ХЭҮК: Цагдаа нар жагсагчдын эрхэнд халдсан

Хуучирсан мэдээ: 2022.05.12-нд нийтлэгдсэн

ХЭҮК: Цагдаа нар жагсагчдын эрхэнд халдсан

ХЭҮК: Цагдаа нар жагсагчдын эрхэнд халдсан

“Монголдоо сайхан амьдаръя” жагсаалын үеэр зарим иргэдийг баривчлан саатуулах үед хүний эрхийн зөрчил гарсан эсэх болоод цагдаагийн албан хаагч нийгмийн хэв журмыг сахиулахдаа хүч хэрэглэсэн эсэх дээр Хүний эрхийн үндэсний комиссоос /ХЭҮК/ дүгнэлт гаргажээ. Тодруулбал, өнгөрсөн дөрөвдүгээр сарын 7-9-нд тус тайван жагсаал болсон. Энэ үеэр үймээн самуун гаргаж болзошгүй гэх шалтгаанаар жагсаалд оролцож байсан 69 хүнийг түр саатуулсан билээ. Тухайн үед тэдгээр иргэдийн эрхийг зөрчсөн байж болзошгүй асуудал дээр ХЭҮК ажиллаж, дүгнэлтээ гаргасан байна.

ИРГЭДИЙГ ОЛНООР БАРИВЧИЛСАН НЬ ТАЙВАН ЖАГСААЛ ЦУГЛААН ХИЙХ ЭРХИЙГ ЗӨРЧСӨН

69 иргэнийг баривчилж, саатуулсан нь жагсаал, цуглааныг намжаах, хүч хэрэглэн тараах явдал гэж ХЭҮК-оос дүгнэжээ. Энэ талаар тус комиссын гишүүн Г.Нарантуяа дараах мэдээллийг өгөв.

Тэрбээр, өнгөрсөн сард болсон гурван өдрийн жагсаалын үед нийт 69 иргэнийг цагдаагийн байгууллагаас саатуулсан. Ингэж иргэдийг олноор нь саатуулсан нь хүний халдашгүй чөлөөтэй байх, тайван жагсаал цуглаан хийх эрхийг зөрчсөн гэж Хүний эрхийн үндэсний комиссоос үзлээ. Мөн иргэдийг баривчилсан нь жагсаал цуглааныг зогсоох намжаах гэсэн үйлдэл гэж үзсэн.

Жагсаал цуглаанд шууд оролцоогүй хүмүүсийг түр саатуулсан асуудал байгаа. Үүнээс гадна саатуулж байх хугацаанд нь өмч хөрөнгөд нь хохирол учирсан тухай асуудлууд яригдаж байна.

ХЭҮК-оос кейсүүдэд ажиглалт хийж, дүгнэлт гаргасан. Саатуулагдсан жагсагчдын  ар гэрийнхэнд нь мэдээллээгүй асуудлууд түгээмэл тавигдсан. Мөн хууль зүйн туслалцаа үзүүлэх боломжийг хязгаарласан. Тэгэхлээр хүний эрхийн зөрчил гарсан гэж үзэж байгаа. ХЭҮК-оос баримтжуулсан гол зүйл бол зургаан иргэнд цагдаагийн алба хаагчид хүч хэрэглэсэн. Тиймээс дүгнэлтэд тулгуурлаж дараа дараагийн арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.

Цагдаагийн алба хаагчид нийтийн хэв журмыг сахин хамгаалах үеэр хүч хэрэглэсэн нь тогтоогдсон. Үүнтэй холбоотойгоор ЦЕГ-аас албан шалгалт хийж байгаа. Гэмт хэрэг мөн эсэхийг шалгаж байгаа гэсэн үг.

Холбогдох хэлтэс шалгах ажиллагааг явуулж байгаа учраас ХЭҮК хөндлөнгийн ажиглалт хийж байгаа. Комиссын дүгнэлтээр цагдаагийн байгууллага хүний эрхийг зөрчсөн гэх дүгнэлт гарсан ч нэг зүйлийг онцлоход цагдаа бүхий л шаардлагатай баримт, мэдээллийг ХЭҮК-т өгдөг. Энэ нь цаашид хүний эрхийг халдашгүй байх, нийтийн хэв журмыг сахиулахад цагдаагийн алба хаагчид хамтарч ажилладаг гэдгийг иргэд ойлгох хэрэгтэй. ХЭҮК-ын гаргасан хоёр дахь дүгнэлтээр дээр хэлсэнчлэн цагдаа дөрөвдүгээр сарын 8-9-нд шилжих шөнө иргэний биед халдсан явдал. Тодруулбал, цагдаагийн хошууч Д хүнийг өшиглөсөн асуудал гарсан. Үүнээс гадна 4-5 баримт бий. Энэ бүхнийг албан хэлтэс шалгаж, зохих хариуцлагыг тооцож ажиллахад бидний зүгээс анхаарч байгаа. Харин цагдаагийн есөн алба хаагч бэртсэн асуудалд Хууль зүйн яам болоод цагдаагийн байгууллага арга хэмжээ авч ажилласан болохыг комисст мэдэгдсэн.

Хүний эрхийн зөрчлөөс гадна сүлжээ сарниулагч тавьсан байж болзошгүй асуудлыг мөн шалгасан. Хэрэв сүлжээг хаасан бол хүний мэдэх эрхийг зөрчиж байгаа хэлбэр. Гэхдээ баримтаар тогтоогдоогүй. Тэгэхлээр нотлогдоогүй зүйлийг комисс дүгнэж гаргах боломжгүй.

ЖАГСААЛЫН ҮЕЭР ИРГЭДИЙН БИЕД ХАЛДСАН АЛБА ХААГЧДЫГ ШАЛГАХ АЖИЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

ЦЕГ-ын Олон нийттэй харилцах албаны дарга, хурандаа Б.БААТАРХҮҮ:

-Цагдаагийн алба хаагч иргэнийг цохиж, хүч хэрэглэж буй бичлэгт дүн шинжилгээ хийж байгаа. Нийгмийн сүлжээнд цацагдсан бичлэгийн тухайд зөвхөн нэг талаас авсан иргэний видео байсан. Түүнийг хариуцах нэгжээс шалгаж, олон талын бичлэгийн харьцуулж байж дүгнэлт гарна. Одоогоор тухайн бичлэгийн хяналтын дүн гараагүй. Мэдээж буруутай үйлдэл гаргасан гэж үзвэл зохих хариуцлагыг тооцно. Цагдаагийн алба хаагч санаатайгаар хүний биед халдах ёсгүй. Тухайн үйлдэл жагсаал цуглааныг албадан тараах үеэр болсон.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж