CU конвиниенс дэлгүүр нь 21 нас хүрээгүй хүүхэд, залууст электрон тамхи, утаат тамхи болон согтууруулах ундааг худалдан борлуулдаггүй.
Бид дээрх үйлчилгээний хяналтаа сайжруулах зорилгоор “21 нас хүрснээ нотлох бичиг баримтаа шалгуулаагүй үйлчлүүлэгчдэд электрон тамхи, утаат тамхи болон согтууруулах ундааг худалдахгүй байх” зохицуулалтыг үйлчилгээний стандартдаа нэвтрүүлэн өнөөдрөөс нийт 200 салбар дэлгүүртээ хэрэгжүүлж эхэллээ.
Иймд үйлчлүүлэгч та бүхэн CU конвиниенс дэлгүүрээс электрон тамхи, утаат тамхи болон согтууруулах ундаа худалдан авахдаа иргэний үнэмлэх болон түүнтэй адилтгах бичиг баримтаа манай ажилтанд шалгуулж үйлчлүүлнэ үү.
Үйлчлүүлэгч та бичиг баримтаа шалгуулж хэвшсэнээр хүүхэд залуусын эрүүл мэндийг хамгаалах, дэлхийн жишигт хүрсэн соёлтой нийгмийг бүтээх чухал үйл хэрэгт өөрийн хувь нэмрээ оруулах юм.
CU конвиниенс дэлгүүрийн зүгээс Монголын сүлжээ дэлгүүрүүд, хүнсний дэлгүүр, ТҮЦ-ийн үйлчилгээ эрхлэгчдэд хандан “21 нас хүрснээ нотлох бичиг баримтаа шалгуулаагүй үйлчлүүлэгчдэд электрон тамхи, утаат тамхи болон согтууруулах ундааг худалдахгүй байх” зохицуулалтыг үйлчилгээний стандартдаа хэвшүүлэхийг уриалж байна.
“Тамхины хяналтын тухай” хуульд ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн болон дотуур байраас 500 метрийн дотор тамхи худалдахыг хориглосон зохицуулалт хийсэн нь бодит амьдралд сөрөг үр дагаврыг бий болгож, утаат тамхийг зөвшөөрөлгүйгээр, нууцаар далд худалдах орчныг үүсгэн, улмаар хүүхэд залуус тамхийг чөлөөтэй худалдан авах нөхцөлийг бүрдүүлж байна.
Иймд утаат болон электрон тамхийг өндөр хяналттай, хариуцлагатай худалдааны цэгүүдэд байршлаас үл хамааран худалдах, тамхины хяналттай холбоотой хууль зөрчсөн этгээдэд оногдуулах торгуулийн хэмжээг үлэмж нэмж хариуцлагыг өндөрсгөх замаар тамхины хууль бус далд худалдааг арилгах бодлогыг баримтлан ажиллахыг төрийн бодлого тодорхойлогчдод уриалж байна.
CU брэнд хүүхэд залуусын эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр төрийн дээд шатны байгууллагуудаас авч хэрэгжүүлж буй бодлогыг сайшаан хүлээн авч байгаа бөгөөд цаашид уг чиглэлээр авч хэрэгжүүлэх бодлогыг бүрэн дэмжин ажиллах болно.
Холбоотой мэдээ