Баяр наадмын комиссоос Үндэсний их баяр наадмын Ерөнхий найруулагчийг сонгон шалгаруулдаг. Жил жилийн баяр наадмыг хэн найруулах нь олны сонирхлыг татаж, багагүй хэл ам дагуулсаар ирсэн."Энэ жил нийт 19 найруулагчаас хамгийн олон санал авсан уран бүтээлч энэ жилийн наадмыг найруулна" гэж Соёлын яамнаас мэдээлсэн юм.
Эх сурвалжийн мэдээлснээр, Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид хариуцахаар болжээ.
Тодруулбал, наадмын ерөнхий найруулагчаар Соёлын гавьяат зүтгэлтэн Н.Наранбаатар дөрөв дэх удаагаа ажиллах сурагтай. Өмнөх жилүүдэд Үндэсний их баяр наадмыг найруулсан найруулагчдын төлөөллийн байр суурийг хүргэе.
"НАМ, НАЙЗ НӨХДИЙН ЖУРМААР ХУЙВАЛДАЖ, НААДМЫН НАЙРУУЛАГЧИЙГ ТОМИЛДОГ БОЛСОН"
Монгол Улсын Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, бүжиг дэглээч С.СҮХБААТАР:
-Бид наадмын найруулагчаар ажиллахад татгалзах зүйл байхгүй. Уран бүтээлч өөрийнхөө ур чадвар, авьяасыг үнэлж, төрийнхөө бодлого, ард түмнийхээ зан заншлыг олон түмэнд дэлгэн харуулж чадна. Гэтэл сүүлийн жилүүдэд төсөл хэрэгжүүлэх нэрээр сайныг нь хамж, нам болон найз нөхдийн журмаар хуйвалдааны аргаар наадмын найруулагчийг томилдог болсон нь үнэн. Би Үндэсний их баяр наадмыг анх 5000 уран бүтээлч оролцуулж, найруулан хүргэж байлаа. Гурван удаа наадмын нээлт, хаалтын тоглолтыг найруулсан бол хамтарч нэг удаа ажилласан.
Тийм учраас наадмын найруулагчаар ажиллаж чадах уран бүтээлчдээ цуглуулж, ярилцаад хэрэгтэй санаа оноог нь нэгтгэж хийх нь зүйтэй. Тэгэхгүй хүний авьяасыг насаар, намаар, үзэл суртал, танил тал, нутаг усаар дүгнэж байгаа нь буруу юм.
"БҮХ ЦАГ ҮЕИЙН НААДМААР ПРОПАГАНДА ХИЙЖ ИРСЭН"
Төрийн соёлхолт, Гавьяат жүжигчин Д.СОСОРБАРАМ:
-Миний хувьд 2011, 2012 онд Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын концертод зөвлөх найруулагчаар ажилласан. Харин 2013 онд Төв цэнгэлдэх хүрээлэнд Ерөнхий найруулагчаар ажилласан бол 2014 онд хоёуланг нь найруулсан. Баяр наадмын концертыг найруулахад түүхчилсэн байх шаардлага тавьдаг. Би арай задгай найруулах гээд бардаггүй юм. Тэр сэдвээр нь хийхгүй бол зөвшөөрдөггүй.
Энэ жилийн хувьд Ардын хувьсгалын 101 жилийн ойн баяр наадмыг 100 жилийн ойтой хамтатгаж буй. Өнөө л пропагандагаа хийх гээд. Бүх цаг үед л тийм байсан. Залуу уран бүтээлчид дунд чадварлаг найруулагч байгаа байлгүй дээ.
"ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫН НЭЭЛТ, ХААЛТЫН КОНЦЕРТ БОЛ ҮНДЭСНИЙ БАХАРХАЛ"
Хөгжмийн зохиолч, хөгжим судлаач Н.ЖАНЦАННОРОВ:
ӨНГӨРСӨН ЖИЛИЙН НААДМЫН ЦАХИМ КОНЦЕРТЫГ 850 САЯ ТӨГРӨГӨӨР БҮТЭЭСЭН
Өнгөрсөн жилийн наадмын цахим концертыг 850 сая төгрөгөөр бүтээсэн. Энэ нь урьд жилүүдийнхээс 250 сая төгрөгөөр илүү байв. Гэтэл энэ их мөнгийг хэрхэн зарцуулсан нь олон нийтэд тодорхой бус. Наадмын цахим концертыг Ерөнхий сайдын төрсөн ах Б.Баатар найруулсан. Энэ нь иргэдийн шүүмжлэл дагуулж, Б.Баатар үнэ хөлсгүй найруулснаа дуулгасан.
Тэрбээр “Эхнээсээ наадмын нээлтийн зураг авалт хийж байтал долдугаар сарын 2-нд наадмыг нэг жилээр хойшлуулах Засгийн газрын шийдвэр гарсан. Тиймээс наадмын нээлт биш, баярын концерт болгон хөтөлбөрөө үндсэндээ өөрчилсөн. Мөн “Херо энертайнмент"-ын хувьцаа эзэмшигч нь Засгийн газарт ажилладаг тул 2020, 2021 оны наадмуудад миний бие үнэ төлбөргүй ажилласан болохыг хариуцлагатай мэдэгдье” гэж тайлбар хийсэн байдаг.
Холбоотой мэдээ