Монголын төрд өөрийн гэсэн “толгой” байна уу? Энэ асуултыг эрх баригчдаас, бодлого тодорхойлогчдоос асуумаар байна. “Яс юм” хийнэ гэж хэзээ ч үгүй. Үргэлж эргэж буцсан шийдвэр гаргаж, иргэддээ төвөг удах нь их юм.
УИХ системийн нөлөө бүхий таван банкийг долдугаар сарын 1-ний дотор олон нийтэд нээлттэй хувьцаат компани болгох хууль нэгэнт баталсан. Тус хуулийг өнөөдөр өөрчилж, банкуудын IPO гаргах хугацааг сунгана гэж ярьж сууна. Үүнийг УИХ-ын гишүүд бодит амьдралаас хол, тодорхой мэдээлэлгүйгээр, ямар ч судалгаагүйгээр асуудалд хандаж, нүдээ аньж байгаад кноп дарж, хууль батладгийн үр дүн гэхээс өөр юу гэж ойлгох билээ.
Хэн ч билээ дээ, УИХ-д эдийн засаг ойлгодог гишүүн алга аа гээд чуулганы индэр дээрээс “хашгирна” лээ. Үнэн л дээ. Талхны үнээ мэдэхгүй, НӨАТ-ын мөнгөөр иргэдээ амьдруулж байгаа эрхэм гишүүдэд эдийн засаг ойлгох ухаан, сэтгэл дутаж байгаа биз. Аягүй бол IPO гэж юуг хэлээд байна вэ гэж асуувал хариулж чадахгүй төрийн түшээ олон байж мэдэх л юм.
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны энэ сарын 3-ны өдрийн 5 дугаар тогтоолоор системд нөлөө бүхий банкуудыг нээлттэй хувьцаат компанийн хэлбэрт шилжүүлэх хугацааг сунгах саналыг Ерөнхий сайдад хүргүүлсэн нь шүүмжлэл дагуулсаар байна.
Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайханы мэдээлснээр, Голомт, Хаан банкууд бүтцийн өөрчлөлт хийх санал, материалаа өгсөн бөгөөд Монголбанк, Санхүүгийн зохицуулах хорооны хамтарсан журмын дагуу хянаж буй ажээ.
Өөрөөр хэлбэл, системд нөлөө бүхий таван банкнаас ХААН, Голомт банкууд IPO гаргахад бэлэн болсон гэсэн үг. Тодорхой хөрөнгө мөнгөө зараад, банкны хувьцаа эзэмшихээр хүлээж буй иргэд IPO гаргах хугацааг сунгаж буйд бухимдаж байгаагаа илэрхийлсээр байна.
Зарим эдийн засагчид Монголын банк, санхүүгийн салбарын болон хөрөнгийн зах зээлийн хөгжлийн түүхэнд цагаан мөр үлдээх үү, хар толбо үүсгэх үү гэдэг эргэлзээтэй шийдвэрийн өмнө ирээд байгааг онцолсон. Системийн таван том банкны IPO-гийн 600-700 тэрбум төгрөгийг Монголын хөрөнгийн зах зээл шингээхгүй, ард иргэдээс тийм их хэмжээний мөнгө гарахгүй гэж “доромжлох” ч улстөрчид байгаа нь харамсалтай.
ОУВС-гийн Монгол Улс дахь Суурин төлөөлөгч ноён Юн Сок Хён “Монгол Улсын Их Хурлаас тогтоож өгсөн хугацаанд багтааж хэд хэдэн нарийн төвөгтэй шинэчлэлийн ажлыг хэрэгжүүлэх шаардлагатай болсон нь цаг хугацааны хувьд хэт давчуу байна. Стратегийг амжилттай хэрэгжүүлэхийн тулд эдгээр арга хэмжээнүүдийг шат дараатайгаар хэрэгжүүлэх шаардлагатай” гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлсэн.
Мөн тэрбээр “Банкуудын хувьцааг нийтэд санал болгох хугацааг хойшлуулах нь зүйтэй. Энэ хооронд Монголбанк хөндлөнгийн этгээдээр гүйцэтгүүлсэн активын чанарын үнэлгээн дээр үндэслэн, банкуудын тайлан тэнцэлд дүн шинжилгээ хийх боломжтой болно. Монгол Улсын хөрөнгийн жижиг зах зээл дээр томоохон IPO хийгдсэн түүх одоогоор байхгүй.
Иймд банкуудын IPO хийх хугацааг хойшлуулснаар түүнийг амжилттай хийхэд шаардлагатай урьдчилсан нөхцлийг хангана. Үүний зэрэгцээ нөөц төлөвлөгөө боловсруулж авах боломж бүрдэнэ. Зохицуулалтын шинэчлэл хийх, тухайлбал төлбөрийн чадваргүйдлийн болон зээлдүүлэгчийн эрх ашгийг хамгаалах тогтолцоог хуулиар бүрдүүлэх хугацаа гарч, чанаргүй зээлийг шийдвэрлэхэд шаардлагатай нөхцлүүд бүрдэнэ” гэж хэлсэн.
Гаднын туршлагатай шинжээчдийн өгсөн санал, дүгнэлт, анхааруулгыг бодлого, шийдвэртээ тусгалгүй л яах вэ. Гэхдээ гэнэт ОУВС-гийн зөвлөгөөг дагахаар болж буйгаас харахад эрх баригчдын нэг "алдаа"-г нөгөөгөөр залруулдаг арга барил тодроод байх шиг.
Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн банкууд хуулийн дагуу IPO хийх төлөвлөгөөгөө төв банкинд ирүүлснийг дуулгав.
Тэрбээр “Системд нөлөө бүхий банкууд хувьцаагаа анхдагч зах зээлд олон нийтэд нээлттэй гаргах хуулийн хугацааг сунгаснаар хөрөнгийн зах зээлд хүндрэл үүсэхээс сэргийлнэ. Мөн олон улсын нөхцөл байдлаас шалтгаалж, эдийн засгийн нөхцөл байдал амаргүй байна. Энэ хугацаанд банкуудын активын чанарын үнэлгээг дахин хийж, үнэлгээний үр дүнг банкуудын санхүүгийн тайланд тусгах арга хэмжээ авч хэрэгжүүлэх нь зүйтэй. Сунгагдах хугацаа бол нээлттэй хувьцаат компанид шилжээд дуусах сүүлийн хугацааг заана. Түүнээс хойшлуулж байгаа хугацаа биш” гэж тайлбарласан юм.
Олон улсын валютын сангийн ажлын хэсэг хэд хоног Монголд ажиллаад, Монголын нөлөө бүхий таван банкны IPO гаргах хугацааг хойшлуулахыг санал болгосон. Түүнийг эрх баригчид үг дуугүй хүлээн авч, хуулиа өөрчилж буй нь олон хардлага, шүүмжлэл дагуулж буйг энд дахин "фокуслая".
Уг нь эдийн засагчид системд нөлөө бүхий банкууд нэгэн зэрэг бус, ганц нэгээрээ ч болов ээлжлээд IPO гаргаж болох гарц гаргалгааг хэлсээр байгаа юм. Үнэхээр л хөрөнгийн зах зээл "хэт хална" гэж үзэж буй бол үүнийг яагаад бодолцож үзэхгүй байна вэ гэдэг бас л сонин.
Эрх баригчид дөрлүүлсэн бух мэт, юунд барьцаалагдаж, ОУВС-гийн ажлын хэсгийн саналаар хөдөлж, банкуудын IPO гаргах хугацааг сунгахаар хуулиндаа гар дүрнэ вэ гэж иргэд асууж байна. Бие даасан улс байж дотооддоо шийдвэрээ гаргаж чадахгүй, гаднаас хараат байгаагийн цаад шалтгаан юунд байна вэ?
Одоо Дэлхийн банк, Азийн хөгжлийн банкнаас ч юм уу хэдэн төлөөлөгч ирээд “Монгол Улс дампуурлаа, зарла” гэвэл бас л хүлцэнгүйгээр дагах уу, эрх баригчид аа! Хэзээ та бүхэн урд, хождыг харж, эргэж буцсан шийдвэр гаргахгүй ажиллаж чадах юм бэ?
Холбоотой мэдээ