Б.Жавхлан сайдын өгсөн сайн, муу мессэж

Хуучирсан мэдээ: 2022.05.11-нд нийтлэгдсэн

Б.Жавхлан сайдын өгсөн сайн, муу мессэж

Б.Жавхлан сайдын өгсөн сайн, муу мессэж

Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцсэн асуудлыг Сангийн сайд Б.Жавхлан танилцуулахдаа сайн, муу хоёр мессэж өгөв. Сайн нь Хөгжлийн банкны гаргасан 1.6 их наядын хэмжээтэй чанаргүй зээлээс нийтдээ 260 тэрбумыг нь эргүүлэн төлүүлсэн  болохыг, муу нь мөн зургадугаар сарын 1 гэхэд 450 тэрбум, арванхоёрдугаар сарын 31-ний өдөр гэхэд 800 тэрбум төгрөг төвлөрүүлэхгүй бол бол тус банк дампуурах, олон улсын зах зээлд Монголын Засгийн газрын нэр хүнд унах эрсдэлтэйг дуулгав. Мөн сайн мэдээ нь “Самурай” бондын төлбөрийг урьдчилаад төлөхөөр болсон, муу нь Хөгжлийн банк олон улсын зах зээлээс босгосон Евро болон Самурай бондын төлбөрийг 2023 онд төлж барагдуулахгүй бол Монгол дефольт зарлахад хүрэх аж.

Нэг ёсондоо “Хорин хэдэн шарыг минь хоёр хулгана идчихлээ гэж үү” гэгчээр Хөгжлийн банкнаас 1.6 их наяд төгрөг аваад “үрчихсэн” 73 зээлдэгчээс болж Монгол Улс дампуурлаа зарлаж болзошгүй байна. Мэдээж, хоёр чихийг нь огтлохоос өөр юмгүй хоосон хүмүүс биш болохоор Хөгжлийн банкны зээлдэгчдийн хөрөнгийг зарах, худалдаалах замаар өр, төлбөрийг барагдуулахаас өөр аргагүй.

Гэхдээ ЭМДЕГ-ын дарга Л.Бямбасүрэн шиг зээлдэгч нараас хураасан хөрөнгийг “хохирол барагдуулах” нэрээр ажилтнууддаа аваад өгчихдөг байж болохгүй. Шүүхийн шийдвэр гарах ёстой, шүүхийн шийдвэрийг ШШГЕГ хэрэгжүүлэх хэрэгтэй. Шүүхийн шийдвэрээр хураасан эд хөрөнгийг зах зээлийн үнээр худалдаж, төрийг хохиролгүй болгох ёстой болохоос адилхан хуульгүй, дүрэмгүй юм шиг хандвал ахиад авлига, албан тушаалын асуудал үүснэ.

Тэгэхээр хууль, шүүхийнхэн ч шударга, шуурхай ажиллах шаардлагатай байна гэсэн үг. Өнөөдрийн байдлаар нийт 28 зээлдэгчийн нэг их наяд төгрөгийн асуудал шүүхийн шатанд явж байгаа агаад шүүхээс хэргийг хурдан шуурхай шийдвэрлэхгүй бол хөөн хэлэлцэх хугацааг хүлээгээд ял завших, өр төлбөрөө төлөхгүй үлдчих сонирхолтой хүмүүс ганц нэгээр тогтохгүй бий. Тиймээс зээлийн эргэн төлөлтөд төр онцгой анхаарахаа Сангийн сайд хэлнэ билээ.

ОУВС-гаас хулгай, луйврын үүр овоохой болж хувирсан Хөгжлийн банкийг татан буулгах санал хүргүүлсэн талаар Сангийн сайд өөрийн амаараа хэлнэ лээ.  Хэрэвзээ энэ үнэн бол Монгол Улсад ашиггүй, маш муу мэдээ. Харин зээл авсан, түүнийгээ төлөөгүй яваа хүмүүст олз болно гэсэн үг.

Ам.долларын ханшийн өсөлт, цар тахлаар шалтаглан зээлээ төлөхгүй явсан зээлдэгч нар хууль, шүүхэд шалгагдаж эхэлмэгцээ өр төлбөрөө барагдуулахад багагүй анхаарах болсон гэх. Гэхдээ тэдгээр найдваргүй зээлдэгч нар дийлэнх нь УИХ-ын гишүүд, сайд дарга нарын хамаарал бүхий компаниуд болох нь олон нийтэд нэн ойлгомжтой болсон. Тухайлбал,  Х.Баттулга, Г.Амартүвшин, Г.Дамдинням, Х.Ганхуяг, Ч.Ундрам, С.Бямбацогт, Л.Энх-Амгалан, Ё.Баатарбилэг, Б.Ундармаа, Ц.Анандбазар, Н.Номтойбаяр, Ц.Гарамжав, А.Сүхбат, Б.Элдэв-Очир, Ш.Лхамсүрэн гээд олон улстөрч Хөгжлийн банкнаас хэдэн арван тэрбумаас хэдэн зуун тэрбум төгрөгийн зээл авсан байдаг. Атал графикийн дагуу тэд төлөлтөө хийгээгүйгээс болоод Монгол Улсад эдийн засгийн хямрал, эрсдэл нүүрлэчихлээ. Зарим нь өнөөг хүртэл сохор зоос төлөөгүй явсан гэхээр арай л “даам” байгаа юм шүү.

Манай Монголын улстөрчдөд нэг муухай зан байдаг, төрийн мөнгө ёолдоггүй гэж ойлгодог. Хувийн хөрөнгө нь өөрийнх нь, улсын хөрөнгө нь ч өөрийнх нь гэж ойлгодог. Төрийн өмчийг тонож идэхдээ ичдэггүй, айдаггүй.

Албаны хүмүүсийн тайлбарлаж байгаагаар анхаарал хандуулах таван зээл нь “Эрдэнэс Монгол”, Эрчим хүчний яамны  хэрэгжүүлсэн төсөл, “Ган хүдэр”, “Минерал”, “Монгол эм импекс”-ийн авсан зээл. Авсан зээлээ  зориулалтын бусаар ашигласан 20 компани байгаа аж. Жишээ нь, "Бэрэн", "Ази импорт", "Инжир", Капитал банк, "Комплант", "Монгема", "Мондрайв", "Түгээмэл түмэн хишигтэн" зэрэг зээлдэгчид авсан зээлээ зориулалтын бусаар ашигласан нь тогтоогджээ.

2017 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдөр 27 дугаар тогтоолоор батлагдсан зээлийн бодлогын дөрөв дэх заалтуудыг “Изнис эрвис”, “НЦВ”, “Монголдрай” зэрэг арваад компани хангаагүй байхад зээл өгчихсөн нь авлигын шинжтэй үйлдэл мөн л дөө. Гишүүн Ё.Баатарбилэг найз Ц.Баатарбилэгийнхээ “НЦВ”-д Хөгжлийн банкнаас зээл авч өгөхдөө авлига авсан гэж буруутгагдан шалгагдаж байна. Түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг УЕП гаргаж байна гэдэг “но”-той байна л гэсэн үг.

Ирэх зургадугаар сард Хөгжлийн банкинд аудит оруулж, тайланг нь олон нийтэд ил тод мэдээлэхээ тус банкны гүйцэтгэх захирал Н.Мандуул хэлсэн. Хэний, ямар компани хэчнээн төгрөгийн үлдэгдэлтэй, хэн графикийн дагуу зээлээ төлж яваа, хэн төлөхгүй байгааг тодорхой болгоод, зээлээ ялгаж салгах нь зөв байх. Түүнээс зээл авсан бүхнийг харлуулаад байж болохгүй.

Гол нь тэдний зээлийг заавал төлүүлэх нь дараа дараагийн хүмүүст сургамж болно. Түүнээс дөрвөн  тэрбум төгрөгийн зээл авч үрэн таран хийчхээд, 40 сая төгрөгөөр торгуулах юм бол төрийн өмчийн хулгай, луйвар цэгцлэгдэхгүй. Хүн хөрөнгө, мөнгөндөө хоёр чихнээсээ ч илүү хайртай байдаг. Хөрөнгөтэй нь ярьж эхлэх юм бол авсан зээлээ асуудалгүй төлдөг болно.

Б.БАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ЗөвЗөв
6
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
3
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж