МУЭ-ийн 80 жилийн ойг тохиолдуулан Дүрслэх Урлагийн Дунд Сургуулийг 1989-1992 оны төгсөгчдийн “CLASSMATES ART-30” уран бүтээлийн хамтарсан үзэсгэлэнг 2022 оны 5сарын 14-нөөс 23-ны өдрүүдэд Монгол арт галерейд толилуулж байна.
30 жилийн дараа нийслэл, аймаг орон нутаг, түүнчлэн Унгар, Герман, Англи, Турк, Америк, Япон зэрэг хол ойроос мэргэжил нэгт найзууд, зүрх сэтгэлээрээ нэгдэн, оюутан цагаасаа үерхэж нөхөрлөөд өнөөг хүртлэх цаг хугацааг, бахархалтайгаар, бүтээлчээр холбон, эрхэм буянтай багш МУ-ын Төрийн шагналт, Ардын зураач Д.Амгалан, МУУГЗ сийлбэрч Д.Төртогтох, ДУДС-ийн захирал Төрийн шагналт зураач Ц.Цэгмид, багш Эрдэнэбат, Монгол зургийн багш Ц.Нармандах, Театрын багш Я.Санжаасүрэн, зураач дизайнерын багш Галиндив, Цогтсайхан, анги удирдсан багш С.Цэвэг, багш Энх-Амар нартаа Дүрслэх урлагийн дунд сургуулиас Дүрслэх Урлагийн Академи болтлоо өргөжсөн төрөлх сургуульдаа бидний зүгээс өчүүхэн хүндэтгэл үзүүлж энэхүү үзэсгэлэнгээрээ бэлэг барьяа.
Бидний дундаас мэргэжлээрээ тууштай зүтгэн, орчин үеийн чулуун сийлбэрийг түүчээлэгч мөн театрын тайз чимэглэлийн урлагт манлайлагч Монгол Улсын Урлагийн Гавъяат Зүтгэлтэн эрхэм хүндтэй шагналын эзнээр хоёр ч уран бүтээлч төрж, ажил үйлсээрээ Төрийн дээд одон медалиар төрдөө үнэлүүлэн салбартаа тэргүүлж яваа цөөнгүй урчууд бий.
Уран бичлэгийн мастер, түүх дурсгалын үнэт зүйлсийн сэргээн засварлагч, Оскарын кино наадамд удаа дараа нэр дэвшсэн хүүхэлдэйн киноны зураач, The Hu хамтлагийн дизайнер гээд хилийн чанадад урлаг соёлоо сурталчилах, эзэмшсэн мэргэжилээсээ гадна контемпорари, уран зураг, шивээс, хувцас загвар, интерьер, баримал, график дизайн, дархан, хатгамал, арьсан урлал, киноны зураач зэрэг ахиулан чиглэлд ур чадвараа хөгжүүлэн туурвиж буй уран бүтээлчид, дуу хөгжим, уурхай, санхүү, хэвлэл, худалдаа, үйлдвэрлэл гээд олон ондоо мэргэжилээр ажиллаж байгаа боловч үзэсгэлэндээ идэвхитэй оролцсон, “GLASSMATES ART-30″ төслийг санаачлагч-зураач Ч.Урангоо болон үзэсгэлэнд мэндчилгээ, хандив, бүтээлээ илгээсэн нийт уран бүтээлчиддээ болон Монгол арт галерейн хамт олонд талархал илэрхийлье.
Хүндэтгэсэн Т.Төмөрцэцэг /Урлаг судлаач/