Төв талбайд хиймэл зүлэг дэвсэхэд 600 сая төгрөг зарцуулжээ

Хуучирсан мэдээ: 2022.05.12-нд нийтлэгдсэн

Төв талбайд хиймэл зүлэг дэвсэхэд 600 сая төгрөг зарцуулжээ

Төв талбайд хиймэл зүлэг дэвсэхэд 600 сая төгрөг зарцуулжээ

Сүүлийн өдрүүдэд нийслэлчүүдийн хамгийн их зорин очиж буй газрын нэг нь Сүхбаатарын талбай дээр дэвссэн хиймэл зүлэг болсон.  Эндээс Улаанбаатар хотод ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэн ямар чухал байгааг харж болохоор. Цементэн шугуй, төмөр хашаагаар хүрээлэгдсэн  хотын оршин суугчид нь хиймэл зүлэг хараад баярлаж байгаа нь нэг талаар инээдэм нөгөө талаар эмгэнэл юм.

Тэр тусмаа хиймэл зүлгийг иргэдэд зориулж дэвсээгүй нь бүр үнэн. Өөрөөр хэлбэл, хөлбөмбөгийн спортыг олон нийтэд сурталчлан таниулах үүднээс Ерөнхийлөгчийн санаачлагаар “Нийтийн хөлбөмбөг” арга хэмжээний хүрээнд төв талбайд хиймэл ногоон зүлэг дэвссэн.  Нийтдээ 11 өдрийн арга хэмжээ нь энэ сарын 18-ныг хүртэл үргэлжлэх юм байна. Хөлбөмбөгийн клуб бүр өөрсдийн асарт байрлаж, өмсгөлөө зарах, академидаа шинээр хүүхдүүд элсүүлэх, байгууллагуудтай хамтрах, өөрсдийгөө сурталчлах арга хэмжээ явуулахаар төлөвлөжээ.

Нийслэлийн төв талбай дээрээ хиймэл зүлэг дэвсээр  хөлбөмбөг тоглодог улс орон тийм ч олон биш. Харин ард нийтээрээ хөлбөмбөгийг үндэсний спорт, соёл уламжлал гэж үздэг орнууд ийм арга хэмжээ зохион байгуулах нь бий.  Монгол Улс өмнө нь 3х3 сагсан бөмбөгийн болон мөсөн гулгуурын талбайг засч байв. Тэгвэл энэ удаад 45м х 90м харьцаатай стандартад нийцсэн хөлбөмбөгийн талбай засчээ.

"Манай ихэнхи сургуулиудын гаднах талбай стандарт биш"

Монголын хөлбөмбөгийн холбооны маркетингийн хэлтсийн дарга Э.Амарсайхан “Нийтийн хөлбөмбөг буюу “Grassroots” гэж хөтөлбөр бий. Үүнийг орон даяар явуулъя гэх санаачлагыг өнгөрсөн жил Монгол Улсын Ерөнхийлөгчид тавьж, түүний ивээл дор энэ төслийг зургаан жил хэрэгжүүлэхээр болсон. Төслийн хүрээнд 21 аймаг, нийслэлийн есөн дүүрэгт олон улсын тэмцээн явуулах боломжтой стандарт хөлбөмбөгийн талбайтай болъё, хүүхэд залуусыг багаас нь багийн спортод оруулъё, мэргэжлийн арга зүйч нараар дунд сургуулийн бага ангид нь сургалт явуулъя, төр захиргаа, бизнесийн байгууллагуудыг хөлбөмбөгт татан оролцуулъя гэх мэт ажлууд бий” гэв.

Ийнхүү тавдугаар сарын 18-ныг хүртэл Сүхбаатарын талбай дээр өдөр нь хөлбөмбөг орой нь урлаг соёлын арга хэмжээ болох аж.

Талбайн зүлгийг  “ногоон дрож” гэж хэлэх нь учир дутагдалтай болохыг мэргэжлийнхэн хэлж байна. Тус зүлгийг дэвсч, нааж, цагаан шугамыг нь тавьж, хар резин цацахад л 7-8 өдрийн ажил, тээвэрлэлт, засалт нь 50-60 сая төгрөг болжээ. Олон улсын стандарт нийцсэн энэхүү талбайг цаашид 96 дугаар сургуульд хандивлана. FIFA буюу Олон улсын хөлбөмбөгийн холбоо, Монголын хөлбөмбөгийн холбоотой хамтран дунд сургуулийн гаднах талбайг тохижуулах төслийн хүрээнд хийгдэж буй ээлжит ажил нь энэ аж. Өнгөрсөн жил л гэхэд 4-5 сургуулийг гаднах хөлбөмбөгийн талбайг тохижуулжээ.

Сүхбаатарын талбай дээрх хиймэл зүлэг бүхий талбайн нийт өртөг 500-600 сая төгрөг аж.

Э.Амарсайхан

Э.Амарсайхан ярихдаа “Энэ зүлгийг засахад хэд хэдэн технологи бий. Талбайн нэг асарт яг энэ зүлэгний талаар, хөлбөмбөгийн стандарт талбай гэж юу болох, хэрхэн засахыг танилцуулна. Манай ихэнхи сургуулиудын гаднах талбай стандарт биш. Их хатуу байдаг. Тиймээс 11 өдөр үргэлжлэх хөлбөмбөгийн экспо дээр ирж, мэдээлэл авч, стандарт талбай гэж юу болохыг хараарай” гэлээ.

"Бусад талбайгаас авдаггүй өөр мэдрэмжийг эндээс авч байна"

Монголын хөлбөмбөгийн лигийн болон өсвөрийн багууд, аймгийн хөлбөмбөгийн холбоод, шигшээ багийн тамирчид тус талбай дээр бэлтгэл сургуулилт хийхээс гадна өөрсдийгөө сурталчлан таниулах үйл ажиллагаа зохион байгуулах хуваарьтай. Биднийг очиход “Хад” болон “Элч” багуудтай бэлтгэлээ хийж байсан бол хажуугийн асарт нь “Би Си Эч Лионс”, “Эф Си Улаанбаатар” клубууд үйл ажиллагаагаа сурталчилж байлаа.

Э.Чинбаяр

Энэ үеэр “Элч” клубын ахлах дасгалжуулагч Э.Чинбаяртай ярилцав. 2019 онд байгуулагдсан тус багийн хувьд өнгөрсөн жил хоёрдугаар лигт түрүүлж, энэ жил нэгдүгээр лигт хүч үзэж явна. Тэрбээр “Анх удаа төв талбай дээрээ хөлбөмбөг тоглож байна. Их л сонин байна. Бусад талбайгаас авдаггүй өөр мэдрэмжийг эндээс авч байна. Энэ жилийн дэлхийн аварга өвөл болно. Дэлхийн аварга ч дөхөж байна, хөлбөмбөгийн өдөрлөг ч болж байна. Тиймээс хүүхэд залуусыг талбайгаар зочилж, мэдээлэл аваасай, энэ спорттой танилцаасай, хичээллээсэй гэж хүсч байна. Клуб бүр  өсвөрийн академитай болж, хөлбөмбөгөөр хичээллэгсдийн тоо ч нэмэгджээ” гэв.

Талбай дээр хүмүүс нас, хүйс харгалзахгүй тоглож нийтийн хөлбөмбөг гэдгийг утгаар нь харуулав. Эмэгтэй тамирчид тэнд эрчүүдээ ур чадвараараа дутахгүй болохоо харуулж байлаа. Тэдний тоглохыг арван жилийн сурагчид, хүүхдүүд цөөнгүй үзэж сонирхож байв.  Ингээд “Хад” багт харьяалагдаж, лигт тоглож буй Э.Байгалмаатай ярилцсан юм. Түүнийг 15 настай байхад Сүхбаатар аймагт “Хад” клубын эмэгтэй тамирчид үзүүлэн тоглолт хийн, сургалт явуулжээ. Тэр үед л энэ спортод татагдаж, аймгаа төлөөлөн улсын аваргаас мөнгөн медаль хүртэж байсан гэнэ.

Э.Байгалмаа “Би 2018 оноос “Хад” клубын үндсэн тоглогч болсон. Эмэгтэйчүүдийн хөлбөмбөг эрэгтэйтэй харьцуулахад хөгжил нь дөнгөж эхэлж байна. Лигийн өрсөлдөөн ч ширүүн. Хөлбөмбөгөөр хичээллэх хүсэлтэй охиддоо хандан хэлэхэд хурд хүч, тэнцвэрийн дасгал хийгээрэй. Хамгийн гол нь тамирчин хүн сэтгэл зүйгээ бэлдэж, тууштай байгаарай. Мөн гэр бүл нь дэмждэг байвал илүү их амжилтад хүрнэ шүү” гэж зөвлөв.

2008 онд байгуулагдсан “Хад” клуб нь өдгөө 14 дэх жилийнхээ нүүрийг үзэж байгаа бөгөөд 2015 онд эмэгтэйчүүдийн анхдугаар лигийн аваргаар тодорч, улсын аваргаар гурван удаа тодорчээ.

Монголчууд зүлэг, элс хоёр харахаараа л ноцолддог, барилддаг гэж үнэн бололтой. Талбайн голд хөлбөмбөгчид бөмбөг өшиглөж байхад талбайн захад хоёр залуу өрж, тэр хоёрын найз нь бололтой залуу хүрэм, цүнхийг нь бариад зогсоно. Харин нөгөө захад нь арван жилийн хүүхдүүд гар бөмбөг тоглоно. Асраар зочлоход дээд лигийн “Би Си Эч Лионс”, “Эф Си Улаанбаатар” багуудын төлөөлөл үйл ажиллагаагаа танилцуулж, хүүхдийн академидаа элсэлт авч байлаа.

"Монголд хөлбөмбөгийг тэргүүлэх спорт гэж үзэх хэрэгтэй"

“Би Си Эч Лионс” багийн маркетингийн менежер Г.Азжаргал “Хөлбөмбөгт дуртай, хайртай тамирчдад, хүүхдүүдэд таатай арга хэмжээ болж байна. Сэтгэл өндөр байна. Манай баг хуваарийнхаа дагуу үзэгчид, сонирхогчид руугаа чиглэсэн хөтөлбөрүүдийг явуулж, танилцуулга, сургалтаа хийнэ. Бүх багууд л ам сайтай байна. Манай баг өдөр бүр сурталчлах арга хэмжээтэй. Хүүхдүүд мэдээлэл авч, клубт маань элсч байгаад таатай байна. Иргэд их ч хүлээлттэй байжээ. Сайн оролцож байна” гэлээ.

Г.Азжаргал

Харин “Эф Си Улаанбаатар” клубын дасгалжуулагч Войкан В.Бралусич “Энэ арга хэмжээг зохион байгуулж буй хөлбөмбөгийн холбоонд талархал илэрхийлмээр байна. Монголд хөлбөмбөгийг сурталчлах сайхан арга хэмжээ болж байна. Ийм төрлийн зүйлс хийж ирээдүйдээ хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй. Монголд хөлбөмбөгийг тэргүүлэх спортоо гэж үзэх хэрэгтэй. Учир нь монголчууд хөлбөмбөгт дуртай, амжилтад хүрэх ур чадвар бий. Өнгөрсөн есдүгээр сард бид хүүхдийн академиа нээсэн. Бид “Нийтийн хөлбөмбөгт” анхаарлаа хандуулж, 6-12 насны хүүхдүүдийг хөгжүүлэх хүсэлтэй. Ингэж л сайн суурьтай, охид хөвгүүдийг бэлтгэнэ. Хөлбөмбөгт дуртай охид, хөвгүүдийг бидэнтэй нэгдээсэй гэж хүсч байна" гэв.

“Нийтийн хөлбөмбөг” төслийн нээлтийн үйл ажиллагаа ирэх Бямба гаригт бөгөөд Ерөнхийлөгч, хотын даргаас гадна цагтаа Английн шилдэг багуудад хүчин зүтгэж явсан, 2006 оны дэлхийн аваргын мөнгөн медальт Виллиам Галлас хүрэлцэн ирэх аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
31
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж