Хээрийн боохойтой нийлсэн гэрийн нохой илүү аюултай!

Хуучирсан мэдээ: 2022.05.12-нд нийтлэгдсэн

Хээрийн боохойтой нийлсэн гэрийн нохой илүү аюултай!

Хээрийн боохойтой нийлсэн гэрийн нохой илүү аюултай!

Сарын өмнө, дипломатч Д.Баярхүүгийн “Урвагчдаас болж дайн дэгддэг” гэх нийтлэлийг уншсан юм. Тэнд ингэж бичсэн байсан. “…Урвагч хаана төрдөг вэ гэхлээр харгис дэглэмтэй, автократ, тоталитари улсад, эсвэл тийм дэглэмээс ардчилал руу шилжин ядаж яваа ядарсан буурай аль нэг оронд төрдөг юм. Амьдрал дорой, ядууралтай, шударга ёс үгүйлэгдсэн улсад бол урвагчдын цуваа тасрахгүй. Урвах шалтгаан мундахгүй. Хамгийн эхний шалтгаан нь ядуурал, ажилгүйдэл. Ядуу хүнд мөнгө хэрэгтэй, мөнгө хэрэгтэй бол гадаадын тусгай албад уургалаад авна. Эсвэл мөнгөний их шунал нь гадаадын тусгай албадын хоол болно. Мөнгөөр юуг ч бүтээнэ. Ингээд гадаадын тусгай албаны мөнгөнд дөрлөгдсөн 5-р цувааны нэг дайчин гараад ирэх нь тэр. Хэзээд бэлэн зэлэн зэхээстэй байж байх учиртай цуваа”.

Харамсалтай нь, гадаадын тусгай албадын мөнгөнд дөрлөгдсөн тавдугаар цувааныхан Монголд хэдийнэ бий болсныг, тэд айж ичихээ байсныг, ардчилалд илэрхий заналхийлж  буйг өчигдрийн үйл явдал нотлон харуулав.

Уг нь Ардчилсан намын гишүүд “Монголоо Беларусь болгохгүй” гэж л жагссан юм. Зорилго нь  Монголыг Путины утсан хүүхэлдэй, И.К.Азизовын дуулгавартай зарц болгохгүйн тулд.  Авчиг АН-ын акц үндэсний үзэлтнүүдэд таалагдсангүй. Уурласан “эх орончид” үнэндээ улаан Оросын улаан коммунистууд шиг л авирлаж байна. Жишээ нь, “Дэлхийн Монгол ногоон нэгдэл” төрийн бус байгууллагын тэргүүн Х.Бээжин гэгч Төрийн соёрхолт Д.Сосорбарамын нүүр рүү нунтаг бодис цацсан шалтгаанаа тайлбарлахдаа “Монгол Оросгүйгээр оршин тогтнохгүй” гэжээ.  Түүн шиг ахархан бодолтой, түүхээ мэддэггүй төөрсөн “сармагчид” Монголд хэчнээн байгаа бол. Энэ л монголчуудын гол айдас. Путиныг аав, ээжээсээ ч илүү тахин шүтсэн улаан оросууд, тэдний троллууд Монголын олон нийтийн сүлжээнд язганаж байна шүү дээ. Орос улс нь Монголын хөрш болохоос “ах дүү”, авралт эзэн чинь биш шүү дээ. Зөвлөлтийн ухуулга, сурталаар толгойгоо угаалгасан өвөө эмээ нар  нь байг гэхэд ардчиллын үед төрж, өссөн залуучууд нь хүртэл Оросын улаан хамгаалагч болчихсон яваа нь бүр ханиадам.

Үнэнийг хэлэхэд энэ мэт алтан ембүүгээр ардчилал, хүний эрх, эрх чөлөө, тусгаар тогтнолоо худалдахаас сийхгүй “эх орончид” экс Ерөнхийлөгч Х.Баттулга, Гадаад харилцааны сайд асан Л.Эрдэнэчудуун нараас эхлээд босоо, хэвтээ хөхдөгүүд гээд цөөнгүй. Ямар эх орондоо хайртай хүн ялалтын баяраар шалтаглан Оросын дайн, цуст яргаллыг дэмжээд цэцэг өргөөд явж байх вэ дээ. Муу эр л дайнд хөөрдөг.

Ямар эх орондоо хайртай “эх орончид” ардчилал, хүний эрх, эрх чөлөө, үүх түүх, үндэсний аюулгүй байдал руугаа “шороо” цацаад зогсч байх билээ.  Тэгэхээр Москвад цаазлагдсан Монголын Ерөнхий сайд нарын хүндэтгэлийг үймүүлэх нь хэний, хаанаас шидсэн чулуу болох нь тэнэг хүнд ч ойлгомжтой. Э.Бат-Үүл болохоор Х.Баттулга, И.К.Азизов нарын даалгавар гэсэн байна лээ. Үнэн ч байх, өөрсдөө хэлсэн үгээрээ үйлдлээ нотолчихсон л доо.

Ямар мундаг дипломатч хүн эх орныхоо эрх ашгийг уландаа гишгэн эфирт хуурай агсамнаад сууж байх вэ дээ. Бүр улсаа Шанхайн ломбардад тавихын тулд Гадаад харилцааны сайд асан Л.Эрдэнэчулуун иргэдээ Путинаар айлгаад, турхираад сууж байна.  Энэ мэт Путины тавдугаар цувааныхан өнөөдөр ил цагаандаа гарсан нь нэг талаар сайн, нөгөө талаар муу. Өөрөөр хэлбэл, Оросын гар хөлүүд идэвжихийн хэрээр Монгол Улсын эв нэгдэл чухлаар хөндөгдөж байна л гэсэн үг.

 Үндсэндээ, энэ явдал иргэн Д.Сосорбарамыг доромжлох биш Монголын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдалд халдсан, үүх, түүх рүүгээ нулимсан үйлдэл байв. ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү “гурил цацсан эсэхэд шалгалт хийж байна” гэсэн л байна лээ. Шалгасан нэртэй, суллачихдаг нь гэм биш зан хойно доо, цагдаагаас түрэмгийлэгчдэд ямар нэгэн арга хэмжээ авна гэдэг юу л бол Тэгээд ч Монголын цагдаа И.К.Азизовын бууны ноход болцгоочихсон, дайныг эсэргүүцэгч иргэдтэйгээ нэг өөр, дайныг дэмжигч оросуудтай тэс өөр харилцаж байгааг нь харвал шүү дээ. Тэгээд ч энэ удаад гурил, дараагийн удаад шатах, түлэх аюултай химийн бодис байвал яана.  Энэ удаад Д.Сосорбарам руу, дараагийн удаад Ерөнхий сайд, Ерөнхийлөгч рүү халдаж, довтолбол яах вэ. Бодох л асуудал.

Нөгөө талаас монгол дээл өмсөхөөр монгол хүн болчихдог юм биш ээ.  Эх оронч гэж өөрийгөө пиардсан болгон эх оронч байдаггүйг экс Ерөнхийлөгч өнгөрсөн хугацаанд үг, үйлдлээрээ хангалттай харуулсан. “Монгол ялна” гээд яалаа. Магадгүй үүнээс нь болоод өнөөдөр  эх оронч гэх үг адгийн шаар, хулгайч, луйварчин гэж сонсогддог болж.

Оросын Элчин сайд И.К.Азизовын удаа дараагийн түрэмгий хандлагаас харахад Э.Бат-Үүлийн сануулгыг анхааралгүй орхичих асуудал биш.  Хоёр их гүрний дунд, урдаа цар тахал, хойноо дайн байлдаантай Монгол Улс элдэв янзын иргэний хөдөлгөөнийхөн, сумтай, юмтай “эх оронч”-дынхоо гайгаар хөмөрсөн тогоондоо үлдэх эрсдэлтэй байгаа нь бүр үнэн. Тэгэхээр монголыг монголтой нь хэрэлдүүлж, монголыг монголтой нь зодолдуулж, урвагчдыг нь урхидаж, авлигадаж байгаад утсан хүүхэлдэйгээ болгох сонирхолтой Москвагийн төслүүдийг нам зогсоох ёстой.

Үндсэндээ эрх чөлөөгөө тавьж тууснаас эдийн засгийн хямралд нэрвэгдсэн нь илүү дээр.  Үүх түүхээ мэдэхгүй, “үндсэрхэг” үзэлтнүүдээс өнөөдөр үндэсний аюулгүй байдлаа хамгаалах цаг ирсэн байна. Учир нь, хээрийн боохойтой нийлсэн гэрийн нохой бүр илүү аюултай гэдэг.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
306
ТэнэглэлТэнэглэл
82
ЗөвЗөв
5
ХахаХаха
3
ХөөрхөнХөөрхөн
2
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж