Украинаар дамждаг Оросын хийн тээвэрлэлтийг өнөөдрөөс зогсоов

Хуучирсан мэдээ: 2022.05.11-нд нийтлэгдсэн

Украинаар дамждаг Оросын хийн тээвэрлэлтийг өнөөдрөөс зогсоов

Украинаар дамждаг Оросын хийн тээвэрлэлтийг өнөөдрөөс зогсоов

ОХУ-аас Европ руу нийлүүлдэг хийн түлшний бараг гуравны нэг нь Украины нутаг дэвсгэрээр дамждаг. Уг урсгалыг зогсоож, өөр тийш шилжүүлнэ гэж Украины тал өчигдөр /2022.05.10/ мэдэгдэв.

Оросын түрэмгийлэл эхэлсний дараа ч Украин улс Оросын байгалийн хийг дамжуулах гол зам байсаар ирсэн.

Украины хийн системийг ажиллуулдаг “GTSOU” компани өнөөдрөөс эхлэн Сохрановка замаар дамждаг тээвэрлэлтийг зогсоохоо мэдэгдлээ. Өнөөдөр 07:00 цагаас эхлэн хий дамжуулах явцыг зогсооно гэсэн мэдэгдэл Украины талаас хүлээж авсан гэж "Газпром" мэдэгдсэн байна. Оронд нь Европын түншүүдийн өмнө хүлээсэн үүргээ бүрэн биелүүлэхийн тулд бүх дамжуулалтыг баруун тийш Суджа холболтын цэг рүү түр шилжүүлж байгаа аж. Гэвч "Газпром"-ын зүгээс “GTSOU”-ийн мэдэгдлийг технологийн хувьд боломжгүй гэж мэдэгдэв. "Газпром" нь Оросын байгалийн хийн экспортод монополь эрх мэдэлтэй компани юм.

“GTSOU”-ийн гүйцэтгэх захирал Сергей Макогон хэлэхдээ “Оросын тал Украинаар дамжин өнгөрдөг хийг тус улсын зүүн хэсэгт орших салан тусгаарлагчдын хоёр бүс рүү илгээж эхэлсэн” гэв. Гэхдээ ямар нэгэн нотлох баримт дурдаагүй аж. Луганск муж дахь Новопсков компрессорын станц дайн эхэлсний дараа Оросын армид эзлэгдсэн. Энэ нь Украины байгалийн хийн дамжуулалтын систем дэх анхны компрессор бөгөөд өдөрт ойролцоогоор 32.6 сая шоо метр хий дамжуулдаг.

Украины баруун хил дээр орших Молдавын байгалийн хийн компаниас “GTSOU” болон "Газпром"-оос нийлүүлэлт тасалдана гэсэн мэдэгдэл ирээгүй гэлээ.

Тус улсын эрчим хүчний Нафтогаз компанийн тэргүүн Юрий Витренко “Сохрановка замаар дамжин өнгөрөх Оросын байгалийн хийн урсгалыг зогсоосон нь Украины дотоодын зах зээлд нөлөөлөх ёсгүй” гэж хэлжээ.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
2
БурууБуруу
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж