Нөөцийн хонины мах яс ихтэй тул үхрийн мах эрэлттэй байна

Хуучирсан мэдээ: 2022.05.11-нд нийтлэгдсэн

Нөөцийн хонины мах яс ихтэй тул үхрийн мах эрэлттэй байна

Нөөцийн хонины мах яс ихтэй тул үхрийн мах эрэлттэй байна

Махны үнэ сар тутамд нэмэгдэж, үхрийн мах 13500 төгрөгөөс огт буугаагүй. Нөөцийн мах худалдаанд гарахад иргэд "Хямд үнэтэй мах авах нь" гэж ихэд сэтгэл өндөр байсан. Зарим хүн мах үнэд орсон энэ үед нойтон мах, гэдэс, дотор авснаас илүүтэй нөөцийн мах хямд, амт сайтай байгааг хэлж байв. Бид дүүрэг бүрд нөөцийн махны чанар адил байгаа эсэх болон иргэд махны үнэ, чанарын талаар ямар саналтай байгааг сурвалжиллаа.

ЯМААНЫ МАХ ИРЭХГҮЙ БАЙГАА УЧРААС ХҮМҮҮС ҮХРИЙН МАХ СОНГОХ БОЛСОН

Нийслэлийн хэмжээнд 539 дэлгүүр, худалдааны төв нөөцийн мах нзарж байна. Махны үнийн хувьд килограмм нь үхрийн мах 8900 төгрөг, ямааны мах 7100 төгрөг, хонины мах 7950 төгрөг, харин бүтнээр нь буюу гулуузаар 7750 төгрөгөөр худалдаалж байгаа юм. Худалдааны цэгүүдийн хувьд байршлаас хамаарч иргэдийн худалдан авалт өөр өөр байгаа аж.

Тодруулбал, Сүхбаатар дүүргийн Танан төв, циркийн хажууд байрлах Миний дэлгүүр, 100 айлын Арьсны өвчин судлалын үндэсний төвийн ойролцоох дэлгүүрт нөөцийн мах худалдаж авах иргэд харьцангуй бага байгааг худалдагчид хэллээ.

Баянзүрх дүүргийн Жуков, Сансар худалдааны төв, Асайт, Монелын хэсгийн дэлгүүрүүдэд нөөцийн махны эрэлт их байгаа аж. Тэр дундаа үхрийн махны эрэлт их байгаа учраас долоо хоногт 300 хүртэлх килограмм мах татан авч буй юм байна.

НОЙТОН МАХ ҮНЭТЭЙ УЧРААС НӨӨЦИЙН МАХ ДОЛОО ХОНОГТ 400 КГ ХҮРТЭЛ ЗАРАГДДАГ

Сүхбаатар дүүргийн Нүүдэлчин мах маркет ХХК-ийн борлуулагч Д.Саран:

-Нөөцийн мах авах иргэд 3, 4 дүгээр сард их байсан. Одоо худалдан авалт харьцангуй буурсан. Чанарын хувьд хүмүүс ам сайтай байна. Хонины махны үнэ 300 төгрөгөөр хямдарсан. Ямааны мах бусад дэлгүүрт тасарсан гэсэн. Манай дэлгүүр хэвийн худалдаалж байна. Долоо хоногт хоёр удаа татан авалт хийдэг байсан. Харин сүүлийн долоо хоногт нэг л удаа татан авалт хийсэн. Хүнсний дэлгүүр учраас бусад мах, махан бүтээгдэхүүн ч зардаг. Гэхдээ нойтон мах авах иргэд ховор. Авсан ч 10-20 мянган төгрөгт л авдаг болсон.

Нөөцийн махны тухайд нэг долоо хоногт үхэр 200-300 кг, хонь 100 кг, ямааны мах мөн ялгаагүй татан авдаг.

Баянзүрх дүүргийн Монел “Эко" супермаркетын худалдагч Х.Баярсайхан:

-Нөөцийн махны гаралт багассан. Өмнөх сард 2, 3 хоноод захиалдаг байсан бол одоо нэг удаа мах авсан байхад 10 хоногтоо хангалттай байна. Манай дэлгүүрт хүмүүс махны чанар асуудалтай байна гэж гомдол гаргаагүй. Гомдол гаргасан тохиолдолд хэрэглэгчийн санал хүсэлтийг мэдээж хэлнэ. Мөн аль болох амт, чанар сайн гэсэн махнаас ихээр татан авч байна.

Эдийн засаг хүнд байгаа учраас гэрээт цэгүүдээр намар дуустал нөөцийн мах худалдаалах болов уу л гэж бодож байна.

Борлуулагчдын зүгээс болон худалдааны цэгт ажиллаж байгаа хүмүүс нөөцийн махны эрэлт багасч байгаа ч үнэ хямд учраас авах иргэд их байгааг хэллээ. Харин иргэд чанарын талаар ямар бодолтой байгааг асууж тодруулснаа хүргэе.

3.5 КИЛОГРАММ ХОНИНЫ МАХНЫ ХАГАС НЬ ЯС БАЙСАН

Иргэн Н.Туяахүү:

-Миний бодлоор дэлгүүр бүрд өөр өөр мах байна гэж анзаарсан. Гуравдугаар сард манайх Жуковын талбай дээр нөөцийн мах худалдаалж байгаа машинаас гулуузаар нь авахад амт сайтай байсан. Харин дараа нь Монелын гурван өөр дэлгүүрээс авахад хонины мах их ястай, сүүлийнх нь бүр 3.5 килограмм мах авсан, хагас нь яс байсан. Түүний оронд нойтон мах авсан нь дүндээ дүн болж байна. Уг нь иргэдэд нэгэнтээ худалдаалж байгаа бол яамныхан бас анхаарах хэрэгтэй.

Хянаж шалгаж, бэлтгэл, боловсруулалт, савлагаанд анхаарах нь зүйтэй гэж бодсон. Гэхдээ мах үнэд орсон цагт бол их олзуурхаж байна.

НӨӨЦИЙН МАХ ЯАЖ Ч БОДСОН НОЙТОН МАХЫГ ГҮЙЦЭХГҮЙ

Иргэн Х.Дэлгэрсайхан:

-Нөөцийн мах жил бүр гардаг. Энэ жилийн хувьд хугацаа, үнэ харьцангуй сэтгэлд нийцсэн. Манай гэр бүл долоо хоногт дөрвөн килограмм үхрийн мах авч байна. Бидэнд бол хангалттай хүрдэг. Хоёрын хооронд 1000 төгрөг татуу хонины мах авснаас үхэр авсан нь дээр. Нөөцийн мах уг нь их л харагдаж байна. Гэтэл зах, худалдааны төвийн махны үнэ огт буурахгүй юм. Үүнд мөн анхаарал хандуулах цаг болсон. Хэдийгээр шударга өрсөлдөх зах зээлтэй ч гэсэн иргэдээ бодож, үнэ ханшаа тогтвортой байлгах хэрэгтэй.

Нөөцийн мах бол яаж ч бодсон нойтон махыг гүйцэхгүй. Гэхдээ иргэд хямдыг бодоод сонгож байна шүү дээ.

МАХНЫ ШИМ ТЭЖЭЭЛИЙГ АЛДАГДУУЛАЛГҮЙГЭЭР НӨӨЦ ДУУСТАЛ ХУДАЛДАНА

Ихэнх аймгуудад шүлхий болон малын гоц халдварт өвчин бүртгэгдсэнтэй холбоотойгоор Мал эмнэлгийн ерөнхий газар, нийслэлийн Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас тавих хяналт энэ жил чангарсан. Үүнтэй холбоотойгоор нөөцийн мах бэлтгэх ажилд онцгой анхаарч ажиллаж байгааг мэдээлж байв.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас энэ талаар тодруулахад, энэ хавар цаг агаарын нөхцөл байдал сайн байгаа учир мал аж ахуй эрхэлж буй хүмүүс олон тэрбум төгрөгийн хэмнэлт хийсэн. Засгийн газраас бэлтгэсэн нөөц, өвс тэжээлийг одоогоор гаргаагүй байна.

Нөөцийн мах хотын хэрэгцээг бүрэн хангана гэж тооцоолсон. 2022 онд нийслэлийн хүн амын өвөл, хаврын улирлын махны хэрэгцээнд зориулан нийт 13 мянган тонн мах бэлтгэсэн.

Махны шим тэжээлийг алдагдуулалгүйгээр урт хугацаанд хадгалдаг тул махны эрүүл ахуйн чанарыг сайн шалгаж, хадгалалтын горимыг нарийн төлөвлөдөг.

Аж ахуй нэгжүүдэд нөөцийн мах бэлтгэхэд зориулж 100 тэрбум төгрөгийн зээл олгосон. Нийт махны 60 хувь нь хонь, 30 хувь нь үхэр, 10 хувь нь ямааны мах бөгөөд 1-2, 3-4 килограммаар савлаж зарж байна. Цаашид худалдааны цэгүүдийг нэмэхээр төлөвлөж байгааг албаны хүмүүс онцолсон юм. Үнийн хувьд дахин хямдруулах эсэх талаар асуухад "Одоогоор ямар нэгэн шийдвэр гараагүй. Гэхдээ орон нутагт Улаанбаатараас 1000 хүртэлх төгрөгөөр нөөцийн мах хямд байгаа гэсэн юм. Ямартай ч зарим гэрээт компаниудад гомдол, санал ирсний дагуу нөөцийн махны савлалт, бэлтгэх ажилд онцгой анхаарал хандуулж байгаа аж.

Гэрэл зургийг: Б.МӨНХЖИН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж