"Хьюндай" компани алхдаг машин бүтээхэд нэг алхам ойртжээ. Тэд 20 сая ам.доллараар АНУ-ын Монтана мужид "New Horizon Studio" нэртэй хөгжлийн төв байгуулав. Уг төвийн зорилго ердийн тээврийн хэрэгсэл явахад хүндрэлтэй газруудаар аялахад тохиромжтой машин бүтээх юм. Үүнээс гадна байгалийн гамшгийн үед хариу арга хэмжээ авч, хүний амийг аврах гэсэн зорилготой. Футурист хэв маягтай уг машин нь "Оддын дайн" киног бодит болгоно гэж үзэж байна.
Өмнөд Солонгосын автомашин үйлдвэрлэгч "Хьюндай" компани анх 2019 онд “UMV” буюу дээд зэргийн хөдөлгөөнт тээврийн хэрэгслийн загваруудаа танилцуулж байсан. Одоо үйлдвэрлэж буй “Elevate” нэртэй машин нь уламжлалт дугуйтай боловч аюултай, явахад хүндрэлтэй газруудад дугуй нь нээгдэж алхах системтэй.
"Хьюндай" компани өмнө нь тэргэнцэртэй хүнийг гэрийнх нь үүднээс шууд авах боломжтой шат өөд өгсдөг машины загварыг танилцуулж байсан.
Энэ удаад зорчигч тээвэр болон ачаа тээвэр гэсэн хоёр зориулалтаар дээд зэргийн хөдөлгөөнт тээврийн хэрэгслийн загварыг боловсруулахад "New Horizon Studio" төвлөрч ажиллах юм байна. Тус төв нь ойрын таван жилийн хугацаанд 50 гаруй байнгын ажлын байр бий болгохоор төлөвлөжээ. Ихэнх албан тушаалууд нь судалгаа, хөгжүүлэлтийн чиглэлээр байх бөгөөд механик техник хангамж, цахилгаан ба электроникийн инженерчлэл, материал үйлдвэрлэлийн чиглэлээр мэргэшсэн байх шаардлагатай юм.
Эх сурвалж: DAILY MAIL
Холбоотой мэдээ