Нохойтсон эзэн, нэхэж буй хууль

Хуучирсан мэдээ: 2022.05.12-нд нийтлэгдсэн

Нохойтсон эзэн, нэхэж буй хууль

Нохойтсон эзэн, нэхэж буй хууль

Бяцхан хүүг Цэцэрлэгт хүрээлэнд тоглож байхад нь франц бульдог гэмтээжээ. Хүүгийн гэмтсэн уруулыг харахад нүд халтирам. Хэд хэдэн оёдол тавиулсан бөгөөд хагалгаанд орох шаардлагатай болов. Гээд хүүгийн царай хэзээ ч хуучин хэвэндээ орохгүй нь мэдээж. Түүнээс илүү аймшигтай нь түүний бяцхан сэтгэхүйд үлдсэн айдас насан туршид дагана. Хүүгээ цустай хутгалдсан байхыг харсан эцгийг сандарч, мэгдэж, бушуухан эмнэлэг бараадахаас өөрийг бодох сөхөөгүй байхад нохойн эзэн нохойгоо дагуулаад алга болсон аж. Буруутанг хаанаас олох вэ?

Нохойд хазуулсан, бариулсан тохиолдол гарах бүрт энэ талаар бид шуугиад өнгөрдөг. Өнөөдөр нэг хэсэг нь нохойг буруутгах, нөгөө хэсэг нь нохойг өмөөрч хоёр талцаад асуудал шийдэгдэхгүй. Харин үүнийг зохицуулах хууль зайлшгүй үгүйлэгдэж байна.

ХОТОЧ БАНХАРААС ХОРИОТОЙ ҮҮЛДЭР ХҮРТЭЛ

…Хүн нохойг гаршуулсан түүх чулуун зэвсгийн үеэс эхтэй гэдэг. Харин монголчууд одоогоос 12 мянган жилийн өмнө нохойг гаршуулсныг нотлох баримт Увс аймгийн Сагил сумын Можоогийн хадны зурагт дүрслэгдэн үлдэж. Хоточ, хоньч нохой монголчуудад хэзээнээсээ нэр сайтай. Муур харин муу нэртэй. Нохой эзнийгээ хамгаалдаг бол муур хараадаг гэх явган яриа хүртэл амнаас ам дамжсаар ирсэн.  Гэхдээ монголчуудын нохойд хандах хандлагад өдгөө нэлээд өөрчлөлт гарчээ.

Монгол банхар ховордсон ч нохойн бараг л бүх үүлдэр монголд хэт элбэгшиж. Элбэгшихийн хэрээр гудамжны, золбин ноход ч ихэссэн. Нохойн үүлдэр зөвхөн гаднах байдлаараа өөр байдаггүй. Зан төлөв, зориулалт огт ондоо төдийгүй зарим нь зодооны, бүр амьд зэвсэг болгон ашигладаг маш олон оронд тэжээхийг хорьсон үүлдэр ч хотын гудамжинд хошуувчгүй зөрнө.

Сүнс нохойн төрлийг дамжиж байж сая хүн төрлийг олдог гэж сүсэглэдэг монголчууд урьдын хоточ банхараа тэжээдгээс ондоогоор, орон гэртээ нохойгоо тэжээдэг болсон төдийгүй бүр үр хүүхэд шигээ ханддаг болсонд ч гайхах зүйлгүй. Энэ бол гадаадаас орж ирсэн бас нэгэн соёл. Ингэхдээ үүлдэрт нь ач холбогдол өгдөг ч үүсэл, удамд нь анхаарал төдийлөн хандуулдаггүй сайн дурын үржүүлэгчид, амьтны дэлгүүрт ашиг олох боломж олгож, тэр тоолонгоор илүү олон асуудал гарах болсон талаар мэргэжлийн хүмүүс анхааруулж байна.  Ашиг хонжоо хайгчдын дээрх үйлдлийг ертөнцийн гурван хөөрхөнд нохойн гөлгийг багтаадаг монголчуудын тааламж,  хүүхдийнхээ хүслийг биелүүлэх гэсэн ээж, аавын эрмэлзэл дөгөөнө. Хожмын арчилгаа, үр дагавар, зарцуулах цаг хугацаа, эдийн засгийн нөөц бололцоо зэргээ сайтар тооцоололгүйгээр хүүхдийнхээ хүслээр нохой авснаас болоод хэсэг хугацааны дараа хүүхдийн сонирхол буурч, арчилж чадахгүй болоод ирэхээрээ өөр хүнд өгдөг, болохгүй бол гудамжинд гаргадгаас олон үүлдрийн нохой золбирох нь олширчээ. Мөнгө олохын тулд нохой үржүүлэгчдийн балгаар цэвэр цусны, сайн чанарын үүлдэр Монголд тун чиг цөөхөн аж.

Мэдээж цэвэр цусных биш учраас тухайн үүлдэрийн онцгой шинж, зан чанар, хэлбэр хүртэл алдагддаг. Энэ нь мэдээж саар үр дагавар авчрах нь ойлгомжтой. Гадаадын ухаантай нохойнуудын алмайрам бичлэгийг үзэх төдийхнөөр асуудалд хандан тухайн үүлдрийн нохойг авдаг ч сайтар харвал авсан нохой нь тэднээс толгой, биеийн хэлбэр, үс нь хүртэл өөр байгааг төдийлөн анзаардаггүй. Нохой үржүүлэгчид ашиг олохын тулд наад зах нь цэвэр цустай эсэх, цаашлаад удмын бичигт ач холбогдол өгдөггүй. Нэгэнт гаргаж авсан үүлдрээсээ өөр цустай холилдсон болохоор зан байдал, характерт нь ч өөрчлөлт орох нь тодорхой. Тиймээс хүүхдэд ээлтэй, гэр бүлийн гэгддэг нохойнууд эзнээ хазсан, дайсагнасан үйлдлүүд гаргасан талаар элбэг дуулддаг.

Өөр нэгэн гаж үзэгдэл нь гадаадад тусгай зөвшөөрлөөр тэжээдэг, үржүүлдэг амьд зэвсэг гэж хэлж болохуйц үүлдрийг Монголд хэн дуртай нь тэжээж байна.

Дундад ази, кавказ овчарка, доберман, ротвейлер, Түвд банхар, питбультерьер, акита инү, маламут, хаски, боксер, чау чау, дог аргентино гэхчлэн аюултай нохдыг гудамжинд хошуувч, хөтөлгөөгүй дагуулж явах нь манайд энгийн үзэгдэл. Түрэмгий авиртай, хүч чадал ихтэй эдгээр нохдыг ямар ч сургуулилтгүй, буруу тэжээсэн тохиолдолд эзэндээ ч хөнөөлтэй. Тэр дундаас питбультерьер, бульдог, мастиф, кавказын хоньч зэрэг зарим улс оронд тэжээхийг хориглосон үүлдэр ч хэд хэд бий.

НОХОЙ ХҮН ХАЗВАЛ ЯМАР ШИЙТГЭЛТЭЙ ВЭ?

Нохой тэжээгчдээс тэжээдэггүй хүмүүсийн шаарддаг зүйл нь нохойгоо хошуувчтай явуулахыг байнга сануулдаг бол тэжээгчид нь гэмгүй, хүн хаздаггүй үүлдрийн гэх зөвтгөлөөр үгүйсгэдэг. Гэтэл хаздаггүй нохой янз бүрийн шалтгаанаар хүүхэд хазсан олон тохиолдол гарчээ. Энэ тохиолдолд эзэн нь эм тарианы мөнгийг нь өгөх зэргээр зохицоод өнгөрдөг бол зарим тохиолдолд тоолгүй хаяад явах нь ч цөөнгүй гардаг нь харамсалтай нь үнэн. Аюулгүй байдал ба амьтны эрхийг хамгаалах хуулийн нарийн зохицуулалт байхгүй ч Эрүүгийн хуульд энэ талаар хоёр заалт бий.

20.15 дугаар зүйл.Орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгах

Орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.

Энэ гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан, хохирогч нас барсан бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

БУУН ДУУ 

Хотын зах эсвэл гэр хороололд үе үехэн буун дуу тас хийх нь энгийн үзэгдэл. Нохой устгалынхан золбин нохойг буудаад ачааны машинд ачаад явдаг аймшигтай дүр зургийг бидний бяцхан үрс харсаар өсөн өндийж байна. Үүнд саяар хэмжигдэх мөнгө зарцуулдаг ч байдал дээрдсэнгүй. Хотын төвөөр ч золбин нохой хоол эргүүлээд гүйж явдаг нь Монголын нийслэлийн үнэн төрх. Энэ арга амжилтгүй гэдгийг өнгөрсөн хугацаа харуулаад байна. Хотын дарга Су.Батболдын үед золбин нохойг засах тухай санаачлага гарсан ч иргэдийн эсэргүүцэлтэй тулаад больсон. Үнэндээ буудсанаас л дээр шийдэл байлаа. Золбин нохойг буудахаас зассан нь олшрох боломжийг хаасан бодит ажил болно. Дээр нь нохой бол хүн биш. Тэжээгч нар ч "Хайртай нохойныхоо үр төлийг нь гаргачих юмсан" дэндүү хүнчилсэн байдлаар асуудалд ханддагаас өнөөдөр гудамжны нохой ихэсчээ. Тиймээс нохойн заслага бидний хийж чадах хамгийн эхний бодитой ажил болов уу?

“АНХААР НОХОЙТОЙ”

Хуучин цагт гэр хорооллын хашааны хаалганаас ийм бичиг олж харвал “зуудаг нохойтой юм байна” гээд хэн ч ойлгочихно. Тиймээс холуур явахыг хичээдэг бол, нохой нь уяанаасаа алдуурч зуулгасан тохиолдолд хохь нь болоод өнгөрөх нь энүүхэнд байсан цаг. Одоо ч эл байдал нэг их өөрчлөгдсөнгүй. Араатан тэжээж л байгаа бол бусдын болоод ойр тойрныхоо аюулгүй байдлыг хангах нь тухайн хүний үүрэг. Гэтэл буруутвал нохой руу чихэж, “нохойтдог” явдлаас болоод хохирогч нь хүүхэд, эмэгтэйчүүд болж байна. “Анхаар нохойтой” гэдгээс илүүтэй аюулгүй байдлыг нь хариуцдаг тусгай зөвшөөрөл өнөөдөр үгүйлэгдэж байна. Нохойг хэн дуртай нь бус зөвхөн тусгай зөвшөөрлөөр үржүүлдэг, зардаг болох хэрэгтэй. Тэжээвэр амьтны хууль баталж, орчиндоо аюулгүй хор хөнөөлгүй тэжээхээс эхлээд эздийг хариуцлагажуулахгүй л бол хэн дуртай нь хүссэн нохойгоо үржүүлсээр Монгол нохойн эх орон болж. Нохой элбэгшихийн хэрээр тэдний эрх ч бас зөрчигдсөөр байна. Дөнгөж төрмөгц хаягддаг, зарим нь бүр гудамжинд мэндэлдэг, гудамжинд өсөж өндийдөг, эсвэл үхдэг. Энэ нь хэвийн байж л байдаг үзэгдэл болоод удаж байна. Нохойг, нохой тэжээгчдийг үзэн ядаад өнгөрөх бус хууль гаргаж, хүндээ ч нохойндоо ч ээлтэй улс болох шаардлагатай байна.

ЭРҮҮГИЙН ХУУЛИАР ЭНЭ АСУУДЛЫГ ЦЭГЦЛЭХГҮЙ

Эрүүгийн хуулийн хоёрхон заалтад энэ асуудлыг найдах нь улам л олон хохирогчдыг бий болгоно уу гэхээс цөөлөхгүй. Гэрийн тэжээвэр амьтны хуулийг амьдралаас урган гарсан асуудлууд биднээс нэхэж байна. Эрх зүйн зохицуулалт байхгүйгээс хэн дуртай нь догшин ширүүн авиртай, зодооны нохойг дур зоргоороо тэжээн бусдын эрүүл мэнд, гоо сайхан, амь нас, эд хөрөнгөд заналхийлээд буй хэрэг.

Зодооны, хамгаалалтын зориулалтаар ашигладаг нохойг гадаадад тусгай зөвшөөрөлтэй байгууллага үржүүлдэг бол зөвхөн тусгай зөвшөөрөлтэй этгээдэд аюулгүй байдлыг нь хангасны үндсэн дээр тэжээхийг зөвшөөрдөг ч гудамж талбайд дур зоргоороо хөтлөөд явахыг хориглодог. Тиймээс энэ төрлийн нохойг нарийн хяналтын дор тусгай зөвшөөрлийн эрхтэйгээр тэжээдэг, үржүүлэхийг хориглодог хууль үгүйлэгдэж байна.

Нохой үржүүлгийг дурын дэлгүүр, үйлчилгээ эрхлэгчид бус тусгай зөвшөөрлөөр мэргэжлийн байгууллага эрхэлдэг, тэжээвэр амьтан бүрийн удмын бичигжүүлэх шаардлагатай байна.

Хэрэвзээ хууль эрх зүйн орчин Монголд хангалттай бүрдсэн бол Цэнгэлдэх хүрээлэнд болсон шиг явдал гарахгүй бөгөөд гарсан ч тухай нохойны эзнийг олоод зогсохгүй, хүүхдийн аюулгүй байдал, гоо сайханд халдсан, хариуцлагыг нь хүлээлгэх байсан.

Хүний эрхээ ч хамгаалж чаддаггүй улсад юун амьтны эрх гэх хүн бишгүй олон байх. Гэхдээ амьтны эрхээс гадна аюулгүй байдлыг хуулиар зохицуулах зүй ёсны шаардлага амьдралаас урган гарч байгаа юм. Тиймээс хууль эрх зүйн орчныг бүрдүүлтэл амьтны дэлгүүр, үржүүлэг хийж, ашиг олох зорилгоор хэнд ч хамаагүй худалдаалах явдлыг хамгийн түрүүнд цэгцлэх нь хууль, хяналтын байгууллагын хийх ёстой ажил болов уу? Гэрийн тэжээвэр амьтны хууль бидэнд үгүйлэгдэж байна.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж