Италийн Сери-А лиг өндөрлөхөд хоёрхон тойрог дутуу. Лигийг Милан хотын хоёр баг тэргүүлж буй бөгөөд эцсийн тойрогт түрүү баг тодрох шинжтэй байна. Ювентус сүүлийн жилүүдэд цомын төлөөх гол өрсөлдөгч байсан хэдий ч энэ жил тийм байж чадсангүй. Саяхан тус багийн хамгаалагч Леонардо Бонуччи лигийн өрсөлдөөний талаар ийн ярьжээ.
Тэрбээр "Мэдээж бид энэ жилийн аваргын төлөөх өрсөлдөөнд бичигдэж чадаагүйдээ харамсаж байна. Бид оноо алдаж, аваргын төлөөх өрсөлдөөнд багтаж чадсангүй. Гэсэн хэдий ч энэ бол шилжилтийн үеийн алдаанууд. Бид өөрсдийн ирээдүйнхээ төлөө үүнээс суралцах ёстой. Бид өнгөрсөн тойрогт хожил авч ирэх жил УЕФА Аваргуудын лигт оролцох эрхээ олж авлаа. Ирэх улирал Итали болон Европт илүү сайн амжилт гаргана гэж найдаж байна.
Хүн болгоны мэдэж байгаачлан, Ювентус миний хувьд бүхнээс дээгүүрт оршино. Би АС Милан руу явахдаа багийнхантайгаа маргалдаж, уур бухимдалтай байсан. Гэхдээ одоо энэ бүхэн байхгүй болсон. Би өөрийн алдаанаасаа суралцсан. Одоо харин Ювентус багтаа залуу тоглогчийн хувьд үлгэр жишээ нэгэн болж байгаадаа баяртай байна. Би 2024 он хүртэл гэрээтэй. Хоёр жилийн хугацаанд сайн тоглож, багтаа тус хүргэмээр байна” гэжээ.
Мөн энэ өвлийн наймааны цонхоор багт ирэн хувь нэмрээ сайнаар оруулж буй залуу довтлогч Душан Влахович талаар Бонуччи “Миний бодлоор Влахович өөр дээр нь бөмбөг ирсэн үед бага сандарч, бухимдахгүй байхад сураалцах хэрэгтэй. Одоо бол бөмбөгийг илүү сайн барьж тоглох хэрэгтэй. Тэр өөртөө хэт бардаж байна. Яагаад гэвэл түүний нас залуу. Хийж бүтээх хүсэл эрмэлзэл дүүрэн байгаатай холбоотой болов уу. Тэр бидэнд урам зориг, гоол өгч, бусад тоглогчдын үүрэг хариуцлагаас хамжилцаж байна. Тэр бол бидний хувьд чухал хэрэгтэй тоглогч.
Миний бодлоор, хүмүүс тоглолтод 70-80 хувийн бөмбөг эзэмшиж байвал хожно гэж боддог. Гэхдээ заримдаа үр дүн үүнээс өөр зүйлээс хамаардаг. Бид энэ улирал сайн тоглосон ч оноо цуглуулж чадсангүй. Заримдаа зовж, хичээн байж өрсөлдөгчөөсөө оноо зулгаасан. Гэхдээ хөлбөмбөг ийм л байдаг. Бид бүхий л тал дээрээ сайжрах хэрэгтэй. Заримдаа туршлагагүйгээсээ болж гороо амсах үе бий. Ерөнхийдөө багт олон залуу тоглогч байх үед ийм зүйл болдог. Гэхдээ би манай багт чухал зүйл бий болгох үндэс бий гэж харж байна” гэв.
Лигийн аваргын талаар Бонуччи цааш ярихдаа “Хоёр багийн үлдсэн оноолтуудыг харахад би Интерийг гэж хэлнэ. Мөн тэдний багийн бүрэлдэхүүнийг үндэслэн сонгож байна. Гэсэн хэдий ч энэ улирал биднийг олон зүйлээр гайхашрууллаа. Лигийн аваргын төлөө маш сонирхолтой өрсөлдөөн болж байна. Харамсалтай нь, манай баг үүнд байхгүй байна. Бид хөлбөмбөгт хайртай хүмүүсийн хувиар энэ өрсөлдөөнийг сонирхон үзэж байна. Энэ жилийн аваргаар ямар баг тодрохыг сүүлийн тойрогт шийдэхээр болж байгааг харах сайхан байна" гэлээ.
Ювентусын хамгаалагч асан Андреа Барзагли нэгэн удаа Бонуччигийн талаар ярилцлага өгөхдөө "Лио бол дэлхийн шилдэг хамгаалагчдын нэг. Түүний Ювентусыг орхин, Милан руу явсан нь буруу алхам байсан. Гэхдээ багтаа эргэн ирсэн нь сайн хэрэг юм" гэж хэлж байсан юм.
Холбоотой мэдээ