“Монголдоо сайхан амьдаръя, ажлаа хий” тайван жагсаалаас Засгийн газарт хүргүүлсэн шаардлагын хэрэгжилтэд хяналт тавьж байгаа залуусын төлөөлөл өнөөдөр /2022.05.11/ үр дүнгийн талаар танилцуулж байна. Тэдний хэлж буйгаар, өнгөрсөн дөрөвдүгээр сарын 8-нд болсон “Монголдоо сайхан амьдаръя, ажлаа хий” жагсаалын үеэр залуус нийт 15 багц санал, 270 гаруй хүсэлт бичиж, холбогдох албаны хүмүүст өгчээ.
Шаардлагад багтсан нийт саналын 70 хувь нь үнийн өсөлтийг хязгаарлах, 15 хувь нь төрийн алба зардлаа танах, 15 хувь нь цалин нэмж, нийгмийн даатгалын шимтгэлийг бууруулах тухай хүсэлт байсан аж.
Залуус хэлэхдээ "Бид 100 хувь иргэдийн хүсэл, сонирхлын төлөө жагсч, жагсаалын үр дүнд хяналт тавьж ажиллаж байна. Түүнээс хэн нэгэн улстөрчийн захиалгаар жагсаалд оролцоогүйгээ мэдэгдэж байна. Жагсаалын дараа буюу дөрөвдүгээр сарын 25-нд Засгийн газар шуурхай хуралдаж, зохих арга хэмжээ авч ажиллахаар ажлууд төлөвлөсөнд иргэд талархаж байна. Гэвч үнийн өсөлт нийгэмд байсаар байна.
Иргэдийн цалин, тэтгэвэр, тэтгэмж нэмэгдээгүй байхад өргөн хэрэглээний барааны үнэ өндөр болсоор байгаад яаралтай арга хэмжээ авч байгаа нь сайн хэрэг. Хэдийгээр нөхцөл байдлаас шалтгаалж тодорхойгүй хугацаанд биелэлтэд өөрчлөлт орох, хугацаа өөрчлөгдөх зэрэг асуудал гарсан ч зохих арга хэмжээг авч ажиллаж байна. Эхний ээлжид гал унтраах зорилгоор хууль болон бусад ажлуудыг хийж байгаа ч цаашид илүү дорвитой ажиллах эсэхийг анхаарч хянана.
Мөн залуучуудын холбооны байрыг эмнэлэг юм уу, цэцэрлэг болгож өгөхийг хүсч байна. Үүнээс гадна төрийн албанд ашиггүй орон тоо их байна. Тэргүүн, дэд дарга нар олон байна. Тэднийг УИХ-ын гишүүд хамгаалдаг.
Сонгуулиар цүнхийг нь барьдаг нөхөд томилгоогоор очсон байдаг. Төрийн хэмнэлтийн тухай хууль урагшлахгүй байна. Энэ хуулиа баталчихаад хэрэгжүүлж чадахгүй бол монголчууд Засгийн газрыг огцруулах биш, УИХ-ыг тараах тухай ярих болно. Нийгмийн даатгалын сан тогтолцооны хямралд орсон байна. Өр тавьж байж тэтгэврээ тавьж байгаа гэхэд хилсдэхгүй. Нийгмийн даатгалын сангийн мөнгийг хэн нэгэн албан тушаалтан дур зоргоороо арилжааны банк руу шилжүүлдгийг болих хэрэгтэй” гэж онцлоод, "УИХ-ын гишүүд ажлаа хийхгүй бол бид Монгол орон даяар хөдөлгөөн өрнүүлнэ" гэсэн юм.
Холбоотой мэдээ