"Эдийн засгийн хоригт орвол маш хүнд байдалд орно"

Хуучирсан мэдээ: 2022.05.11-нд нийтлэгдсэн

"Эдийн засгийн хоригт орвол маш хүнд байдалд орно"

"Эдийн засгийн хоригт орвол маш хүнд байдалд орно"

МУИС-ийн Эдийн засгийн тэнхимийн доктор, профессор Б.Отгонтөгстэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.


 -ОХУ-ын Элчин сайдын яамнаас Монгол Улсын нутаг дэвсгэр дээр дайныг дэмжсэн парад зохион байгуулсан. Энэ нь манай эдийн засагт хэр нөлөөлөх вэ?

-Манай эдийн засагт хор хохиролтой. Яагаад гэвэл ОХУ-ын дайныг буруушаасан, ялангуяа том эдийн засагтай улс орнууд бий. Үүнд АНУ, Канад, Европын холбоо, Австрали, Япон, Энэтхэг зэрэг ихэнх нь том эдийн засагтай улс. Эдгээр том гүрнүүдийн хоригт орвол асар их хохиролтой. Монгол Улс дайныг дэмжээд, улсынхаа нийслэлд парад зохион байгуулж, Батлан хамгаалахын сайд, том улс төрийн намын дарга очиж оролцоод байвал манай улс эдийн засгийн хоригт орох эрсдэлтэй.

-Улс орнууд дайныг дэмжиж буй орнуудад эдийн засгийн хориг тавьж эхэлсэн. Энэ хориг Монголд нөлөөлөх вий гэсэн айдас иргэдийн дунд байна? 

-Эдийн засгийн хоригт орвол маш хүнд байдалд орно. Нэгдүгээрт, ОХУ-тай адилхан виза, мастер картаар гадаад улстай худалдаа арилжаа хийдэг гүйлгээ зогсоно. Өөрөөр хэлбэл, дотоодын аж ахуйн нэгжүүд гадаадаас бараа татаж авахдаа олон улсын свитфээр гүйлгээ хийдэг. Тэр картууд ажиллахаа болино гэсэн үг. Свифт сүлжээнд орсон 15 мянган банк бий. Тэдгээр банкаар дамжуулж дэлхийн улсуудтай худалдаа арилжаа хийдэг. Тэрийг хийж чадахаа болино гэсэн үг. Тэгэхээр ам.доллараа бариад очих уу, цүнхлээд аваад явах уу гэдэг хэцүү байдалд орно.

Хамгийн энгийн жишээ хэлэхэд ирэх долоо, наймдугаар сараас хүмүүс гадаадын сургуульд хүүхдээ сургана. Олон улсын свифт системээс хасагдчихвал бид хүүхдийнхээ сургалтын төлбөрийг яаж төлөх вэ. Гадаад дотоодод зорчдог, гадаадад сурдаг тэдгээр үйл ажиллагаа зогсоно.

Хоёрдугаарт, иргэдийн болон аж ахуй нэгжийн гадаад гүйлгээ зогсоно. Гуравдугаарт, манай улсын  эдийн засаг жижиг ч гэсэн нээлттэй байхгүй юу. Нээлттэй, жижиг эдийн засаг гэдэг нь олон улсын арилжаа, сүлжээнд нэвтэрхий орчихсон, нэгдчихсэн байдаг. Тэр нэгдлийн ачаар үйлдвэрлэл явуулж буй бүх тоног төхөөрөмж, түүхий эдээ гаднаас авдаг. Жишээлбэл, мал аж ахуйн үйлдвэрлэлийг бид гаднаас авдаггүй гэж боддог. Гэтэл мал аж ахуйн секторын тарилга, вакцин, туулга, бүх юм гаднаас орж ирдэг. Бид малаа эрүүлжүүлэхгүй бол малынхаа махыг экспортлож чадахгүй.

-Мал аж ахуйд хүртэл сөрөг нөлөөтэй юм байна? 

-Тийм ээ. Үүнээс гадна газар тариалангийн салбар байна. Хавар тариалалтын улирал эхэлж буй. Бид энэ жилийн газар тариалалтыг сайн хийх хэрэгтэй. Дэлхийн улаанбуудайн тариалалт муудаж байна. Дайн хийж буй ОХУ, Украин улс дэлхийн улаанбуудайн хамгийн том нийлүүлэгч. Тэр хоёр дайтсаны улмаас улаанбуудайн нийлүүлэлт багасах учраас дэлхийд гурилын үнэ маш их өснө хэмээн эдийн засагчид болгоомжилж байна. Тиймээс Монгол Улс энэ сар гадаадаас оруулж ирэх бүхтоног төхөөрөмж, бордоо, тракторын сэлбэг хэрэгслээ аваад, тариалалтаа хийх ёстой. Цаг алдвал намар тариа, будаагаа авч чадахгүйд хүрнэ. Өөрөөр хэлбэл, газар тариалангийн салбар уналтад орно. Дараа нь уул уурхайн салбар хоригт орчихвол нүүрс, зэс алтаа экспортлож чадахгүй. Юугаараа бид гэрээ, хэлэлцээр хийх вэ. “Нөгөө хүмүүс” нь ам.доллар, эсвэл юаниар нүүрсээ авах байх. Тэгэхээр шуудай аваачиж мөнгийг нь авах уу. Маш хэцүү байдалд орно гэсэн үг юм.

Шуудхан хэлэхэд, уул уурхайн салбарын экспорт, үйлдвэрлэл зогсоно гэсэн үг. Жишээлбэл, Оюутолгой, Тавантолгой, Эрдэнэт үйлдвэрүүдийн тоног төхөөрөмжүүд бүгдээрээ гаднаас орж ирдэг. Бид энийг оруулж ирж чадахаа болино. Уул уурхайн салбар зогсвол төсөвт орж ирэх экспорт, татварын орлого эрс муудна.

Ингэснээр 278 мянган тэтгэвэр авагчдын тэтгэвэр, төрийн албан хаагчдын цалинг тавьж чадахаа болино. Төрийн үйлчилгээ, боловсрол, сувилагч, цагдаа, татвар, НИТХ-ын аймаг, дүүргийн тамгын газар цалингаа тавьж чадахаа болино. Ингэснээр ядуурал улам нэмэгдэнэ.

-Үйлчилгээний салбарт хэрхэн нөлөөлөх бол?

-Үйлчилгээний салбар манай том салбар. Кофе шоп, хоолны газар тоног төхөөрөмж, амтлагч зэргийг гаднаас оруулж ирдэг. Зөвхөн, мах ногоогоо дотоодоос авч байна. Энгийн жишээ хэлэхэд, хуушуур шарах тос байлаа гэж бодъё. Наранцэцэгийн тос оруулж ирж чадахгүй бол нийтийн хоолны үйлчилгээ таг зогсоно. Наранцэцгийн тос орж ирж чадахгүй бол тэр олон гуанз яаж ажиллах вэ. Хүүхдийн хоол, эмнэлгийн хоол, цэцэрлэгийн хоол яаж бэлтгэх вэ. Их хэцүү байдалд орно. Үүнээс гадна хамгийн том салбар бол эрчим хүч, дулааны салбар юм. Хаврын хамгийн том засварын үе эхлэх гэж байна. Бид станцын тоног төхөөрөмжийг Европын технологиор сайжруулсан. Тэр тоног төхөөрөмж орж ирэхээ болино. Ингээд намар хүйтрэхээр дулаанаа шахах, цахилгаан станцын нэмэлт үйлчилгээ зогсоно. Өөрөөр хэлбэл, тоггүй халаалтгүй болж, улсаараа хөлдөнө.

Эдийн засаг зөв байдлаар ажиллахын тулд улс төрийн байдал, олон улсын гэрээ хэлэлцээр, олон улсын харилцаа тогтвортой байх ёстой.

Тэгж байж эдийн засаг хэвийн явдаг. Олон улсын худалдаа арилжааны системийн урсгал тогтвортой явбал манай улсын эдийн засаг тогтвортой хөгжинө. Маш бага хэмжээний нүүрс урагшаа гарч байна. Төсвийн орлого бага, хэцүү байхад гэрээ хэлэлцээрээр гүйлгээ хийж чадахгүй бол бүр дордоно биз дээ. Бид маш болгоомжтой байх ёстой. Улс төр, гадаад харилцаа хариуцсан яамд эрх баригчидтай нийлээд эдийн засгийг тогтвортой байлгах ёстой. Тэгж байж иргэд аж ахуйн нэгж гадаад харилцаагаа хөгжүүлж, сайн сайхан “юм"-аа үйлдвэрлээд ажиллах ёстой.

"УИХ-ЫН ГИШҮҮД ДУНД ЭДИЙН ЗАСАГ МЭДДЭГ ХҮН АЛГА"

-Эдийн засгийн хүндрэл зунаас эхлэн мэдрэгдэнэ гэж эдийн засагчид үзэж буй. Энэ талаар Засгийн газраас баримталж буй бодлого хэр үр дүнтэй байна гэж бодож байна. Төсвийг хоёр ч удаа тодотголоо. Эрх баригчид үнэхээр төсвөө танаж чадсан уу?

-Төсвийн тодотголоор нэг их наядын таналт хийе гэж Засгийн газраас оруулж ирсэн. УИХ-ын гишүүд зөвхөн 200 орчим тэрбумын таналт хийсэн. Өөрөөр хэлбэл, тавны дөрвийг хэвээр үлдээж, 20 хувийг нь хэмнэсэн. Төсвийн алдагдал улам нэмэгдээд, инфляци өссөн үед төсөв алдагдалтай байхаар эдийн засагт стагфляци болдог. Энэ бол хэцүү үзэгдэл. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн өсөлт удааширч, хажуугаар нь үнийн түвшин ихээр өсдөг үзэгдэл. Одоо манайд ажиглагдаж буй үзэгдэл л дээ.

Тиймээс Засгийн газар Сангийн яамнаас төсвийн зардлыг сайн танаж, үргүй зардлыг багасгаж байж мөнгөний бодлого явуулах орон зай үүсгэж, макро бодлогуудыг уялдуулж байж уналтаас гарна.

УИХ-ын гишүүд дунд эдийн засаг мэддэг хүн алга. Макро эдийн засгийн мэдлэгтэй, алсын хараатай, мөнгөний бодлого, сангийн бодлого, татвар, ажил эрхлэлтийн бодлого уялдаатай байж тэр улсын эдийн засаг хямралаас гардаг гэдгийг ойлгодог гишүүн алга. Тиймээс жижиг тойрог руугаа мөнгө зөөгөөд, дахин сонгогдохын төлөө үргүй зардал гаргаж, төсвийн тодотгол, таналтыг хамгийн муу болголоо. Сөрөг үр дагавар нь эдийн засаг сэргэхгүй удна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
24
ЗөвЗөв
16
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж