ЦЕГ: Цагаан нунтаг зүйл нь гурил мөн эсэхийг шинжээч тогтооно

Хуучирсан мэдээ: 2022.05.12-нд нийтлэгдсэн

ЦЕГ: Цагаан нунтаг зүйл нь гурил мөн эсэхийг шинжээч тогтооно

ЦЕГ: Цагаан нунтаг зүйл нь гурил мөн эсэхийг шинжээч тогтооно

Нийслэлийн Ардчилсан намаас өчигдөр /2022.05.11/ Хэлмэгдэгсдийн хөшөөний өмнө цуглаан зохион байгуулж, мэдээлэл хийсэн. Тэд "Орос, Украины дайн бусад жижиг улс оронд ч үүсч болзошгүй нөхцөл байдал болсныг анхааруулж байна" гэж мэдэгдсэн. Энэ үеэр нэгэн иргэн АН-ын гишүүн Д.Сосорбарам руу гурил цацаж, эсэргүүцлээ илэрхийлсэн. Эдгээр иргэдэд ямар хариуцлага тооцох талаар Цагдаагийн ерөнхий газраас тодрууллаа.

"ЗӨРЧЛИЙН ХЭРЭГ БҮРТГЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЭХЛҮҮЛСЭН"

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн  төвийн дарга Б.Баатархүү:

-"Чингэлтэй дүүргийн цагдаагийн Нэгдүгээр хэлтэст зөрчлийн хэрэг бүртгэх үйл ажиллагааг эхлүүлсэн. Цагаан нунтаг зүйл нь ямар зүйл байсныг тогтоохоор шинжээч томилсон. Тэр нь гурил мөн эсэхийг шинжээчийн дүгнэлтээр тодорхой болгоно. Шалгалт үргэлжилж байна. Талуудаас тайлбар мэдээлэл авч байгаа. Ардчилсан намын төлөөлөл өчигдөр ирж, тайлбар мэдээлэл өгөөгүй. Хэрвээ тайлбар мэдээллээ хурдан авч дуусвал хэргийг шалгаж дуусна. Одоо иргэдээс тайлбар авсны дараа ямар хариуцлага хүлээлгэх талаар ярина.

"ХҮНИЙ ЭРХ ТАЛААСАА МАШ НОЦТОЙ ҮЙЛДЭЛ"

Хуульч, өмгөөлөгч А.Пүрэвдулам:

-Монгол Улсын иргэн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, тайван замаар жагсаал, цуглаан хийх, хэвлэн нийтлэх хуулиар олгосон үндсэн эрхтэй. Олон улсын гэрээ, конвенци, бусад хууль тогтоомж, хэм хэмжээний актад нэгдэн, тунхагласан байгаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгад зааснаар "Өөрийн эсвэл бусдын хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн аливаа мэдээллийг олон нийтэд тараах, тараалгахгүй байхын тулд үзэл бодлоо илэрхийлсэн иргэдэд ямар нэг хэлбэрээр саад учруулах, заналхийлэх" гэдэг зүйл ангийн ерөнхий зохицуулалтыг оруулсан байдаг. Мөн Эрүүгийн хуулийн зүйл заалтууд орж ирсэн. Монголд өмнө нь үзэл бодлоо илэрхийлсэн иргэд хоорондоо маргалдаж, мөргөлдөөн үүсгэж байсангүй. Анхны 1990 оны Ардчилсан хувьсгалыг хийхдээ тайван замаар хийсэн түүхтэй цор ганц ард түмэн.

Энэ жишиг үлгэрлэж явж ирсэн. Гэтэл өчигдөр монгол үндэсний дээл хувцсаа өмссөн тэр хүмүүс буруу жишиг тогтоох үйлдэл гаргалаа. Хүмүүс гурил цацсан гэж зөөлөн хандаж байна. Миний хувьд тухайн хүний үйлдэл нь маш хор уршигтай. Хэрвээ өөр бодис биш, өөр аюултай үйлдэл гаргасан бол яах вэ. Хүний эрх талаасаа маш ноцтой үйлдэл. Ямар ч ардчилсан улсад эсрэг тэсрэг байр суурийг илэрхийлж болно. Гэхдээ энэ хүний эрхээ харилцан хүндэтгэж, ялгаварлан гадуурхахгүй байх ёстой. Монгол Улсын Ардчилсан хувьсгалыг эхлүүлж, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг авч ирсэн хүмүүсийн нэг Д.Сосорбарам руу нулимж байгаа энэ үйлдэл гутамшигтай санагдсан.

Ардчилсан намаас өнөөдөр /2022.05.12/ Монгол Улсын тусгаар тогтнол, халдашгүй байдалд заналхийлж байгаа гадна, дотны гар хөл бологчдын эсрэг бүх ард түмний эсэргүүцлийн жагсаалыг 2022 оны тавдугаар сарын 25-ны өдөр зохион байгуулах тухайгаа мэдэгдэнэ гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ХахаХаха
4
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж