Чуулган: Зэс хоолойгоор усаа дамжуулдаг болох ёстой

Хуучирсан мэдээ: 2022.05.12-нд нийтлэгдсэн

LiveЧуулган: Зэс хоолойгоор усаа дамжуулдаг болох ёстой

17 : 14
2022-5-12

"Хөтөлийн цемент шохой" ТӨХК-ийг хувьчлахдаа алдаа гаргасан"

Чуулганы нэгдсэн хуралдаанаар үргэлжлүүлэн “Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2022.04.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/-ийг хэлэлцэж эхэллээ. 

Хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдорж танилцуулав. 

“Төрийн өмчийг 2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын 2015 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 70 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Төрийн өмчийг 2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл"-ийн 4.17-д ”Хөтөлийн цемент шохой” төрийн өмчит хувьцаат компанийн төрийн эзэмшлийн хувьцааг өр төлбөрийг төлөх нөхцөлтэйгөөр хөрөнгө оруулагч талд санал болгон хувьчлах” гэж, Засгийн газрын 2015 оны 330 дугаар тогтоолоор баталсан "2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн жагсаалт"-ын 15-д “Хөтөлийн цемент шохой” ТӨХК-ийн төрийн эзэмшлийн хувьцааг өр төлбөрийг төлөх нөхцөлтэйгөөр хөрөнгө оруулагч талд санал болгон хувьчлах гэж тус тус заасны дагуу “Хөтөлийн цемент шохой” ТӨХК-ийг хувьчилсан.

Энэ үед алдаа дутагдал гарсан. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 62 дугаар зүйлд “хувьчлан авагч хөрөнгийн үнэ, хууль, гэрээнд заасан бусад төлбөрийг гэрээний хугацаанд төлөөгүй буюу төлбөрийг хууль бусаар хийсэн;”, “хувьчлан авагчид нь хуульд зааснаас илүү хөнгөлөлт, давуу эрх олгосон;”, “хувьчлан авагч өмч хувьчлан авсан тухай гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь зохих ёсоор биелүүлээгүй;” гэсэн үндэслэл байвал хувьчиллыг хууль бус гэж үзэж хүчингүй болгоно гэж, мөн зүйлд дээрх үндэслэлээр хувьчлалыг хүчингүйд тооцох шийдвэрийг төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага гаргана гэж тус тус зааснаас гадна Концессын тухай хуулийн 8.1.2-т “концессын гэрээний хугацаанд концессын зүйлийг хувьчлах шийдвэр гаргах”-ыг хориглохоор заасан.

Авлигатай тэмцэх газраас 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 32 дугаар “Мөрдөгчийн мэдэгдэл”-ийг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт хүргүүлж, гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцөлийг арилгах тодорхой арга хэмжээ авч ажиллахыг даалгасан.

“Мөрдөгчийн мэдэгдэл”-д Хөтөлийн Цемент Шохой ТӨХК /хуучнаар/-ийн хувьчлалыг хэрэгжүүлэхдээ "Бейзмент" ХХК-д давуу байдал бий болгон төрд их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдэгдсэн болохыг дурдаад Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хувьчлалыг хүчингүйд тооцох хэд хэдэн үндэслэл байгааг шалгаж тогтоосон тул Хөтөлийн Цемент Шохой ТӨХК /хуучнаар/-ийг төрийн өмчид буцаан авах шийдвэр гаргахыг даалгасан байна.

Иймд дээрх хуульд заасны дагуу “Хөтөлийн цемент шохой” ТӨХК-ийн хувьчлалын талаар авах арга хэмжээний тухай” Засгийн газрын 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 124 дүгээр тогтоолоор  "2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн жагсаалт"-аас “Хөтөлийн цемент шохой” ТӨХК-ийг хувьчлах заалтыг хасч, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 108 дугаар тогтоолоор уг хувьчлалыг  тодорхой үндэслэлээр хууль зөрчсөн гэж үзээд хүчингүйд тооцож зохих арга хэмжээг авч хэрэгжүүлээд байна.

Түүнчлэн, өнөөгийн дэлхий дахинд үүсээд байгаа олон нийтийг хамарсан цар тахлын нөхцөл байдал, хөрш, зэргэлдээ оронд бий болсон олон улсын хямралт нөхцөл байдлаас үзэхэд хилээр бараа, бүтээгдэхүүн тээвэрлэх, нэвтрүүлэх боломж бололцоогүй болох, дотоодод бараа бүтээгдэхүүний эрэлт нэмэгдэх, хомсдол үүсэх зэрэг сөрөг үр дагаврууд бий болдог байх тул барилга, зам, эрчим хүч зэрэг дэд бүтцийн салбарт өргөнөөр хэрэглэгддэг, гол нэр төрлийн материал болох цементийн үйлдвэрлэлийг төрийн оролцоо, дэмжлэгээр хангах зайлшгүй шаардлагатай гэж үзэж байна.

“Төрийн өмчийг 2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 70 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан "Төрийн өмчийг 2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл"-ээс “4.17.“Хөтөлийн цемент шохой” төрийн өмчит хувьцаат компанийн төрийн эзэмшлийн хувьцааг өр төлбөрийг төлөх нөхцөлтэйгөөр хөрөнгө оруулагч талд санал болгон хувьчлах” гэсэн заалтыг хасах, өөрөөр хэлбэл, “Хөтөлийн цемент шохой” төрийн өмчит хувьцаат компанийг хувьчлахгүй байхаар уг Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулсан байна.

Тогтоолын төсөл батлагдсанаар барилгын гол нэр төрлийн бүтээгдэхүүн болох цементийн чанарыг сайжруулах, эрэлт, нийлүүлэлтийн тэнцвэрийг хангуулах, үнийн хөөрөгдлийг хязгаарлах, хянах боломж бүрдэх бөгөөд төвийн болон зүүн бүсийн аймгууд Улаанбаатар хотоос цемент худалдан авч байгаа хөдөлгөөний ачааллыг бууруулах, хөдөө, орон нутгийн хэрэглээг шууд хангах системд шилжих, бүтээн байгуулалтын ажлын өртөг, зардлыг бууруулах,  орон нутагт үйлдвэрлэл хөгжүүлэх, ажлын байр бий болгох боломжийг бүрдүүлэх ач холбогдолтой гэж үзжээ.

Тогтоолын төслийн талаар Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ уншиж танилцуулаад, хэлэлцэхийг дэмжиж өгөхийг хүслээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна. 

УИХ-ын гишүүн Г.Ганболд: -Өмч хувьчлал явагдаад долоон жил болж байна. Хүчингүй болгох гэж байгаа тогтоолын төслийг ойлгохгүй байна. Долоон жилийн өмнөх жагсаалтаас тогтоолын төслийг хасъя гэж байна. Шийдвэр гаргаад, төрд авах шиг боллоо. Энэ дээр хувьчлан авагч өмч хувьчлан авсан гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь биелүүлээгүй гэсэн үндэслэлээр төрийн өмчийн бодлого зохицуулалтын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага шийдвэр гаргана гээд. ТӨБЗГ-аас санал гараад, шийдвэр гарсан байх. Төрд авахдаа гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гээд шийдвэр гаргасан байх. Уг нь шийдвэрийг л хүлээн зөвшөөрсөн тогтоол гаргах ёстой юм биш үү? Засгийн газрын гаргасан шийдвэр зөв байна, дэмжиж байна гэсэн шийдвэр гаргаж, одоогийн цаг хугацаатайгаа уяж явахгүй бол долоон жилийн өмнөх заалтыг хүчингүй болгохоор ойлгомжгүй юм биш үү, Нямдорж сайд аа? Би ойлгохгүй байж магадгүй. Тийм учраас миний саяын Засгийн газраас гаргасан шийдвэрийг л дэмжих юм биш үү. Өмнө нь Их хурлаас тогтоол гаргаад, бид дэмжсэн. Долоон жилийн өмнөх шийдвэрийг хүчингүй болгож байгаа нь ойлгомжгүй байна.

ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж: -Засгийн газар 2015 онд гаргасан тогтоолоо хүчингүй болгосон, Хөтөлийн цемент шохой ТӨХК-тай холбоотой. Төрийн өмчийн хороо тогтоолын дагуу гаргасан шийдвэрээ хүчингүй болгосон. Засгийн газар яагаад ийм шийдвэр гаргасан бэ гэхээр 2010 онд байна уу гаргасан Концессын хуулийн заалтыг Их хурал зөрчөөд, шийдвэр гаргасан. Хууль Их хурлын тогтоол хоёр зөрчилдсөн тохиолдолд хуулиа бариад явдаг журам байдаг. Тэр дагуу өмнө гаргасан шийдвэрүүдээ хүчингүй болгоод Их хурлын тогтоолын заалтыг хүчингүй болгоё л гэсэн санал оруулж ирсэн юм. Их хурал шийдвэрээ гаргачихвал, цаашаа бүх юм номын дагуу явчихна гэсэн үг. 

УИХ-ын гишүүн Г.Ганболд: -Засгийн газар шийдвэр гаргахаасаа өмнө яагаад УИХ-д оруулж ирээгүй юм бэ. Энэ чинь Дубайн гэрээтэй л адилхан асуудал байна шүү дээ. Засгийн газар түрүүлж очоод шийдвэрээ гаргачихдаг. Дараа нь УИХ-аар оруулаагүй гээд асуудал яваа биз дээ. Одоо бид Засгийн газрын шийдвэрийг дагаж, 2015 оны шийдвэр гаргавал буруу гэж санагдаад байна. Гаргасан шийдвэрийг л дэмжсэн тогтоол гаргах ёстой гэж бодоод байна. 

ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж: -Би түрүүн хариулчихлаа шүү дээ. Их хурлын тогтоол хуультай зөрчилдөж байгаа учир Засгийн газар шийдвэрээ хүчингүй болгосон. "Мөрдөгчийн мэдэгдэл"-д сарын дотор шийдвэр гаргаж, хариу өгөх ёстой хуулийн заалттай. Тэр мэт зүйлүүдээ зохицуулаад, Засгийн газар өөрийнхөө түвшинд шийдвэрээ гаргасан. Тэгээд Их хуралд санал оруулж ирж байгаа юм. Хууль Их хурлын тогтоол хоёр зөрчилдсөн тохиолдолд хуулиа мөрддөг. Хууль Үндсэн хуультай зөрчилдвөл Үндсэн хуулиа мөрддөг хуулийн алтан зарчим байдаг л даа.  

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: -2015 онд хувьчлах тухай УИХ-ын шийдвэр, энэ шийдвэрийг хүчингүй болгох УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байгаа юм. Энэ хувьчлалыг зохион байгуулах явцад тухайн үеийн сайд Х.Баттулгын гарын үсэгтэй, Худалдаа хөгжлийн банкны үүсгэн байгуулагч Д.Эрдэнэбилэг нарын оролцоотой хувьчлал буруу замаар явсан гэдэг нь тодорхой болсон. Нэг өдрийн дотор энэ бүх ажиллагаа нь явсан юм байна лээ. Энэ компанийн хувьцаа эзэмшигч нь Улсын дээд шүүхийн шүүгч Батсуурийн аав гэж яригдаад байгаа юм. Тухайн үеийн Худалдаа хөгжлийн банкны Хуулийн хэлтсийн захирал байсан уу, үгүй юү. Ийм нэг гинжин схем явсан. Энэ луйврыг буцааж, төрд авч байгаа санаачлагыг би дэмжиж байна. Зөв зүйтэй. Хариуцлага тооцох ёстой. Хэдий хожуу илэрч байгаа ч гэсэн. Харин хуулийн хариуцлага жаахан сааталтай байна уу, үгүй юү. Х.Баттулга гэдэг хүний нэр орооцолдсоноос болоод. Энэ хэрэг үүсгэж байгаа дотор энэ хүн шалгагдаж байгаа юу? Гарын үсэг зурсан. Хоёрдугаарт, би Ганболд гишүүнтэй зарчмын хувьд санал нэг байна. Бид энэ асуудлыг эрх зүйн хувьд нь зөв хийх ёстой. Хувьчлах шийдвэрийг хүчингүй болгочихоор долоон жилийн хугацааны эрх зүйн үр дагавар юу болох вэ? Огт хувьчлаагүй гэсэн эрх зүйн үр дагавартай болох уу. Эрх зүйн үр дагавруудыг яах вэ? Энэ хугацаанд гарсан гэмт хэргүүд яах вэ? 

ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж: -Мөрдөн байцаалтын шатанд хэнийг татаж, хэнийг татахгүй байгаа талаар Засгийн газарт мэдээлэл байхгүй. Ганц нэг хүнийг энэ асуудалтай холбогдуулан хорьсон гэдэг мэдээлэл нийтэд гарсан. Цаашид энэ асуудал яаж явахыг би мэдэхгүй. Тухайн үед юу болоод өнгөрснийг би харин гадарлана. 2011 онд концессын гэрээ байгуулаад, 10 жилийн хугацаатай, 2021 онд дуусах гэрээ байсан. "Бейзмент" гэдэг компанитай гэрээ байгуулсан. Нэг хүнтэй компани. Нарийн яривал хөрөнгийн тодорхой эх үүсвэр бараг байхгүй. 2015 онд хууль зөрчсөн шийдвэрээ гаргуулж авчихаад, "Бейзмент" гэдэг компаниа татан буулгаад, Хөтөл гэдэг нэртэй болж хувирсан. Хувьцааг авсан гэдэг компани нь. Энэ компанийг 2008 онд Мишиг гэдэг хүн байгуулсан. Тэр хүн Улсын дээд шүүхийн Батсуурийн аав мөн. Би олон жил энийг ярьж байгаа юм. Нэг хуурамч компани нэг хүнтэй компани байгуулчихаад, нэг объект авах болохоороо тэрийгээ хөдөлгөөд авчихдаг ийм сүлжээ бий болсон гэдгийг 2016 оны намраас хойш би яриад байгаа. Хувьчилж авахаасаа өмнө захирал байсан Шоовдор гэдэг хүнийг хоёр сар цагдан хорьсон. Би Бат-Эрдэнэ гишүүнтэй хамт ороод, суллагдсан өглөөдөө ажлаа өгснийг хараад гайхаж байсан. Хуулийнхныг татан оролцуулсан ажиллагаа тэнд хийгдсэн. Олон жилийн дараа энэний учир нь гарч эхэлж байх шиг байна. Эрх зүйн үр дагаврын хувьд угаасаа хууль зөрчөөд, УИХ тогтоол гаргачихсан юм чинь УИХ-ын тогтоол хүчингүй болж л таарна шүү дээ. Хуулийн хүчинтэй заалтуудын дагуу Засгийн газар өмнө гаргасан шийдвэрээ цуцлах арга хэмжээ авсан. 

Гишүүд асуулт асууж, хариулт авч дууслаа. 

УИХ-ын дарга Г.Занданшатар: -УИХ-ын гишүүдээс асуудлыг хаалттай, өргөн бүрэлдэхүүнтэй хэлэлцэх санал гарсан. Санал хураалт явуулахад хангалттай, бүрэн дүүрэн ирцтэй байх шаардлагатай. Чуулганы хуралдааны цаг 18.00 цаг болж өндөрлөсөн байна. Өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудал дууссан тул хуралдаан хаасныг мэдэгдье.

16 : 48
2022-5-12

"III, IV хорооллын шугамыг жил бүр л сольж байх юм"

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд үг, санал хэлж байна. 

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: -Үнэ тарифын тухайтад мэдээж ялгамжтай байх ёстой. Дэлхийн чиг хандлагаар ус хамгийн үнэтэй, баялаг болж хувирна. Энийг манай говийнхон маш сайн мэдэж байгаа. Хот суурин газрынхан хэр мэдэж байгаа бол доо. Үнэгүй юм үнэгүй байдаг. Хэрэглээн дээрээ гамтай байдаг, үнэтэй гэдгийг нь ойлгодог дадал соёлд суралцах ёстой. Үүнд үнэ тарифын бодлогоор дамжуулан суралцуулах, шахах бодлого явах ёстой байх аа.

Цаашдын чиг хандлага бол бид усаа зэс хоолойгоор дамжуулдаг болох ёстой юм байна лээ. Өндөр хөгжилтэй орнууд зэс хоолойтой. Одоо крантны усаа хүнсэндээ шууд хэрэглэж байгаа шүү дээ. Ямар ч аюулгүй. Цаашдын чиг хандлагаа том зургаар нь хараад явах ёстой байх аа. Сая хэлж байна. 1980, 2020 оноос өмнө баригдсан шугамуудыг иж бүрэн сайн шинэчилмээр санагдаад байдаг юм. Миний мэдэхийн, III, IV хорооллын шугамыг жил бүр сольж байх юм. Зам бариад, ухаж байх юм. Дараа жил нь дахиад сольдог. Яаж байгаа юм бэ гэхээр шугамыг нь сольж байна л гэдэг. Нэг бодохоор, бид бас л баян улс юм.

Нэг бодохоор, бид бас л баян улс юм. Хөрөнгө мөнгийг цацаж байгаа байхгүй юу. Байгууллагууд уялдаатай байхгүй бол шугамаа солино гэж нэг нь зам ухаад, нөгөө дөх нь замаа тохижуулж байна гэж зам бариад, дахиад нэг нь шугамыг нь солж байна гэж ухаад ингээд байдаг нэг асуудалб айна. Энэ бол цэвэр менемжентгүй, удирдлагын уялдаагүй байдалтай холбоотой. Энэ мэт асуудлуудыг анхаарах шаардлагатай гэж протоколд тэмдэглээд, хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж байна. 

Гишүүд үг хэлж дууслаа. УИХ-ын дарга Г.Занданшатар Ж.Сүхбаатар гишүүнээс ирц бүрдэхгүй байгааг сануулж, гишүүдээ танхимд оруулж ирэхийг шаардав. 

УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Ж.Сүхбаатар: -Зарим гишүүд тусгай ажилтай байгаа тул энэ асуудлаар маргааш хүртэл завсарлага авъя.

15 : 50
2022-5-12

"Чойбалсан хотын иргэд сүүлийн нэг сар зэвтэй ус ууж байна"

Чуулганы нэгдсэн хуралдаанаар Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Х.Баделхан нарын 3 гишүүн 2021.07.05-ны өдөр өргөн мэдүүлсэн/-ийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. 

Хууль санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн Х.Баделхан танилцуулав.

Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хууль анх 6 бүлэг, 19 зүйл, 128 заалттайгаар 2002 оны 06 дугаар сарын 03-ны өдөр, шинэчилсэн найруулга нь 2011 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 7 бүлэг 24 зүйл 188 заалттайгаар батлагдсан.

Энэхүү хуулийн хэрэгжилтэд хяналт шинжилгээ, үнэлгээ хийхэд, нийт 188 заалтаас 80 заалт нь хэрэгжиж байгаа, үлдсэн 108 заалтын 40 гаруй хувийн хэрэгжилт хангалтгүй нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай гэсэн дүгнэлт гарсан байна.

Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг уншиж танилцуулав. 

Хууль санаачлагчийн илтгэл, байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна. 

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: -Дорнод аймгийн Чойбалсан хотын иргэд сүүлтйн нэг сар зэвтэй ус ууж байна. Хүн амын эрүүл аюулгүй байдал дордож байна. Хотоороо гамшгийн байдалд орсныг мэдэж байна уу? Ямар арга хэмжээ авч байна вэ?

БХБЯ-ны Нийтийн аж ахуй, инженерийн дэд бүтцийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Г.Цогтсайхан: -Газар дээр нь очиж ажилласан. Олборлож байгаа ус нь төмөр ихтэй. Төмөргүйжүүлэх тоног төхөөрөмжөө хариуцаж байгаа байгууллага нь ажиллуулаагүй. Кварцын элсээр төмрөө шүүх ёстой. ОХУ-аас захиалж авчирч байгаа юм байна. Ашиглалтаас шалтгаалсан асуудлууд байна. Ер нь орон нутгийн өмчит байгууллагуудын алдаа дутагдал байна. 

УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Ж.Сүхбаатар: -Нэгжийн хуулиа нийцүүлэхэд Засгийн газрын саналыг тусгасан уу? Нүхэн жорлонгийн тоог бууруулах тал дээр ямар тооцоолол хийсэн бэ? Хэрхэн үе шаттай бууруулах вэ? Нүхэн жорлонгоо нүхэн биш болгож бууруулах юм уу? Хот, суурин газруудын цэвэр, бохир усны үнэ тарифын алдагдал ямар байна вэ? 

БХБЯ-ны Нийтийн аж ахуй, инженерийн дэд бүтцийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Г.Цогтсайхан: –Алдагдлын хувьд салбарт нийт 11 мянган хүн ажиллаж байна. 204 нь тусгай зөвшөөрөл эзмшигч, нийт хуримтлагдсан алдагдал нь 361 тэрбум, энэ жилийн алдагдал 38 тэрбум төгрөг байна. 

Зохицуулах зөвлөлийн дарга Ж.Батсуурь: -Үйлчилгээний хөлс тооцох аргачлалыг бид батлаад мөрдөөд хэрэгжүүлээд явж байна. Хуулиндаа энэ заалтыг нэмсэн. Ер нь тариф тогтоож байна. Нийтийн аж ахуйн байгууллагын бодит зардлыг ус олборлоход шаардагдсан зардал, шугам сүлжээгээр дамжуулсны зардлыг аль болохоор эргэж нөхөж ажиллах нөхцлийг бүрдүүлэхийн тулд тариф тогтоож байна. Ус бол үнэгүй. Улаанбаатар хотын хувьд 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлээд айл гэрийн крантаар очиж буй нэг литр усны үнэ 1 төгрөг 7 мөнгө, гэр хороололд зөөврийн түгээх байраар түгээж буй усны үнэ 1 төгрөг 82 мөнгө байна.

Гэр хороололд ус түгээж буй усны хураамжаар зардлыг 100 хувь нөхөх боломжгүй. Улаанбаатар хотод ариутгал халдваргүйжүлэлт хийсэн нэг литр усыг 12-16 төгрөгийн зардал гаргаж, ус түгээх байранд машинаар зөөвөрлөн хүргэж байна. 

УИХ-ын гишүүн С.Бямбацогт: –Хот байгуулалтын асуудалд барилга, хот байгуулалтын яам хангалтгүй анхаарч байна. Хуулийн төслийг гишүүд өргөн бариад, өөрсдөө хөөцөлдөж явдаг. Хариуцсан сайд, яам нь ажилладаггүй, хөөцөлддөггүй. Ямар асуудал ярих гээд байна вэ гэхээр манай Ховд хот цэвэр усны хүртээмжгүй, бохир ус нь хахаж цацаад, цэвэрлэх байгууламж нь ажиллахаа больсон. Ийм байхад Барилга, хот байгуулалтын яам хаана юу хийгээд байна вэ? Энэ асуудалд яаж анхаарч байна вэ? Монгол Улсын иргэн Үндсэн хуулиар эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхтэй.

21 аймгийн нэг хотын асуудал. Гишүүд нь л хуулийг нь санаачлаад, хөөцөлдөөд явдаг. Хариуцсан, цалинг нь авч байгаа яам нь юу хийж байдаг юм бэ? Хэзээ Ховд аймгийн цэвэр усны хангамжийг хүрэлцээтэй болгох, хэзээ тэр хахаж цацаад байгаа шугам хооолойг нь цэвэрлэж янзалж, хүчин чадлыг нь нэмэгдүүлэх вэ. Ямар бодлого хийж, хэрэгжүүлэх вэ?

БХБЯ-ны Нийтийн аж ахуй, инженерийн дэд бүтцийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Г.Цогтсайхан: -Улсын хэмжээнд бүх аймгийн цэвэрлэх байгууламжийг шинэчлэх ажлыг шат дараатай хийгээд дуусч байна. Одоо Баян-Өлгий, Говь-Алтай, Ховд аймгийнх үлдсэн, энэ жил шинэчлээд, ашиглалтад ороод явна. 

Баянхонгор, Говь-Алтай аймгийн зургийг энэ жил хийж эхэлж байна. Ховд аймгийн цэвэрлэх байгууламж дээр 2014 байна уу, 2016 онд нэлээд их хөрөнгөөр их засвар хийгдсэн байгаа юм. Манай салбарт тулгамдаж байгаа асуудал бол боловсон хүчний асуудал. Хөдөө орон нутагт энэ нь асуудалтай байдаг учраас мэргэжлийн бус хүмүүс авч яваад зарим ажлыг унагаад байдаг. Бүх аймгийнхаа асуудал дээр анхаарал тавиад, зураг төслийг нь хийгээд, барихыг нь бариад явж байна.

15 : 00
2022-5-12

"Монгол Улсад далайн тээврийн 20 орчим мэргэжилтэн бий"

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар яг одоо Далай ашиглах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2019.10.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/-ийг хэлэлцэж байна. 

Хуулийн төслийн танилцуулгыг УИХ-ын гишүүн Д.Батлут танилцуулж, хуулийн төслүүдийг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг хүслээ. 

Монгол Улсын Их Хурлаас Далай ашиглах тухай хуулийг анх 1999 онд батлан мөрдөж эхэлснээс хойш 2007 онд нэг удаагийн нэмэлт өөрчлөлт оруулжээ.

Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний 2.117 дахь зорилтын 1 дэх хэсэг, Улсын Их Хурлын 2017 оны 11 дүгээр тогтоолоор баталсан Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэлийн 73 дахь хэсэг, Засгийн газрын 2018 оны “Төлөвлөгөө батлах тухай” 201 дүгээр тогтоолоор батлагдсан “Олон улсын далайн байгууллагаас хийсэн аудитын зөвлөмжийн дагуу Монгол Улсын нэгдэн орсон далайн салбарын гэрээ, конвенцийг хэрэгжүүлэх төлөвлөгөө”-ний дагуу Далай ашиглах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулжээ.

Олон улсын далайн байгууллагаас хийсэн аудитын дүгнэлтээр Монгол Улс далайн салбарын хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, олон улсын гэрээ, конвенцид заасан зайлшгүй биелүүлэх хэм хэмжээг үндэсний хууль, тогтоомжиндоо тусгах, бүртгэлтэй хөлөг онгоцны буюу далбааны эзэн улсын хяналтын механизмыг бүрдүүлэх зэрэг зөвлөмж өгсөн бөгөөд эдгээр зөвлөмжийг судлан, Хууль тогтоомжийн тухай хуульд нийцүүлэн хуулийн төслийг боловсруулсан байна.

Мөн хуулийн төслийг боловсруулахдаа Олон улсын далайн байгууллагын зөвлөхийн боловсруулсан Монгол Улсын Далайн тээврийн тухай хууль болон далайд гарцгүй хэдий ч ОУДБ-ын аудитын шалгалтаар өндөр үнэлгээ авсан Азербайжен Улсын Худалдааны далайн тээврийн тухай хуулиудыг харьцуулан судалж ашигласан байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна. 

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр: -Далайн мэргэжлийн хэдэн хүн байна вэ? Их далайд гарсан томоохон өөрчлөлтүүдийг хуулийн төсөлд тусгасан уу? Олон улсын байгууллагуудтай хэрхэн хамтарч ажиллаж байна вэ?

ЗТХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд: -Монгол Улсад нийтдээ 20 орчим далайн тээврийн мэргэжилтэн бэлтгэгдсэн  гэсэн мэдээлэл мэдээллийн санд бий. Далайн захиргаанд 25 хүн байгаагаас 5 нь далайн далай ашиглалт, усан замын тээврийн чиглэлээр ОХУ болон Солонгос улсад бэлтгэгдсэн мэргэжилтнүүд байна. Хуулийг өргөн барьснаас хойш гурван жил өнгөрлөө. Энэ хугацаанд далайн тээвэртэй холбоотой, эрх зүйн хүрээнд эрх зүйн хүрээнд томоохон өөрчлөлт ороогүй. Харин үнэ тариф, зохицуулалттай холбоотой асуудлууд гарсан. Нэг сараас хойш Ажлын хэсэг хуралдаж байна. Энэ дээр ярилцах асуудлуудыг тусгасан. Их Британийн Умард Ирландын вант улсад Монгол Улсаас суух Элчин сайдын яамнаас Эргийн хамгаалалтын агентлагаар хуулийн төсөлд үнэлгээ хийлгэсэн байгаа. Энэ нь манай яамны болон холбогдох байгууллагаас зөвшөөрөл авалгүй хуулийн төслийг гадагшаа явуулж үнэлгээ хийлгэсэн. Энэ материалтай танилцсан. Энэ материалаас зохих хэмжээний асуудлууд нь хуулийн төсөлд орсон. Зарим нэгийг нь хуулиар бус, дүрэм журмаар зохицуулах, зарим нэг нь хүлээж авах боломжгүй зүйлүүд байгаа юм. 

Гишүүд асуулт асууж, хариулт авч дууслаа. Хуулийн төслүүдтэй холбоотой зарчмын зөрүүтэй 34 саналын томъёоллоор санал хурааж байна. 

Санал хурааж дууссаны дараа төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ. 

14 : 47
2022-5-12

Н.Учрал: Эмийн мафи үнэхээр байна уу гэдгийг тогтооё!

УИХ-ын чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Яг одоо Эмийн чанар, хяналтын тогтолцооны талаар “Хянан шалгах түр хороо байгуулах тухай” УИХ-ын тогтоолын төсөл (УИХ-ын гишүүн Н.Учрал нарын 22 гишүүн 2022.05.03-ны өдөр өргөн мэдүүлсэн)-ийг хэлэлцэж байна.

Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн 2.1-ийн 2.1.8-д “Эм, эмнэлгийн хэрэгслийн чанар, аюулгүй байдлыг хангаж, хүртээмжийг нэмэгдүүлэн бүртгэл, хяналтын цахим тогтолцоог бүрдүүлнэ” гэж заасан.

Төрөөс эмийн хэрэглээ, чанар аюулгүй байдлын талаар бодлого, үйл ажиллагааны үр дүнд үнэлгээ, дүгнэлт өгөх зорилгоор Төрөөс эмийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтэд гүйцэтгэлийн аудит хийжээ. Үүнээс 44 аж ахуйн нэгж эм, эмнэлгийн хэрэгсэл үйлдвэрлэх 63  тусгай зөвшөөрөлтэй байгаагаас 84.1 хувь нь эм үйлдвэрлэлийн зохистой дадал GMP-ын шаардлага хангаагүй байна.

Стандартын шаардлага хангаагүй эм үйлдвэрлэх эрсдэлтэй, дотоодод үйлдвэрлэж буй эмийн 18.6 хувь, импортын эмийн 6.1 хувь нь стандартын шаардлага хангаагүй байсан тул ЭМДСангаас хөнгөлөлттэйгөөр олгож буй эмийн 10 хувь нь чанаргүй байх эрсдэлтэй гэж тус тус дүгнэжээ.

Түүнчлэн зах зээлд байгаа эмийн 14 хувь нь стандартын бус, 19 хувийг бүртгэлгүй эм эзэлж байгаа бол Үйлдвэр-30 (2014 оны шалгалтын дүн), Эм ханган нийлүүлэх байгууллага-252 (2015 оны шалгалтын дүнгээс), Эмийн сан 1528 (2016 оны хяналт шалгалтаас) байна. Зах зээлд хийгдэж буй урьдчилан сэргийлэх хяналтаар 2014 онд 49 нэрийн, 2015 онд 130 нэрийн, 2016 онд 519 нэрийн Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй, бүртгэлийн загвараас зөрүүтэй эм илэрсэн байна.

Нөгөөтэйгүүр дотоодын зах зээлд байгаа эм нь өндөр хөгжилтэй орны зах зээлд байгаа эмтэй орц, найрлагын хувьд ижил боловч үйлчлэлийн хувьд харилцан адилгүй нөлөөлөлтэй байгаа нь эмийн чанар, аюулгүй байдалд тавигдах хяналт шалгалтын үр нөлөө бага, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн стандартыг мөрдөхгүй байгаатай холбоотой гэж үзэх үндэслэл болжээ.

Иймд Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт заасныг үндэслэн эмийн хяналтын тогтолцоо, шалгалтын үр нөлөөний асуудлаар шалгалт хийн дүнг нэгдсэн чуулганд танилцуулах, шаардлагатай бол санал боловсруулах үүрэг бүхий хянан шалгах түр хороог байгуулах тогтоолын төслийг боловсруулжээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авав. 

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг: -Нийгмийн бодлогын байнгын хороо 2020 оноос хойш ажлын хэсэг гаргаад, эмийн сангууд, эрүүл мэндийн байгууллагуудаар явж, эмийн бодлого үнэхээр алдагдсан юм байна. Наад зах нь 500 тэрбум төгрөг эргэлдэж байгаа хэрнээ 3, 4-хөн компанийн хүрээнд эмийн бизнес явагддаг. Гаднаас орж ирж буй эмийн 92 хувь нь шаардлага хангахгүй, дотоодын 7 үйлдвэр байгаа хэрнээ эмийн зохистой зардлынхаа шаардлагыг хангаагүй, 70 гаруй хувь нь импортоор орж ирдэг. Импортын эм сүүлийн аудит хийлгэсэн гүйцэтгэлээр харахад 70 гаруй хувь нь чанарын болон олон улсын стандартыг хангахгүй байна гэж үзсэн.

Бид төрийн бодлогоор эмийн зах зээл дээр өөрчлөлт хийхгүй бол дэлхийн зах зээлийн үнээс 10-82 хувиар буюу бараг 100 дахин үнэтэй, тэгсэн хэрнээ үйлчлэх чанар нь маш муу байна. Жишээ нь, Солонгос, Монголд байгаа ижил эмийг харьцуулахад Монголд 14-21 хоног хэрэглээд, тухайн өвчтөний бие сайжрахгүй байхад Солонгост яг тэр эмийг хэрэглээд, долоо хоногийн дотор хөл дээрээ босоод ирдэг. Монголын эм хаанаас орж ирээд байна, яагаад дэлхийн зах зээлийн үнээс өндөр байна вэ гэдгийг тогтоох ёстой. Дэлхийн шилдэг компанийнх нь нэр эмүүд дээр байгаад байдаг. Тэгэхээр энд мафижсан сүлжээ байна гэдэг нь харагдаад байгаа юм. 

УИХ-ын гишүүн Н.Учрал "Эмийн мафи үнэхээр байна уу гэдгийг тогтооё. Сургаар юм яриад байж болохгүй. Түүврийн аргаар эмүүдээ аваад, олон улсад нийцсэн лабораториудад шинжлүүлээд, дэлхийд зарагдахаа больсон ямар эмүүдийг жагсаалтад оруулсныг тогтооё. Түр хороо Засгийн газар, УИХ-ын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж, манлайлал тогтооно гэж үзэж байна" гэв. 

Чухал асуудал учир нарийвчилж, сэдвээ тодорхойлох нь зүйтэй гэж үзэн, холбогдох байнгын хороонд буцаалаа.  

10 : 14
2022-5-12

УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ

Засгийн газраас санаачлан боловсруулсан Байгаль орчны тухай хуулийн төслийн багц хуулийг татан авч буй талаар УИХ-ын дарга Г.Занданшатар мэдээллээ.

Банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, үг хэлж байна.

УИХ-ын гишүүн Н.ГАНИБАЛ:

-Анхаараад харахад арилжааны банкуудын хувьцааг тодорхой хэмжээнд худалдан авагч байхгүй бол нэр хүндэд нь халдсан хууль болчих гээд байна. Миний өмнө бодож, ярьж байсан асуудал давтагдаад хууль өөрчлөгдөж орж ирж байна. Дэлхийн түүхэнд банкны хувь эзэмшигчийн хувийг захиргааны хуулиар хүчээр багасгах арга хэмжээ бусад орнуудад хийгдэж байсан уу. Олон улсын судалгаагаар харж байхад, таны эзэмшиж буй хувь өндөр байхад банкны нийт хөрөнгийн хэмжээ томсгох юм бол тухайн хувь багасдаг онолоор явж ирсэн юм биш үү.

Монгол банкны ерөнхийлөгч Б.ЛХАГВАСҮРЭН:

-Банкны тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлтөөр 20 хувь гэж тавьдаг нь олон улсын жишиг стандарттай их ойрхон тавьсан тоо.

УИХ-ын гишүүн Г.АМАРТҮВШИН:

-Энэ хуулийн төслийг батлуулах гэж 2021 оны нэгдүгээр сарын 28-нд бөөн юм болж баталсан. Хэл ам болж баталсан хуулийг жилийн дараа хойшлуулъя гэх нь зохимжгүй. Үүнийг хүлээн зөвшөөрч болохгүй. Энэ бол банкны салбарт хийгдэх маш том реформ. Энийг заавал хийх ёстой. Янз бүрийн олон улсын байгууллагын шинжээч, цар тахал, хил гааль гэсэн шалтгаанаар банкны IPO хийх процессыг зогсоож болохгүй.

Банкуудын өөрийн хөрөнгө нь 2021 оны эцсийн байдлаар 15 хувь, хөрвөх чадвар 41 хувь, нийт системийн ач холбогдолтой таван том банк 500 гаруй тэрбумын цэвэр ашиг хийсэн.

Цар тахлын үед эдийн засаг хэцүү байгаа нөхцөлд ашигтай ажилласан салбар шүү дээ. IPO хийхийг зогсоож болохгүй. Хойшлуулж болохгүй. Монголбанкнаас асуухад банкны холбооноос саналыг нь авсан уу. Ер нь таван системийн банк өөрсдөө юу гэж байх юм. Миний ойлгосноор банкууд гаргахад бэлэн байна. Нэлээн их бэлтгэл ажлаа хангасан. Өөрөөр хэлбэл өнөө маргаашгүй IPO зарлаад хийх боломжтой байна. Яагаад гэнэт бүтэн жилээр хугацааг хойшлуулж байгаа юм. Миний хардаж байгаагаар бэлтгэл хангагдаагүй, эсвэл сонирхолгүй нөхдийн 1-2 банкны лобби орсон байна.

Койн гэдэг хадны мангаагаар айлгаж, банкуудын хувьцаа койн шиг болно гэдэг зохимжгүй байна. Гишүүдээ үүнийг дэмжиж болохгүй.

Монголбанкны ерөнхийлөгч Б.ЛХАГВАСҮРЭН:

-Хойшлуулаагүй, хугацааг нь сунгаж байгаа юм. Банкуудын үйл ажиллагааны хэлбэр нь ХХК байдаг. Олон нийтэд нээлттэй хувьцаат компани руу шилжүүлэх процесс сар хагасын дараа буюу ирэх сарын 31-нд дуусна. Богино хугацаанд системийн нөлөө бүхий таван том банк зэрэг хувьцаагаа олон нийтэд санал болгож зэрэг явах нь хувьцааны үнэ ханшид нөлөөлөхөөр өрсөлдөөн бий болох учраас хэлбэрт шилжих хугацааг нь энэ оны зургадугаар сарын 30-наас биш, ирэх оны зургадугаар сарын 30-ныг хүртэл хугацааг нь сунгаж буй юм. Тэгэхээр бэлэн болсон банкууд IPO зарлаад явчихаж болно. Хугацааг хойшлуулж буй биш, сунгаж буй өөрчлөлт юм.

Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.БАЯРСАЙХАН:

-Хөвсгөл аймагт гарсан “Бэлтэс мөрөн” компанийн асуудал өнгөрсөн оны аравдугаар сараас эхэлсэн. СХЗ-д зөрчлийн хэрэг нээсэн. Тухайн үед прокурор харьяаллын дагуу СХЗ-ны тусгай зөвшөөрөлтэй этгээд биш байна. Тиймээс цагдаагийн байгууллагад шилжүүлэх нь зүйтэй хэмээн шилжүүлсэн. СХЗ-ноос орон нутаг дах төлөөлөгчтэй хамтарч ажиллаад мөнгө угаалтын хэлбэр байж магадгүй гэж үзээд бүхий л зөвлөмжийг өгч байна.

-Монгол банкны ерөнхийлөгч Б.ЛХАГВАСҮРЭН:

-Банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах бүртээ банкны эзэдтэй холбоотой хязгаарлалтыг нэмж байгаа. Банк охин компанитай байж болохгүй гэдэг заалт 2018 онд орсон.

УИХ-ын гишүүн Д.ГАНБАТ:

-Эрүүл саруул ухаантай гишүүд байдаг юм байна. Хуулийг хэрэгжүүлэх гэж гаргадаг. Хуулийг хэрэгжүүлж чадахгүй бол ажлаа өг. Эдийн засгийн байнгын хороо ийм шийдвэр гаргаж байгаа нь харамсалтай. Эдийн засгийг “алаад” байгаа юм биш үү. УИХ дараа нь тарах ч нөхцөл үүсч мэднэ. Олон банкууд хүнд байдалд орох байх.

Эхний нь Хөгжлийн банк юм. Сангийн сайд нь дефолт зарлана, Хөгжлийн банкийг татан буулгана гэж хэлж байна лээ. Үүнийг хоёр жилийн өмнө АН-ын бүлэг анхааруулсан. Яагаад хойшлуулах гээд байгаа юм. Олон нийтийн дунд оруулах яагаад дургүй байгаа юм. Банкны эзэд маш их хувьцааг өөрсдөдөө төвлөрүүлсэн. Сүүлийн нэг жилд токен, койнд хоёр их наяд төгрөг орууллаа. Түүнийг яагаад хаагаад байгаа юм. Та нараас бусад нь хуулийг хэрэгжүүлэх гээд бэлдсэн байна.

УИХ-ын гишүүн Т.АУБАКИР:
 
-Орж ирж буй хуулийн төслийг дэмжихгүй байна. Дайны хажуугаар дажин гэгчээр бид өнгөрсөн онд банкинд реформ хийх боломжтой гээд хууль баталсан. Уг хуульд нэг хүний эзэмших хувийг 20-иос дээш хувиар байлгаж болохгүй зэрэг хуулийг парламентаар баталсан. Парламентын гаргасан хууль, судалгаа шинжилгээтэй, оновчтой байх ёстой. Жилийн дараа болохгүй юм гээд буцаах нь л дээ. Монголбанкны ерөнхийлөгч хэдхэн хоногийн өмнө банкууд IPO гаргахад бэлэн гэж ярьж байсан.
 
УИХ-ын дарга Г.ЗАНДАНШАТАР:
 
-Т.Аубакир гишүүн ээ, нэг хүний санал биш, Засгийн газрын санал. Засгийн газар олон улсын байгууллагуудтай зөвлөлдөж, Монголбанк, СХЗ-оос саналыг аваад нухацтай оруулж ирж буй гэж ойлгож байгаа. УИХ-аас 25 компанийн IPO 34 хувийг гаргахаар шийдвэрлэсэн. Зах зээл дээр зэрэгцэж хэрэгжих багтаамж байхгүй. Цар тахал, дайны нөхцөл байдалд мөнгө, зээлийн орон зай хумигдмал болж байна. Олон улсын байгууллагуудаас тавьж буй шаардлага бол банкууд өөрсдөө гаргахыг хүсээд байгаа. Ард иргэд хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалахын тулд активын чанарын үнэлгээ, онош тавьж үнэлгээ хийх асуудал, Хөгжлийн банктай холбогдоод тавигдаад байна. 2017 онд Хөгжлийн банкны санал гомдол хэрэгжээгүй гэсэн олон шалтгааны улмаас хямд хүүтэй зээлдэгч нарын тавьж буй шаардлагыг авч үзэх зайлшгүй шаардлага байгаа учраас энэ асуудлыг оруулж ирж байна гэж байнгын хороо танилцуулгадаа дурдсан байна. Түүнээс биш IPO гаргах шийдвэрээс ухрахгүй хэрэгжинэ. Олон улсын жишиг таван жил байдгийг нь түргэвчилсэн. Цаг үеийн нөхцөл байдал өөрчлөгдөж байна.
 
Монголбанкны ерөнхийлөгч Б.ЛХАГВАСҮРЭН:
 
-Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын хөтөлбөр хэрэгжээд явж буй. Энэ хүрээнд ажлын байрыг дэмжих гурван хувийн хүүтэй зээлийг 2022 онд аж үйлдвэрийг дэмжих, хөрөнгө оруулалтын чиглэлтэй болгож өөрчилсөн. Саяхан Засгийн газраас тогтоол гаргаж, малын гаралтай бүтээгдэхүүн, хөдөө аж ахуй, хүнсний ногоо тариалалттай холбоотой асуудалд, тусгайлан арга хэмжээ авахаар тогтоол гаргасан. Тэр хүрээнд гурван хувийн зээлийг түлхүү ашиглахаар явж буй.
 
УИХ-ын гишүүн Г.ТЭМҮҮЛЭН:
 
-Гаргасан хуулиа хэрэгжүүлдэггүй, хуулиа буцаадаг жишиг тогтох вий. IPO гаргах асуудал хэдэн жилийн дараа хэрэгжиж дуусна гэж та бүхэн харж байна вэ. Уг нь энэ байдлаараа хөрөнгө оруулалтыг дэмжиж, эдийн засгийг тэлэх, санхүүгийн зах зээлийг эрүүл болгох ажлыг үе шаттай хийх ёстой.
 
Монголбанкны ерөнхийлөгч Б.ЛХАГВАСҮРЭН:
 
-Бидний дунд зөрүүтэй ойлголт байна. Хойшлуулж буй биш, хийж дуусах хугацааг нь хойш нь "тавьж" өгч буй гэсэн заалт байгаа. IPO хийдгээрээ хийгээд явна. Эхлэх хугацаа нь хуулиараа нээгдсэн. Одоо ч нээлттэй байгаа. Зөвхөн дуусах хугацааг нь ахиад нэг жилээр сунгаж буй.
Хоёр банкнаас хүсэлтээ СХЗ-д ирүүлсэн. “Голомт”, “Хаан” банкнаас материалаа ирүүлээд зөвшөөрөл авах гээд явж байна.
Олон нийтийн телевиз дээр таван нөлөө бүхий банкны удирдлагуудтай уулзалт хийж, асуултад хариулахад дээрх банкнаас хойшлуулж өгөөч гэж ганц ч хүсэлт гаргаагүй. Таван банк хувьцаа гаргахад бэлэн гэдгээ хэлж байгаа. Хөрөнгийн бирж дээр зэрэгцэхгүй байх үүднээс хугацааг нь сунгаж өгөх нь зүйтэй. Монголбанкны зүгээс 2022 онд багтаан IPO амжилттай хийгээд дуусах байх гэсэн хүлээлт бий. Активын чанарын үнэлгээ заавал хийнэ гэдэг хуулийн зохицуулалт байхгүй.
 
Эдийн засгийн хөгжлийн дэд сайд С.НАРАНЦОГТ:
 
-Төрийн өмчит компаниудын IPO гаргах хугацааг 2023 оны зургадугаар сарын 30 гэж тохирсон. Амжуулах гээд л үзнэ дээ.
 
УИХ-ын гишүүн Б.ЖАРГАЛМАА:
 
-Г.Тэмүүлэн гишүүнтэй санал нэг байна. Гадаадын хөрөнгө оруулагчдыг үргээх чиглэлийг дэмжээд байгаа юм биш үү. Хэрхэн яаж хяналт тавьж байгаа юм бэ. Монгол Улсад хөрөнгийн зах зээл хөгжөөд 30 жил боллоо. Өнөөдөр ямар хэмжээнд байгаа юм. Төрийн өмчийн хувьцаат компани IPO гаргахад маш том саад болох юм биш үү. Хөгжлийн банк хувьцаат компани байсан бол хувьцаа эзэмшигчид хяналт тавиад улс даяар том хэмжээний алдагдал хүлээхгүй байсан.
 
УИХ-ын гишүүн О.ЦОТГГЭРЭЛ:
 
-Банкуудын хувьцааг нээлттэй болгох хуулийн хугацааг өөрчлөх тухай асуудал яригдаж байна. Аливаа хууль өөрчлөхөд шинээр үүссэн нөхцөл байдал гэж байх ёстой байх. Банкууд, хөрөнгө оруулагчид хувьцаа гаргахад дуртай байх шиг байна. Гэтэл яагаад хүчлээд хугацааг нь сунгана гэдэг асуудал яригдаад байна вэ. Оролцогчид нь бэлэн байна. Дээрээс нь хөрөнгийн чанарын үнэлгээг заавал хийх шаардлагагүй гэж байна. Цаана нь өөр шалтгаан байна уу. Банкны салбарын зээлийн үзүүлэлт ямар байгаа юм. Чанаргүй зээлийн хэмжээнд тайлбар өгөөч. Төрийн банкны нөхцөл байдал ямар байна вэ.
 
УИХ-ын гишүүн Ж.СҮХБААТАР:
 
-Өнөөдрийн оруулж ирсэн хуулийн төсөлд хоёр талаас нь хандаж байна. Манай эдийн засаг 2.5 хувиар агшиж байна. Эдийн засгийн таатай бус нөхцөл байдалд IPO хийх хугацааг хэрэгжүүлнэ гээд явах эрсдэлтэй. Бүлгийн дэд даргын хувьд хэлэхэд Засгийн газраас оруулж ирсэн бодлогын арга хэмжээг бид дэмжих ёстой. МИК, Хөгжлийн банктай холбоотой асуудал яригдаж байна. Сүүлийн үед хувийн хэвшлийн асуудлыг их ярьж буй. Цаашдаа хувийн хэвшлийн асуудалд онцгой анхаарал хандуулж, энэ чиглэлд авах арга хэмжээг нээлттэй, чөлөөтэй болгох ёстой.
 
УИХ-ын гишүүн Ч.УНДРАМ:
 
-Энэ асуудлыг дэмжихгүй байна. Хууль 2021 оны нэгдүгээр сард батлагдсан. 2022 оны зургадугаар сард хийе гэж ярьж тохирсон. Энэ хооронд Богд банк амжилттай IPO хийчихлээ. Таван банктай ярилцаад дарааллыг нь тогтоож чадахгүй юу хийж яваад байгаа юм. Олон улсын нөхцөл байдал энд ямар хамаатай юм. Олон залуус хөрөнгө оруулахаар бэлдчихсэн байна. Банкны засаглалыг сайжруулахаар хууль баталсан. Яагаад ухраад хойшлуулъя гээд байгаа юм. Та бүхний бичсэн үндэслэл хамаагүй гэж бодож байна. Койн энэтээ ямар ч хамаагүй. Яагаад ийм асуудал орж ирж байгааг би ойлгохгүй байна. "Голомт", "Хаан" банк хүсэлтээ өгсөн. "Худалдаа хөгжлийн банк", "Төрийн банк" лоббидоод байгаа юм уу. Активын чанарын үнэлгээг дараа нь хийчхэж болно. Огт дэмжихгүй байна.
 
УИХ-ын гишүүн Э.БАТШУГАР:
 
-Энэ хуулийн төслийг дэмжиж байна. IPO хийх буюу капитал марктай хөгжүүлэх нь зөв. Харамсалтай нь өнөөдөр цаг хугацаа нь биш байна. Яагаад гэвэл дэлхий даяар эдийн засгийн нөхцөл байдал амаргүй байна. 2022 оны нэгдүгээр улиралд дэлхий даяар нийт IPO 10 дахин багассан. Энэ жил 500 сая ам.доллараас дээших IPO хоёр хийгдсэн. Том IPO хийх нь цаг хугацааны хувьд тохиромжгүй байна. Би Лондонд хоёр IPO хийж байсан. Хойшлуулдаг зүйл байдаг. Хамгийн чухал нь хөрөнгө оруулагчдаа хамгаалах ёстой. Макро эдийн засаг талдаа 500-600 тэрбум төгрөг банкуудын хадгаламжаас очно. Тэгээд тэнд гацчихсан байгаа юм.
 
УИХ-ын гишүүн Д.ЦОГТБААТАР:
 
-Энэ хуулийн төслийг дэмжихгүй. Анхнаасаа энэ хуулийн төслийг оруулж ирж байхад эргэлзэж байсан. Төрийн компаниудыг олон нийтийн болгох асуудал нэг өөр.
Төр нь даварсаар бүхэл бүтэн салбарыг ямар өмчлөлийн хэлбэртэй болохыг заадаг болоод байгаагийн бодит илэрхийлэл нь энэ. Бүх банкийг та нар олон нийтийн өмчлөлийн хэлбэртэй бол гэж заах нь байна.
Маргааш зөндөө компаниудыг ингэнэ. Тухайн үед хуулийг яагаад дэмжсэн гэхээр “хөрөнгийн биржийг хөгжүүлэх нь нэг салбарын эрх ашгаас илүү том эрх ашиг юм байна. Залуус үүнд манлайлал үзүүлж оруулж ирж байна, олон нийтийн эдийн засагт орох оролцоог дэмжих юм байна” гэж дэмжсэн. Гэтэл өнөөдөр болохгүй байна гээд буцааж байна. Тэгтэл нэг хоёр банк хугацаандаа амжаагүйн төлөө энэ болохгүй байна гээд сууж болохгүй. Хууль гарсан бол хэрэгждэг байх ёстой.
Хянан шалгах түр хороо байгуулах асуудлыг хэлэлцэж байна.
09 : 15
2022-5-12

Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн төслийг хэлэлцэнэ

Энэ долоо хоногийн Пүрэв, Баасан гарагт /2022.05.12-2022.05.13/ хуралдах Монгол Улсын Их Хурлын 2022 оны Хаврын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулж байна.

 
ЦАГЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААНХААНА
10.00

 · Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2021.03.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

· “Олон Улсын автотээвэрлэлт гүйцэтгэх тээврийн хэрэгслийн багийн ажлын тухай Европын хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2022.04.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

· Далай ашиглах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2019.10.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

· “Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2022.04.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

· “Монгол Улсын хөгжлийн 2023 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2022.04.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

· Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Х.Баделхан нарын 3 гишүүн 2021.07.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

· Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг нарын 4 гишүүн 2022.04.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

· Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2022.04.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

· “Хянан шалгах түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал нарын 22 гишүүн 2022.05.03-ны өдөр өргөн мэдүүлсэн/

· “Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлийн зарим гишүүнийг чөлөөлөх, томилох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл

· “Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн зарим гишүүнийг чөлөөлөх, томилох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл

· Монгол Улсын Ерөнхийлөгчийн мэдээлэл

· Улсын Их Хурлын гишүүн Н.Учралаас Монгол Улсын Ерөнхий сайдад хандаж Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийн чөлөөт үлдэгдлийн талаар тавьсан асуулгын хариу сонсох

· Бусад

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж