Энэ долоо хоногийн VS буландаа УИХ дахь АН-ын бүлгийн гишүүдийг онцолж байна. Тодруулбал, өнгөрсөн Даваа гаригт тус бүлэг бүрэн ирцтэй хаалттай хуралдаж, бүлгийн дарга Д.Ганбатыг огцруулах асуудлыг хөндсөн. Харин бүлгийн дарга Д.Ганбат огцрохгүй хэмээн зүтгээд байгаа бол бүлгийн бусад гишүүд саналаа нэгтгэн, түүнийг огцруулах хүсэлтэй байгаагаа дуулгасан юм. Энэ талаар УИХ-ын гишүүн Н.Ганибал "Олонхийн саналаар шийдвэрлэсэн, Д.Ганбат дарга зүтгээд хэрэггүй" гэж онцолсон. Д.Ганбат хариуд нь “Хэн намайг огцруулна гээд байгаа юм бэ” гэсэн тайлбар өгсөн юм. Ийнхүү тус бүлгийн даргыг солих асуудал ирэх долоо хоногийн бүлгийн хурлаар шийдэгдэнэ. Тэдний эсрэг, тэсрэг байр суурийг хүргэж байна.
Д.ГАНБАТ:
АН-ын бүлгийн дарга
-Хэн нэгний захиалгаар ямар нэгэн мэдээлэл тараагаад байдгаа болих хэрэгтэй. Бид хаалттай хуралдсан. Энэ талаар ярих албагүй. Намайг огцруулна гэдэг мэдээллийг хэн, хэд дэхээ гаргаж байгааг мэдэхгүй байна. Байнга л ярьдаг биз дээ. Намайг огцруулах асуудал хуулийн дагуу боломжгүй.
Н.ГАНИБАЛ:
УИХ-ын гишүүн
-Бид хаалттай хурлаар бүлгийн үйл ажиллагаа болон зарим асуудлыг хэлэлцлээ. Гэсэн ч ямар нэгэн шийдвэр гаргалгүй асуудлыг нээлттэй орхисон. Өнөөдрийн хурал 99 хувийн ирцтэй байсан гэж хэлж болно. Б.Пүрэвдорж гишүүнээс бусад нь бүлгийн хуралд оролцсон. УИХ-ын тухай хууль болон УИХ дахь АН-ын үйл ажиллагааны дүрэмд бүх зүйл тодорхой байгаа юм. Жишээ нь, олонхын томилсон ангийн дарга ажлаа хийж чадахгүй бол тухайн ангийн хүүхдүүдийн олонхын шийдвэрээр даргыг чөлөөлдөг. Энэ бол алтан зарчим. Үүнийг нэгдүгээр ангийн сурагчаас эхлээд УИХ-д үйлчилдэг ардчиллын мөн чанар. Хэн нэгнийг бүлгийн даргаар томилоод, хэзээ ч огцруулахгүй, өөрчлөхгүй гэдэг байдлаар бид цааш явбал Монголд ардчилал бий гэж хэлэхэд хэцүү болно.