтана. Хортон шавж устгах бодис, бордоо, өндөр ашиг шимтэй таримал үүлдэр зэрэг зүйл нэвтэрснээр хөдөө аж ахуйн салбарт дэвшил гарч, олон сая хүн аюулгүй хүнс хэрэглэх боломжтой болсон. Үүний зэрэгцээ орчин үеийн хөдөө аж ахуй нь дэлхийн хүлэмжийн хийн ялгаруулалтын гуравны нэгийг эзэлснээрээ дэлхийн дулаарлын буруутан болж буй.

Өдгөө хөдөө аж ахуйн дөрөв дэх хувьсгалыг хийх цаг иржээ. Хиймэл оюун ухааныг хөдөө аж ахуйд ашиглах замаар ургамлын элдэв өвчин, гажгийг оношлох, цаг агаар, ургацын талаар таамаглал дэвшүүлэх зэрэг зүйлс нэн шаардлагатай болов. Мөн тариаланчдын шаардлагагүйгээр хөрс бэлтгэх, тарих, бордох, хураах ажлыг автоматжуулна.

Эдгээр дэвшилтэт, бие даасан технологийг нэвтрүүлэхэд гарч болох эрсдэлүүдийг “Nature machine intelligence” сэтгүүлд нийтэлжээ. Нэгдүгээрт, эдгээр технологи нь интернетэд суурилсан тул хакерын халдлагад өртөх магадлалтай. АНУ-д 2021 онд хүнсний үйлдвэрлэгч, боловсруулагч, савлагчид чиглэсэн дор хаяж 40 гаруй хортой программ хангамж бүртгэгдсэн байна. Тиймээс хиймэл оюун ухааныг хөдөө аж ахуйн салбарт ашиглахдаа болгоомжтой хандаж, янз бүрийн салбарын мэргэжилтнүүдтэй хамтран ажиллах хэрэгтэй ажээ.

Эх сурвалж: THE CONVERSATION

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж