"Бусадтай цуглуулгаа хуваалцах нь надад кайфтай санагддаг"

Хуучирсан мэдээ: 2022.05.12-нд нийтлэгдсэн

"Бусадтай цуглуулгаа хуваалцах нь надад кайфтай санагддаг"

"Бусадтай цуглуулгаа хуваалцах нь надад кайфтай санагддаг"

"Хөгжим бол амьдралын баяр баясгалан. Хөгжимгүй бол амьдрал утгагүй" хэмээн өгүүлэх түүний амьдралыг хөгжимгүйгээр төсөөлшгүй. Энэ хүн бол шог зургийн сор болсон уран бүтээлчдийн нэг, Соёлын гавьяат зүтгэлтэн, шог зураач С.Цогтбаяр билээ. Тэрбээр 1976 оноос хойш өдийг хүртэл 40 гаруй жил пянз цуглуулж буй. "Их хотын соёл" уриатай пянз хөгжим сонирхогчдын дунд томоохон арга хэмжээ зохион байгуулахаар тун завгүй яваа түүнтэй ярилцсанаа хүргэе. 


-Таныг хөгжмийн ертөнцийн хамгийн “баян” цуглуулагч гэдгийг хүмүүс мэднэ. Байнгын эрэл хайгуул хийдэг өөрийгөө археологич, палентологичтой зүйрлэсэн байсан. Эрэл хайгуулаа хийсээр л байна уу?

-Монголд энэ байтугай баян цуглуулгатай хүн олон бий. Гэхдээ зарим нь зөвхөн өөртөө хадгалж цуглуулдаг бол нөгөө хэсэг нь бусадтайгаа хуваалцахыг хичээдэг. Би магадгүй цуглуулгаа хуваалцахыг хичээдэг цуглуулагчийн тоонд орох байх. Бусадтай цуглуулгаа хуваалцах нь надад кайфтай санагддаг. Тэр утгаараа хүмүүс миний цуглуулгыг мэддэг болсон байх.

Тэрнээс биш зоос, эртний эдлэл, авдар, бурхан тахил, уран зураг гээд Монголоор дүүрэн цуглуулагч байна. Би цуглуулгыг зөв дадал гэдэг үүднээс бусдад түгээхийг эрмэлздэг. Энэ ярилцлагыг маань уншаад нэг ч гэсэн залуу хүн урлаг, соёлын ач холбогдлыг ойлгож, эцэг эхчүүд багаасаа үр хүүхдээ дэмжин цуглуулгатай болгож, хөгжиж байвал миний ажлын үр дүн юм.

-Пянзаа хэзээнээс цуглуулж эхэлсэн юм бэ. Ховор пянз бол чамгүй үнэтэй байдаг, цуглуулгадаа мөнгө багагүй зарцуулдаг уу?

-1976 оноос. Манай аав надад пянз тоглуулагч худалдаж авч өгснөөс хойш 40 гаруй жил өнгөрсөн байна. “Би хэрвээ ямар нэгэн юм цуглуулж эхлээгүй, тэрнийхээ тухай мэдэхийг эрмэлздэггүй байсан бол” гэх асуултыг өөртөө дандаа тавьдаг. Тэгвэл би тэс өөр хүн болох байсан байх.

Энэ бүхэн намайг нээж, хөгжүүлж, сайнаар нөлөөлсөн учраас цуглуулга нь хадгалахаас гадна маш их ач холбогдолтой. Улс орныхоо түүхэн холбогдолтой соёл урлагийн бүтээлүүдийг худалдан авч хадгалж буй том хөрөнгө оруулалт ч гэж хэлж болно. Жишээ нь, дэлхийн томоохон галерейн үзмэрүүд  бүгд хувь цуглуулагчдын бүтээлүүд байдаг. Монголчуудын хувьд нүүдэлчин ард түмний амьдралын хэв маягаас болоод энэ дадал бага байжээ. Бид саяхан л социализмын нийгэмд амьдарч байсан мөртлөө тэр үед хэрэглэж байсан эд зүйл, соёлын бүтээгдэхүүн одоо ховор болчихсон.

Одоо 1960, 1970 оны “Үл мэдэх”-ийн сайн хэвлэлттэй ном хүртэл олдохгүй. Тухайн цаг үедээ хэдэн мянган удаа хэвлэгдэж байсан бол одоо бүгд устгагдсан. Тэрийг соёлын зүйл, хадгалах ёстой гэж үздэггүй, боломжгүй байсан хэрэг. Гэтэл 1990-ээд оноос хойш энэ бүхнийг хадгалж, хамгаалдаг дадалтай болж, маш олон цуглуулагчтай болсон байна.

-Тэгвэл соёлын өв тээгчид гэдэг шиг цуглуулагчид чинь “соёл хадгалагчид” болох нь ээ?

-Тэгж харж болно. Ер нь шуналтай хүмүүс гэвэл өрөөсгөл.  Харин ч өөрийн сонирхол хобби, дадалтай, тэрнээсээ таашаал авч, бусдад соёлыг түгээж байна гэсэн үг. Гадаадад маш олон төрлийн цуглуулагч бий. Тэр дадал хэвшил монголчууд руу орж ирж байна. Бидний өнөөгийн нийгэмдээ хэрэглэж буй эд зүйлс эргээд 50, 100 жилийн дараа түүх болж үлдэнэ. Тийм учраас орчин цагт хадгалагдаж үлдсэн эд зүйлс нь цуглуулгын ач холбогдол юм.

Пянз бол урлагт хүмүүсийг дурлуулдаг. Мөн гоо зүйн боловсролыг өгч, хүмүүсийн хандлагад эерэгээр нөлөөлдөг. Ялангуяа дэлхийн хөгжим буюу орчин үеийн рок поп хөгжим. Монголчууд 1990-ээд оноос хойш гадаад улс руу чөлөөтэй явдаг болсон. Би анх 1990-ээд онд Англи улсад очиж байхад надад соёлын шок байхгүй байсан. Бүх зүйлс миний сонсч байсан дуу хөгжимд өгүүлдэг байсан. Би өөрөө аль хэдийнэ 1970 хэдэн онд тэр дуу хөгжмийг сонсч, даяаршсан байснаа мэдээгүй байсан. Тэгэхээр хөгжим надад даяаршлыг өгч, нөлөөлсөн байна. Хөгжмийг ойлгон сонсч, дурладаг соёлыг хүмүүст түгээмээр байна. Ялангуяа амьд хөгжим буюу анологи гэдэг утгаараа пянз бол тэс өөр. Дэлхий даяараа чанартай тоглолтыг эрхэмлэсэн соёл сэргэж байна.

Амьдралаа эргэн харахад хөгжим бол миний амьдралд маш том баланс болсон. Уурлаж уцаарлах, гуниж гутрахад намайг татаж байсан. Тиймээс хөгжим бол амьралын баяр баясгалан. Хөгжимгүй бол амьдрал утгагүй.

-Тиймээс хөгжим сонирхогчдын дунд хамгийн том арга хэмжээг зохион байгуулахаар завгүй яваа гэж дуулсан?

-Эрх чөлөөний талбайн дэргэдэх “MN Tower”-ийн дөрвөн давхарт байрлах “MN Gallery”-д энэ сарын 13-15 өдрүүдэд гурав хоног үргэлжлэх "UB Record Fair-2022 пянз хөгжмийн яармаг наадам зохион байгуулах гэж байна. Энэ арга хэмжээ дэлхийн олон хотод болдог. Монголд хоёр жилийн өмнө анхны арга хэмжээг зохион байгуулж байлаа. Тэрнээс хойш хотод 10 орчим пянзны дэлгүүр үүд хаалгаа нээж, 30 гаруй хамтлаг дуучид пянз гаргалаа. Цар тахлын дараа энэ жил арга хэмжээгээ үргэлжлүүлэн зохион байгуулах гэж байна.

 Уг арга хэмжээнд зөвхөн пянз гэлтгүй долгион нэгтэй ном, кофений соёл, хувиараа хөгжмийн бизнес эрхлэгч аж ахуй нэгжүүдийн төлөөлөл зэрэг бүх хобби нэг дор цугларна. Нүднийх нь гал асч, баярлаж хөөрсөн хүмүүстэй хамт гурван өдрийг өнгөрүүлнэ гэж бодохоор тэсч ядаж байна. Одоогийн нийгэмд хамгийн их хэрэгтэй байгаа арт терапи хийх гэж байна.

-Зарим хүн олон жил цуглуулсан цуглуулгаараа дэлгүүр, музей нээдэг. Таны хувьд цуглуулгаа хэрхэн баяжуулж байна?

-Эхнээсээ дэлгүүр, музей байгуулсан хүмүүс байгаа. Миний хувьд цуглуулгын арилжаа гэхээс илүү энэ соёлыг түгээж, орчин үеийн хөгжмийн бүрэн сэт цуглуулгыг олж цуглуулахыг эрмэлздэг. Дараа нь тэрийг социологийн судалгаанд ч ашиглаж болно. Яг социализмын үеийн монголчууд ямар дуу хөгжим сонсч байсан юм бэ. Яагаад энийг заавал сонсч байсан бэ гэхээр итали дуу их сонсдог байсан.

Дэлхийн бусад оронд итали дууг сонсдоггүй байхад монголчууд сонсч байсан гэхээр социалист системийн орнууд дунд илүү мода болж байсан жишээтэй. Тийм учраас тэр үед сонсч байсан дуунуудыг хуучин лэбилүүдээр олж цуглуулахыг зорьдог.

Мөн гадаад улсад гарсан монгол дуу, хөгжмөө цуглуулна. Жишээлбэл, Японд 1970-аад онд хэвлэгдсэн Н.Норовбанзад агсны пянз тун ховор. Тэр бүхнийг олж, цуглуулах ёстой. Одоо бол шинэ залуу дуучдын пянз олноор гарч байна.

-Дуу хөгжим, тухайн цаг үеэ илэрхийлдэг гэдэг. Тэгэхээр өнөөгийн нийгмийг ямар дуу хөгжим илэрхийлж байна вэ?

-Дуу хөгжим дотроо үзэл бодлоо илэрхийлсэн төрлүүд бий. Жишээлбэл, Боб диланы дууны шүлэг Нобелийн шагнал хүртсэн шүү дээ. Бас зарим нь амьдралын баяр баягалан, амар тайванг илэрхийлж байна. Манайд ийм төрлийн дуу гэвэл “Хонх” хамтлагийн дуу юм. Тэд 1990 онд уул уурхай, эзэн Чингис хаан, хэлмэгдүүлэлтийг дуулж байсан. Одоо хип хоп залуу уран бүтээлчид нийгэмд идэвхтэй байна шүү дээ.

-Та улс төр, нийгмийн үйл явдлыг шог зургаар илэрхийлж, шүүмжилдэг. Шог зураачийг нийгмийн тоншуул ч гэдэг. Энэ нийгмээс та юуг нь зургаараа “тоншмоор” байна вэ?

-Миний шог зургийн нэг төрөл нь улс төр, нийгмийн шог зураг. Сэтгүүл зүйн том төрөл л дөө. Дэлхийн томоохон хэвлэлүүд бүгд нэртэй артисттай байдаг, жишиг бүхий урлаг юм. Би сошиал платформоор дамжуулан үзэгчдэд бүтээлээ хүргэдэг. Би сэтгэж л чадах юм бол олон нийтийн сүлжээгээр олон хүнд зэрэг хүргэх боломжтой.

Би “Тоншуул” сэтгүүлд ажилладаг байхад 30 хоногийн дараа уншигчдад хүрдэг байсан бол өнөө цагт гуравхан минут шаардаж байна. Энэ бол хувьсгалын шинж чанартай өөрчлөлт. Аль ч нийгэмд дутуу дулимаг талууд бий. Мэдээж, энэ цаг үе төгс нийгэм биш.

Бидний үнэт зүйл бол оюун санааны эрх чөлөө, тусгаар тогтнол. Үүний төлөө насан туршдаа тэмцсээр байх болно.

-Ардчилал гэснээс ардчилсан хувьсгалчдын төлөөлөл Д.Сосорбарам мэдээлэл хийх үеэр түүн рүү гурил цацсан. Таны хувьд эмзэглэж хүлээж авах шиг болсон?

-Нэг талаасаа хүн үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, жагсах эрхээ эдэлж байсан жагсаал. Мэдээж үүний эсрэг бодолтой иргэд байж болно. Гэхдээ эсрэг бодолтой иргэд гадаадын Элчин сайдын яамны зорилгод ашиглагдаж буй нь өөрөө буруу. Үүнийг хэзээ ч зөвшөөрч болохгүй.

Гурил цацсан гэж байна. Өөр бодис ч байж болно шүү дээ. Хүмүүс янз бүрийн үзэл бодолтой байхыг эрх чөлөөт нийгмийг бид сонгосон. Д.Сосорбарам их омголон хүн. Тэгсэн ч хүлээцтэй хандаж, тайван байсан. Би өмнөөс нь бухимдаж суулаа.

Гэрэл зургийг Л.ЭНХ-ОРГИЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж