Мэргэжлийн боксын хүнд жингийн аварга асан Майк Тайсон өнгөрсөн сард Сан Францискогоос нисэх гэж байсан онгоцон дотор нэгдүгээр зэрэглэлийн зорчигчийг цохиж байгаа дүрс бичлэг цацагдсан. Энэ хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэхгүй гэж прокуророос өчигдөр /2022.05.10/ мэдэгджээ. Тодруулбал, Сан Матео дүүргийн прокурорын газар хэргийг хааж, сөргөлдөөнтэй нөхцөл байдал гэсэн үндэслэлээр яллахаас татгалсан байна.
Үйл явдал болохоос өмнөх хохирогчийн биеэ авч яваа байдал, тэдний хоорондын харилцаа, хохирогч ба Тайсон нарын хүсэлтийг үндэслэн ийн шийдвэрлэсэн гэв. Хохирогч ба Тайсон хэн хэн нь энэ хэрэгт ямар нэгэн ял ногдуулахгүй байх хүсэлт гаргажээ.
Хохирогч тал мөрдөн байцаалтад хамтран ажиллахаас татгалзсан гэж цагдаагийнхан өмнө нь мэдээлж байв. Тухайн зорчигч түрэмгий загнаж, Майк Тайсон руу усны сав шидсэн гэж Тайсоны өмгөөлөгчид мэдэгджээ.
Бичлэгээс харахад Тайсон арын суудал руугаа тонгойж, үл таних залуугийн толгой руу удаа дараа цус гартал цохисон байна. Тус нислэгээр зорчиж явсан өөр нэг гэрчийн хэлснээр, хохирогч залуу онгоцонд суухаасаа өмнө нисэх буудлын бааранд чанга дуугаар хэрүүл шуугиан үүсгэхийг харсан гэжээ.
Тайсоны өмгөөлөгчид Сан Матео дүүргийн прокурорын шийдвэрийг өндрөөр үнэлж, нямбай, хичээнгүй, мэргэжлийн байсанд нь талархал илэрхийлэв.
Эх сурвалж: AP
Холбоотой мэдээ