Саудын Арабын Эрчим хүчний сайд, хунтайж Абдулазиз бин Салман өнгөрсөн Мягмар гаригт болсон бага хурлын үеэр сүүлийн үед цэвэршүүлсэн бүтээгдэхүүний үнэ өсч буйг дурдаад, "Би хөгшин зууны хүн ч гэлээ ийм хямрал харж байгаагүй” гэж “Bloomberg” агентлагт ярьжээ. Тэрбээр "Дэлхий одоо байгаа бодит байдалдаа сэрэх хэрэгтэй. Дэлхийн бүх түвшинд эрчим хүчний нөөц шавхагдаж байна" гэж нэмж хэлсэн байна.
Түүхий газрын тосны үнэ жилийн өмнөхөөс 50 гаруй хувиар өсч, нэг торх нь ойролцоогоор 105 ам.долларт хүрчээ. Харин дизель түлш гэх мэт цэвэршүүлсэн бүтээгдэхүүний үнэ бүр ч огцом өссөн. АНУ-д дизель түлшний үнэ 78 хувиар өсч, галлон нь 5.50 ам.долларт хүрснийг "Bloomberg" агентлаг мэдээлэв. Арабын Нэгдсэн Эмират улсын Эрчим хүчний сайд хэлэхдээ, ОПЕК+ илүү их хөрөнгө оруулалт хийхгүйгээр эрчим хүчний нөөцийг хангалттай хэмжээнд хүргэх боломжгүй гэж үзэж байна.
Улстөрч, эдийн засагч Сухайл аль Мазруэй “Абу Даби”-д өгсөн ярилцлагадаа "Бид хөрөнгө оруулалт дутагдаж байгааг анхааруулсаар ирсэн. Хөрөнгө оруулалтын хомсдол нь олон орныг цочролд оруулж байна” гэж хэлснийг "Bloomberg" уламжлав.
Газрын тосны зах зээлийн "улс төржилт" нийлүүлэлтийн үнийг өсгөсөн гэж Мазруэй нэмж хэлжээ. Үүний зэрэгцээ Европын холбоо Украины эсрэг явуулж буй дайны улмаас Москвад үзүүлэх эдийн засгийн дарамтыг нэмэгдүүлэхийн тулд Оросын газрын тосонд бүрэн хориг тавих гэж байна. Хэрэв газрын тосны хориг тавьсан тохиолдолд Орос нэг юм уу, хоёр жилийн дотор газрын тосны үйлдвэрлэлээ бууруулах ёстой гэж нэгэн шинжээч хэлжээ.
Эх сурвалж: BUSINESS INSIDER