Хөх ордны шинэ эзэн Юн Сук Ёл

Хуучирсан мэдээ: 2022.05.12-нд нийтлэгдсэн

Хөх ордны шинэ эзэн Юн Сук Ёл

Хөх ордны шинэ эзэн Юн Сук Ёл

Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн сонгуульд Консерватив сөрөг хүчний намаас нэр дэвшиж, 48.56 хувийн саналаар ялалт байгуулсан Юн Сук Ёлыг энэ удаагийн ХҮМҮҮС буландаа онцолж байна.


Өмнөд Солонгосын 13 дахь ерөнхийлөгч Юн Сук Ёл 1960 онд Сөүл хотын Сонбүк дүүрэгт мэндэлжээ. Түүний эцэг Юн Ки Жун нь багш хүн. Тэрбээр тэтгэвэртээ гараад БНСУ-ын Үндэсний шинжлэх ухааны академийн гишүүн болсон. Ээж нь мөн л багш хүн, гэвч гэрлэснийхээ дараа ажлаа орхижээ.

ХУУЛЬЧААС ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛСОН ЗАМНАЛ

Юн Сук Ёл бага дунд сургуулиа төгсөөд Сөүлийн их сургуульд хуулийн чиглэлээр суралцахаар элссэн байна. Эндээс түүний үзэл бодол төлөвшиж эхэлсэн гэдэг. Хамтран зүтгэгчид нь Юн Сук Ёлыг хэт үнэнч хүн гэж тодорхойлсон байдаг. Юн их сургуульдаа хуулийн чиглэлээр суралцсан ч төдийлөн амжилт олоогүй. Тэрбээр дөрөвдүгээр дамжаанд байхдаа хуульчийн шалгалтын эхний шатанд тэнцсэн боловч хоёр дахь шатаа давж чадаагүй байна. Үүнээс хойш есөн жил бүтэлгүйтсэний эцэст хуульч болжээ. Түүний бүтэлгүйтлийн  шалтгаан нь ерөнхийлөгч Чун Ду Хванд цаазаар авах ял оноохыг шаардсан хуурамч шүүх хурлын прокуророор ажилласантай холбоотой байж болзошгүй гэдэг. Хуурамч шүүх хурлын дараа тэрбээр Канвон муж руу зугтжээ. Эцэст нь 1991 онд хуульчийн шалгалтдаа тэнцсэн.

Хуульчийн шалгалтандаа тэнцсэн Юн 1994 онд Дэгү хотын прокурорын газраас ажлын гараагаа эхлэв. Улмаар Авлигатай холбоотой хэргүүдийг шалгадаг тусгай салбар, Төв мөрдөн байцаах газрыг удирдаж байсан туршлагатай. Түүний баривчилж, ялласан нөлөө бүхий эрхмүүд цөөнгүй байдаг. Үүнд авлигын хэрэгт холбогдсон комиссарын туслах Пак Хуй Вон, Ро Му Хёныг дэмжигч Ан Хи Жун, Кан Кеум Вон, Хьюндайд авлига өгсөн Чүн Мон Коо зэрэг хүн багтана.

Түүнчлэн 2008 онд ерөнхийлөгч Ли Мён Бактай холбоотой хэргийг шийдвэрлэх багт ажиллаж байжээ. 2013 онд Үндэсний тагнуулын албаны тусгай мөрдөн байцаах багийг удирдаж байсан. Ингэхдээ Үндэсний тагнуулын албаны дарга асан Вон Сэй Хуныг Төрийн албаны сонгуулийн тухай хуулийг зөрчсөн хэргээр яллахыг оролдож, Хууль зүйн сайд Хван Кё Аныг мөрдөн байцаалтад нөлөөлсөн гэж буруутгажээ. Үүнийхээ төлөөсөнд Юн Сөүлийн прокурорын газраас албан тушаал буурчээ. Юны оролцсон хамгийн сүүлийн үеийн олны анхаарлыг татсан хэрэг нь ерөнхийлөгч асан Пак Гын Хэгийн хэрэг байв. Улмаар 2016 оны арванхоёрдугаар сард Пак Гын Хэг огцроход хүргэжээ. Дараа нь 2017 онд шинэ ерөнхийлөгч Мүн Жэ Иний ивээлд багтаж, Сөүл хотын төв дүүргийн прокурорын газрын даргаар томилогдсон байна. Ийнхүү Юн Сук Ёл албан тушаалын шатаар алхам алхмаар ахисаар, өмнөх ерөнхийлөгч нарыг давж гарч өнөөгийн ерөнхийлөгчөөр сонгогджээ.

Сонирхуулахад Юн нь анизометроп буюу нэг төрлийн нүдний эмгэгийн улмаас 1982 онд улсын албанаас чөлөөлөгдөж байжээ. Мөн үүнээсээ болоод жолооны үнэмлэх авч чадаагүй байна.

ГЭР БҮЛ

Түүний эхнэрийг Ким Кён Хи гэдэг бөгөөд тавдугаар сарын 10-нд Юны тангараг өргөх ёслолын үеэр анх удаа албан ёсоор олны өмнө гарчээ. Тэрбээр 1972 онд төрсөн бөгөөд 2012 онд Юнтэй гэрлэсэн. Ким, Юн нар хүүхэдтэй эсэх нь тодорхойгүй бөгөөд энэ талаар мэдээлэл хомс байдаг аж.

БНСУ-ын шинэ тэргүүн хатагтай Ким Кён Хи намтартаа Нью-Йоркийн их сургуулийн Стерн Бизнесийн сургуулийг төгссөн гэж бичсэн байсан. Энэ нь худал мэдээлэл байсан тул буруутай үйлдлийнхээ төлөө уучлал гуйгаад, олны нүднээс нэг хэсэг хол байжээ. Төгссөн сургуулиа худал мэдүүлснээс гадна Сөүл дэх ашгийн бус соёлын төв “Alternative space loop”-д ажиллаж байсан гэж мөн л хуурамчаар мэдүүлжээ. Тэрбээр 1998-2002 онд ажиллаж байсан гэж хэлсэн боловч тус байгууллагын нэг ч албан тушаалтан энэ мэдээллийг нь баталгаажуулж чадаагүй аж. Дээрх худал намтрынхаа төлөө Ким Кён Хи уучлал гуйхдаа, “Би тэр үед төрийн албан хаагч байгаагүй, Юн Сук Ёлтой ч гэрлээгүй байсан. Тиймээс энэ үйлдлүүдийг Юн Сук Ёлтой холбож яриж байгаад харамсалтай байна” гэж хэлж байв.

Гэвч өнгөрсөн сараас хойш ганцаарчилсан уулзалт болон бусад арга хэмжээнд оролцохоор гарч ирж эхэлсэн. Ажиглагчдын үзэж буйгаар Ким тэргүүн хатагтай хувиар олон нийтийн өмнө байнга үзэгдэж, идэвхтэй байхаас илүүтэй Юнд чимээгүйхэн туслах бололтой.

Тэд хүүхэдгүй бөгөөд дөрвөн нохой, гурван мууртайгаа амьдардаг.

Ким “Covana contents” урлагийн үзэсгэлэнгийн компанийн гүйцэтгэх захирлаар ажилладаг. Урлагийн үзэсгэлэнгийн компаниа Ким 2009 онд байгуулж байсан бөгөөд татвараа төлөөгүй гэсэн хэл аманд орж байсан удаатай. Мөн урлагийн үзэсгэлэн зохион байгуулсныхаа төлөө мөнгө авсан хэргээр шалгагдаж байв.

ЮНЫ ТУХАЙ СОНИРХОЛТОЙ БАРИМТУУД

Өөрийгөө бейсболын хорхойтон хэмээн тунхагласан Юн Сук Ёл орон нутгийн прокуророор ажилладаг байхдаа хамт олонтойгоо бейсболын цэнгэлдэх хүрээлэнд байнга очдог байжээ. Тэрбээр бага ангийн сурагч байхаасаа л бейсболын бээлий хажуудаа тавьчихаад хичээлээ хийдэг байсан гэв. Дуртай бейсболын клуб нь Өмнөд Солонгосын мэргэжлийн баг болох “Doosan bears” юм.

Түүний ширээний ном бол Милтон Фрийдмэний “Сонгох эрх чөлөө” юм. Энэ ном түүний үнэт зүйлсийн төлөвшилд хамгийн их нөлөө үзүүлсэн гэдэг. Түүнийг их сургуульд элсэн ороход эдийн засгийн профессор аав нь уг номыг бэлэглэсэн бөгөөд өнөөг хүртэл нандигнан хадгалдаг.

Амьдралынхаа 20 жилийг хуульчийн шалгалтанд бэлдэж өнгөрүүлсэн. Найман удаа унаж, ес дэх оролдлого дээрээ сая амжилттай болсон тул амьдралынхаа энэ үеийг “Найман алдаа” гэж тэр нэрлэдэг.

Тэр бол туршлагатай тогооч. Хоолны орц найрлага, жор, гарал үүсэл зэргийг маш их сонирхдог. Тэрбээр өнгөрсөн арванхоёрдугаар сард “YouTube” суваг дээрээ кимчитэй шарсан будаа, жажамён паста, дүфүтэй үхрийн мах зэрэг хоол хийсэн нь маш олон хүнд таалагджээ. Эхнэрийнх нь хэлж буйгаар, гэрлэснээсээ хойш гэрийнхээ гал тогоог Юн бүрэн хариуцсан байна. Гэрлэхээсээ өмнө ч тэр хамт олноо гэртээ урьж, хоолоор дайлдаг байжээ.

Юн болон Ким нар 2012 онд гэрлэснээсээ хойш долоон гэрийн тэжээвэр амьтантай болсон. Энэ нь Тори, Нарае, Мари, Санни гэсэн дөрвөн нохой болон Аккаенги, Нави, Норанги гэсэн гурван муур юм. Тори нэртэй нохойгоо тэр Улсан дахь амьтан хамгаалах байгууллагаас үрчилж авч байв. Тори нь эзэндээ хаягдсан хөгжлийн бэрхшээлтэй нохой аж. Тэрбээр амьтанд хайртай сонгогчдынхоо итгэлийг олохын тулд Тори нохойдоо инстаграм хаяг нээж өгч байжээ. Хамгийн олон гэрийн тэжээвэр амьтантай ерөнхийлөгч гэж нэрлэгдсэн Юн мөрийн хөтөлбөртөө амьтдын тухай ч мөн тусгахаа мартсангүй.

Гэрийн тэжээвэр амьтдыг асрах эмчилгээний зардлыг стандартчилах, хууль бус нохойн үйлдвэрүүдийг устгах, тэжээвэр амьтдын хамгаалах байрыг өргөжүүлэхээ тэр амлажээ. Мөн нохойн махны худалдааг халах тухай мөрийн хөтөлбөртөө оруулсан байна.

Дэлхийн 10 дахь том эдийн засгийг удирдан чиглүүлэхээр сонгогдсон Хөх ордны шинэ эзэн гадаад бодлогоо цоо шинээр тодорхойлоод буй. Тэрбээр хоёр Солонгосын олон жилийн дипломат харилцааг орхиж, Хойд Солонгостой хатуу ширүүн байр суурьтай харьцахаа амлаад байна.

Эх сурвалж: WIKIPEDIA, YONHAP, KOREAN HERALD

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ГайхмаарГайхмаар
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж