Нийслэлийн Ардчилсан намын дарга Э.Бат-Үүл өнгөрсөн долоо хоногт мэдээлэл хийхдээ "Х.Баттулга Монголыг Беларусь болгох гэж байна. Тиймээс үүний эсрэг жагсаал зохион байгуулна" гэж мэдэгдсэн. Тус намаас өнөөдөр /2022.05.11/ Хэлмэгдэгсдийн хөшөөний өмнө цуглаан зохион байгуулж, мэдээлэл хийлээ. Тэд "Орос Украинд үүссэн дайн бол бусад жижиг улс оронд халдан довтолж болзошгүйн нэг анхааруулга" гэж хэлсэн юм.
ПУТИНЫ ГАР, ХӨЛ БОЛСОН Х.БАТТУЛГЫГ АН-ААС ЗАЙЛАХЫГ ШААРДАЖ БАЙНА
Жагсаалын үеэр Нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл байр сууриа илэрхийллээ.
-Монголын Ардчилсан нам эрхэм үнэт зүйлийн суурь нь үндэсний эх оронч үзэл юм болохыг, мөн түүхийн эгзэгтэй цаг мөч ирснийг ард түмэндээ сануулж, сонордуулга гаргасан. Өнөөдөр та бүхэнд түүнийг дахин сануулъя. Путины Украин руу халдсан түрэмгийлэл дэлхийн ардчилалд зарласан дайн, хөрш зэргэлдээ ардчилсан жижиг улсуудын ардчиллыг устгах зорилготой болох нь өдөр ирэх бүр тодорхой болж байна.
Орос хөрш жижиг улсуудад дарангуйллын дэглэм тогтвол өөрт нь дуулгавартай захирагдах дагуул тоглоомын улс болно гэж Беларусийн туршлагаас Путин олж харсан.
Тиймээс монголчууд улс эх орноо Беларусь шиг болгохгүйн тулд хатуу тэмцэх нь зүйтэй. Бидний тэмцэл ардчилал, үнэт зүйлийн төлөөх тэмцэл. Гэвч үүнийг эсэргүүцэж байгаа нь Х.Баттулга тэргүүтэй хүмүүс. Х.Баттулга эрх ашгийнхаа төлөө олон Путинг сөрөг хүчин болгож ашиглаж байна. Путины гар, хөл болсон Х.Баттулгыг Ардчилсан намаас зайлахыг бид шаардсаар байх болно. Би Ардчилсан намын зарим гишүүддээ нэг зүйлийг хэлмээр байна.
Монгол Улсад ОХУ-аас сууж байгаа Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизов Ардчилсан намыг доромжилж байхад энэ хүмүүс юу ч хэлээгүй. Гэтэл өнөөдөр тэд гурил цацаад, Оросын дайныг дэмжсэн дуу тавиад, биднийг эсэргүүцэж байна.
Монголын Ардчилсан намыг Оросын Элчин сайд доромжилж байхад эсэргүүцэж хэн ч дуугараагүй. Би дахин нэг зүйлийг хэлье. Ардчилсан намаас Монголын Путинчүүдийг, гар хөлүүдийг зайлуулах болно.
Ж.БОЛД ТЭРГҮҮТЭЙ ЦАГДААГИЙН УДИРДЛАГУУДЫГ ОГЦРУУЛ!
АН-ын гишүүн А.Цэрэнбат
-Путины санаархлыг хэрэгжүүлэхэд бэлэн байгаа Оросын Элчин сайд болон зарим хүний эсрэг бид хатуу тэмцэнэ. Энэ удаагийн цуглаанаар бид цагдаагийн нэр бүхий удирдлагуудыг огцрохыг шаардаж байна. Тухайлбал, ЦЕГ-ын дарга Ж.Болд тэргүүтэй хүмүүсийг албан тушаалаас нь чөлөөлөх хэрэгтэй.
Биднийг Беларусь болгох Х.Баттулгын үйл хэргийг гүйцэлдүүлэхэд бэлэн төрийн тусгай албан хаагчид прокурорын болон цагдаагийн байгууллагын удирдлагад ажиллаж байгаа нь Монголыг доромжилж байгаа хэрэг.
Тэдгээр алба хаагчид удирдаж, Путины түрэмгийллийг эсэргүүцсэн залуусын үйл ажиллагааг мөрдөн мөшгиж, байцаан дарамталж байгаа нь харагдаж байна. Үүнийг бид эсэргүүцэж, нэгдэх хэрэгтэй. Улс орны ардчилсан байдлыг гартаа авахаар санаархаж байгаа хүмүүсийн үйл хэргийг сөнөөхгүй бол эрсдэлд ороход бэлэн байна.
МОНГОЛЧУУД УКРАИН ШИГ ЭРЭЛХЭГ АРД ТҮМЭН
АН-ын гишүүн Д.Сосорбарам:
-Монголын прокурор, цагдаа Путины хүчний байгууллага шиг увайгүй загнан, улсынхаа Үндсэн хууль, бусад хуулийг уландаа гишгэж байгаа нь эмгэнэл. Өнөөдөр энэ цуглааныг эсэргүүцэхээр ирж, миний нүүр рүү гурил цацаж байгаа залуус ч шившигтэй санагдаж байна. Эх орны чинь ардчилал эрсдэлд орж байхад Путины түрэмгийллийг дэмжээд сууж байгаа нь эмгэнэл.
Энэ цуглааныг эсэргүүцэж байгаа хүмүүс Х.Баттулга руугаа, эсвэл Путин рүүгээ зайлах ёстой. Эцсийн эцэст эх орондоо та нарыг ирэхийг хүсэх болно.
Дайныг дэмжигч жижиг улс орон бүгд Оросын харъяат болсон цагт л энэ хүмүүс ухаарах байх. Гэхдээ та нарт хатуу анхааруулъя. Та нар Х.Баттулгатай хол явж чадахгүй. АН-ын үнэт зүйлийг уландаа гишгэсэн Х.Баттулгыг бид цаашид ч эсэргүүцэх болно. Монголчууд Украин шиг эрэлхэг ард түмэн гэдгийг тэд харах ёстой.
Холбоотой мэдээ