Э.Бат-Үүл: Монгол дахиж колончлогдохгүй

Хуучирсан мэдээ: 2022.05.12-нд нийтлэгдсэн

Э.Бат-Үүл: Монгол дахиж колончлогдохгүй

Ардчилсан намаас өнөөдөр /2022.05.12/ мэдээлэл хийлээ. Тус намын гишүүд өчигдөр "Монголоо Беларусь болгохгүй" жагсаалыг зохион байгуулах үеэр  "Дэлхийн Монго ногоон нэгдэл” ТББ-ын тэргүүн Х.Бээжин Төрийн соёрхолт Д.Сосорбарам руу халдаж, нунтаг цагаан бодис цацсан нь нийгэмд ихээхэн шүүмжлэл дагуулаад байгаа билээ.


Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр:

-Ардчилсан намын Удирдах зөвлөл хуралдаад гурван асуудлаар байр сууриа илэрхийлэх нь зөв гэж шийдсэн.

Нэгдүгээрт, Монгол Улсын Ерөнхийлөгчид хандаж санал солилцох хүсэлт тавина. Ерөнхийлөгч бол Монгол Улсаа зүрхэндээ багтааж харах ёстой цорын ганц албан тушаалтан. Ерөнхийлөгч ардчилсан Үндсэн хуульдаа үнэнч байна гэж тангараг өргөсөн. Ардчилсан Үндсэн хуулийн цаана Монгол Улс байдаг учир Ардчилсан намын  хүсэлтийг хүлээж авч, албан ёсоор уулзана гэдэгт итгэлтэй байна.  Засгийн газар улс төрийн галаа намжааж чадахгүй байгаа учраас Монголын ирээдүйг том зургаар харж чадахаа больсон байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Үндсэн хууль, ёс суртахууны үүргийн хувьд хариуцлага хүлээнэ гэж найдаж байна.

Хоёрдугаарт: Ардчилсан Үндсэн хуулийн хүрээнд Улс Дээд шүүх хэнээс ч хараат бус  эрх мэдэлтэй болсон.  Үндсэн хууль болон бусад хуульд Дээд шүүх захирагдах үүрэгтэй. 2017 онд Ардчилсан намын үзэл баримтлалыг бүртгэж баталсан. Баталсан үзэл баримтлалын дагуу ардчилсан засаглалтай, хувь хүний үзэл баримтлалыг дээдэлсэн парламентын засаглалд тууштай байна гэж зарласан. Гэтэл энэ үнэт зүйлийн эсрэг үйл ажиллагаа явуулж ирсэн хүний эсрэг хатуу байр суурьтай зогсох ёстой. Өнгөрсөн гуравдугаар сарын 31-нд баталсан дүрмийн дагуу Ардчилсан нам шинэчлэлт, өөрчлөлт хийж байгаа. Тиймээс УДШ хууль ёсны  Ардчилсан намын эсрэг явж байгаа хууль бус хүмүүст зориулсан үйл ажиллагаа хийхгүй байх гэж найдаж байна.

Гуравдугаарт: Ардчилсан нам үндэсний ухамсар, үндэсний эрх чөлөөгөө хамгаалах үзэл баримтлалтай нам.  Нэгэн цагт Монгол Улс улс орноо, удирдагчдаа хэлмэгдүүлэлт рүү түлхэж хаясан. Энэ гашуун сургамж дээр үндэслэн 1990 онд ардчилсан хувьсгалыг  Ардчилсан нам Монголд авчирсан. Тусгаар Монгол байж аливаа асуудлыг шийддэг байхын тулд  ардчиллын үнэт зүйлсийг  Үндсэн хуульд суулгаж өгсөн юм. Тиймээс Ардчилсан намын зүгээс гишүүддээ хандан үнэт зүйл, үзэл баримтлал дээрээ нэгдье гэж уриалж байна. Бидний эргэн тойронд зэр зэвсгийн болоод, оюун санааны гэсэн хоёр хүчин зэрэгцэн оршиж байгаа ч алсдаа оюун санааны хүчин дийлнэ гэдэгт итгэдэг. Тийм учир нийт гишүүдэд хандаж үнэт зүйл оюун санааны хүчинд нэгдье гэж уриалж байна.

Ардчилсан намын гишүүн Д.Сосорбарам:

-Миний бие 2010 оны арванхоёрдугаар сарын 6-нд "Монгол социалист систем, коммунист нөлөө, фашист хяналттай болчихсон байна. Миний нам улаан социалист болчихсон юм байна" гэж хэлж байсан. Ингэж хэлээд хаяж гарч байсан. Өчигдрийн үйл явдал өчигдөртэйгөө дуусаг. Одоо яг юу хэлэх гэсэн бэ гэвэл би энэ намд эргэж ирж байна. Эргэж ирэхдээ би дүү нараа урьж байна. Эргэж ирсэн шалтгаан бол энэ намд байгаа залуучуудыг энэ тогтолцоог өөрчлөөсэй гэсэн санааг агуулж байгаа юм. Хувийн өмчид тулгуурласан, хувь хүний эрхийг дээдэлсэн эрх чөлөөт капиталист тогтолцоог бий болгоё дүү нар минь. Эрх чөлөөний энэ гэртээ одоо хурдан ир ах нь хань больё. Хэрэв шүүмжилмээр байвал биднийг хөөгөөд өөрсдийнхөө юмыг хий. Хийхдээ төрд нэг ч өмч байхгүйгээр бүгдийг нь эрэмбэ дараатай цэгцтэй хувьчлаад Үндсэн хуулийн аргаар цэгцлээд явцгаая. Үндсэн хууль бол төрийн эрх ямбанаас ард иргэдээ хамгаалах жам ёсны үндэс юм. Өнөөдрөөс эхлээд би насан эцэс хүртлээ энэ үзэл санаатай хамт байна гэж хэлэхээр ирсэн.

Нийслэлийн Ардчилсан намын дарга Э.Бат-Үүл:

-Намдаа иргэн ирж байгаа Д.Сосорбарамдаа баярлалаа, цагаа олж ирлээ гэж бодож байна. Намын залуучууд болон төөрөлдөж яваа гишүүддээ хандаж бүгдээрээ эргэж ирээрэй гэж уриалж байна. Сүүлийн сар орчим хугацаанд Монгол Улсын бүрэн эрхт байдал руу халдах, тусгаар тогтносон байдлыг үл хүндэтгэх байдал газар авч байна. ОХУ-ын Элчин сайд И.К.Азизов, Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга, Гадаад харилцааны сайд асан Л.Эрдэнэчулуун нарын тэргүүтэй бүлэглэл бий болсон. Үйл ажиллагаа нь эрчимжиж, Путины тавдугаар цуваа Монголын бүрэн эрхт байдал тусгаар тогтнол руу халдаж эхэлж байна. Улс орны  дотоод хэрэгт аль ч улсын Элчин сайд ингэж халдаж байсан удаагүй. Гадаад хэргийн сайд хийж байсан хүн монголчуудыг Путинээр айлгах гэж оролдсон. Ерөнхийлөгч асан Х.Баттулга ялалтын баярыг  Путин түрэмгийллийн баяр болгож байхад хүндэтгэл үзүүлсэн. Өчигдөр Ардчилсан намаас хэлмэгсдийн хөшөөнд хүндэтгэл үзүүлэх гэж очсон. Зөвлөлтийн эрхэнд байхдаа хэлмэгдэж 40-өөд мянган гэмгүй хүн амь насаа алдсаныг залуу хойч үедээ сануулах цаг болжээ. Д.Сосорбарамын очиж хүндэтгэл үзүүлж байсан тэр явдал руу И.К.Азизов, Путин, Х.Баттулгын шившлэгтэй нунтаг шидэв үү гэж бодсон. Хэлмэгдсэн 40-өөд мянган монголчууд биднийг эрх чөлөөтэй амьдраарай гэж амиа өргөсөн юм. Бид ийм доромжлолыг тэвчихгүй. Тавдугаар сарын 25-нд тусгаар тогтнол бүрэн эрхэт байдлыг үл тоомсорлон халдаж байгаа хүмүүст эрх чөлөөний хүсэл зорилгоо илэрхийлэх гэж цуглаан хийх гэж байна.  Монгол дахиж колончлогдохгүй гэдгээ илэрхийлэхийг хүсч байгаа юм.

Ардчилсан намын дотоод сонгуулийн хорооны дарга Х.Алтанхуяг:

-Улс төрийн ээдрээтэй цаг мөчид арчилсан намын ээлжит дотоод сонгууль давхцаж байгаа. Өнгөрсөн  тавдугаар сарын 10-нд Үндэсний бодлогын хорооны ээлжит сонгуулын товыг зарласан. Тавдугаар сарын 12-15-ны хооронд үндэсний бодлогын хорооны гишүүдийн бүртгэл явагдана. Сурталчилгааны хугацаа 16-27-ны хооронд явагдаж, 29 нд санал хураалт болно. Үндэсний бодлогын хорооны нийт 304 суудлаас 123 суудал дээр эргэлтийг сонгууль явагдах юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
44
ХахаХаха
9
ТэнэглэлТэнэглэл
7
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж