Боловсрол соёл шинжлэх ухаан, спортын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар “Ерөнхий боловсролын сургуулийн үйл ажиллагааны тухай” сайд нарын мэдээллийг сонссон. Энэ үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд электрон тамхины чиглэлээр хийсэн судалгааг танилцуулжээ. Судалгаагаар Улаанбаатар хот болон хөдөө, орон нутгийн 13-15 насны 7-9 дүгээр ангийн нийт 4.474 сурагчдыг хамруулан үндэсний хэмжээнд хийсэн.
Судалгаанд хамрагдсан сурагчдын 53.2 хувь, үүнээс хөвгүүдийн 63.5, охидын 42.7 хувь нь ямар нэгэн тамхин бүтээгдэхүүнийг татаж үзсэн байна. Нийт сурагчдын 6.1 хувь, үүнээс эрэгтэй сурагчдын 6.4, эмэгтэй сурагчдын 4.1 хувь нь өдөрт зургаа ба түүнээс дээш ширхэг янжуур өдөр бүр тогтмол хэрэглэдэг эрсдэлтэй гарсан.
Электрон тамхийг 13-15 насны нийт залуусын 3.5 хувь нь хэрэглэж байгаа нь тогтоогдсон ба бусад орны үзүүлэлттэй харьцуулахад харьцангуй өндөр хувьтай байна. Сурагчдын 82,9 хувь нь дэлгүүр, ТҮЦ, гар дээрээс тамхи худалдан авдаг бол 5,4 хувь нь тамхины компаниудаас сурталчилгаа хэлбэрээр тамхийг үнэгүй авсан гэдгийг салбарын сайд танилцуулгадаа онцолсон.
Сүүлийн үед электрон тамхины хэрэглээ дэлхий нийтийн анхаарлыг ихээхэн татаж байна. Энгийн тамхинд донтолт үүсгэдэг никотин дунджаар 13.3-15.4мг байдаг бол электрон тамхины найрлагад никотин 0,5-15.4мг агуулагддаг байна.
Мөн электрон тамхинд ууршимтгай органик уусгагч, никель, хар тугалга гэх мэт хортой химийн нэгдлүүд, диацетил зэрэг амт оруулагч хортой бодисууд агуулагдаж байдаг. Тамхины орц, найрлагыг өөрчилснөөр тамхины хорт шинж чанарыг багасгаж болдог гэсэн ташаа ойлголт түгээмэл байна.
Дашрамд, манай улсад тамхины импортын хэмжээ жилээс жилд нэмэгдэж байна. 2018 онд нийт 2055 сая ширхэг янжуур тамхи импортолж байсан бол 2021 онд 3069 сая ширхэгт хүрч өссөн байна.
Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн орчинд тамхины хэрэглээг хорих зарим арга хэмжээний тухай Байнгын хорооноос тогтоолын төсөл боловсруулсныг хэлэлцлээ. Тогтоолын төсөлд гишүүдээс гаргасан саналыг нэмж тусган, өөрчлөн найруулж батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжжээ.
Холбоотой мэдээ