Цар тахлын тархалт, халдварын тоо буурч нислэгийн үйл ажиллагаа хэвийн горимд шилжиж байгаатай холбогдуулан БНСУ-ын Цагаачлалын албанаас мэдэгдэл гаргажээ. Тодруулбал, 2022 оны тавдугаар сарын 11-нээс эхлэн хилээр гарах, оршин суух хугацааг сунгах зөвшөөрлийн журамд дараах өөрчлөлт оруулсан байна.
Бүртгэлтэй гадаад иргэдийн хувьд явах нислэг, хөлөг онгоц байхгүй үед эсвэл осол, өвчин болон бусад зайлшгүй шалтгааны улмаас хилээр гарах боломжгүй болсон тохиолдолд, мөн тус улсад зорьж ирсэн ажлаа дуусгаад дотооддоо аяллын зорилгоор түр хугацаанд оршин суухыг хүсэх тохиолдолд оршин суух зөвшөөрлийг сунгах аж.
Харин богино хугацаагаар оршин сууж байгаа гадаад иргэдийн тухайд явах нислэг байхгүй болон бусад зайлшгүй шалтгааны улмаас тус улсаас гарах боломжгүй нөхцөл үүссэн тохиолдолд зөвшөөрлийг сунгах хугацаа 30 хүртэл хоног байхаар өөрчлөлт оруулжээ.
Хэрэв өмнө нь хилээр гарах хугацааг сунгаж байсан тохиолдолд Гадаадын иргэн харьяатын албанд очиж хугацааг сунгах хүсэлт гаргах боломжтой бөгөөд холбогдох эрх бүхий байгууллагаас бичиг баримтыг шалгасны дараа оршин суух хугацааг сунгах эсэхийг шийдвэрлэх аж. Бүрдүүлэх бичиг баримт нь буцах нислэгийн тийз болон шалтгаанаа тайлбарласан бичиг байх юм. Тодруулбал, шалтгааныг нотлох бичиг баримт, эмнэлгийн тодорхойлолт, оршин суугаа газрын тодорхойлолт зэргийг харгалзаж оршин суух хугацаагаа зайлшгүй тохиолдолд сунгах боломжтойг мэдэгджээ.
Холбоотой мэдээ