Нийслэлийн Баянгол дүүргийн 19 дүгээр сургуулийн багш сурагчаа зодож буй бичлэг өнгөрсөн долоо хоногт цахим орчинд цацагдсан. Энэ талаар Нийслэлийн Боловсролын газрын орлогч дарга Л.Буянтогтохоос тодруулахад "Тухайн сургуулийн Ёс зүйн зөвлөл хуралдаж, багшийг ажлаас нь чөлөөлсөн. Тэр багшид өмнө нь бас сануулах арга хэмжээ авч байсан юм билээ. Иргэний боловсролын багш хоёр жилийн дараа тэтгэвэрт гарах байсан" гэв.
Өнгөрсөн гуравдугаар сард нийслэлийн 97 дугаар сургуулийн багш хоёрдугаар ангийн сурагч охины гарыг улайж, хавдтал цохисон гэх мэдээлэл цацагдсан. Улмаар энэ асуудал олон хүний анхааралд өртөж, тус сургуулийн бага ангийн багш Л.Цэрэнбадамыг ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргасан билээ.
Тухайн үед салбарын сайд Л.Энх-Амгалан тайлбар мэдээлэл өгөхдөө "2022 оныг салбарын "Ёс зүйн" жил болгон зарласан. Яагаад ингэж зарлах болсон шалтгаан нь сургуулийн орчинд гадуурхалт, дээрэлхэлт их байгаатай холбоотой. Сургууль, цэцэрлэгийн орчинд ийм асуудлууд үргэлж гарч байна. Үүнийг бид харсан ч хараагүй юм шиг, сонссон ч сонсоогүй юм шиг өнгөрөөж болохгүй.
Цаашдаа бид багш нарын ёс зүйн асуудлыг өндөр түвшинд гаргаж тавих болно. Нийгмийг харахад, хоёр хуваагдсан байх шиг байна. Нэг тал нь багшаа өмөөрөөд, нөгөө тал нь багшийг буруутгаж байх шиг байна. Үүнийг ард түмэн үнэн мөнөөр нь шүүх ёстой. Би бичлэгийг нь үзсэн. Үнэхээр хүүхэд зодсон. Зодох зодохдоо нилээн хүнд хэлбэрээр зодсон бичлэг байсан. Өрөвдөөд байх шаардлага байхгүй. Энэ явдал гашуун ч гэсэн цаашдаа сургамж болох ёстой" гэж хэлж байв.
Холбоотой мэдээ