Өмнөд Солонгосын далбаа НАТО-гийн байранд мандав

Хуучирсан мэдээ: 2022.05.11-нд нийтлэгдсэн

Өмнөд Солонгосын далбаа НАТО-гийн байранд мандав

Өмнөд Солонгосын далбаа НАТО-гийн байранд мандав

Умард Атлантын цэргийн эвсэл /НАТО/-гийн Цахим батлан хамгаалахын төвд Өмнөд Солонгос улсын төрийн далбааг өнгөрсөн долоо хоногт мандуулав. Ингэснээр Азийн орнуудаас анх удаа Өмнөд Солонгос улс НАТО-гийн салбар байгууллагад нэгджээ. Эстонийн нийслэл Таллин хотод төвтэй НАТО-гийн цахим хамгаалалтын шилдэг төв нь гишүүн орнуудаас мэргэжилтнүүдийг сурган бэлтгэж, кибер халдлагын эсрэг хамтран тэмцдэг байгууллага юм. Өмнөд Солонгос тус төвд нэгдсэнээр НАТО-гийн гишүүн бус тав дахь орон болжээ.

Өмнөд Солонгосын тагнуулын үндэсний байгууллага кибер аюул заналхийллийн хариу арга хэмжээний стратеги боловсруулах болон үндсэн дэд бүтцийг халдлагаас хамгаалах арга замуудын талаар мэргэжилтнүүдээ бэлдэх зорилгоор 2019 оноос хойш тус төвд нэгдэхээр хүсэлт гарган ажилласан аж.

Тус төв нь НАТО-гийн командлалын бүтцээс тусдаа. Гэвч Өмнөд Солонгосыг тус байгууллагад нэгтгэсэнд Хятадын талаас санаа зовниж буйгаа илэрхийлжээ. Хятадын ойрын хөрш төдийгүй АНУ-ын холбоотон Сөүлийг тус төвд элсүүлснээрээ НАТО Зүүн Хойд Азид хүрээгээ тэлж байна гэх болгоомжлолыг Бээжинд төрүүлж, БНХАУ-ын тус бүс нутаг дахь ашиг сонирхолд харшилна гэж тус улсын цэргийн шинжээчид дүгнэжээ. Бээжингийн эрх баригчид НАТО-гийн өргөжин тэлэхийг үргэлж эсэргүүцсээр ирсэн.

Үүнээс гадна ОХУ НАТО-гийн өргөжин тэлэхийг шалтаг болгон Украин улсад халдан довтолсон. Энэ асуудалд Бээжингийн зүгээс ОХУ-ын аюулгүй байдлын зүй ёсны болгоомжлолыг бодолцож үзэхийг барууны орнуудаас шаардаж буй.

Шанхайн цэргийн шинжээч Ни Лецион хэлэхдээ, Өмнөд Солонгос улсыг тус төвд нэгтгэсэн нь хэрхэвч Хятадын ашиг сонирхолд нийцэхгүй бөгөөд Бээжин НАТО-г хэт өргөжиж байна гэж харна гэжээ. Нөгөө талд Өмнөд Солонгос нь Бээжингийн ашиг сонирхол, Хятад улстай найрсаг харилцаагаа бодолцож үзэх ёстой байсан гэж тэрбээр ярьсан байна. “Өмнөд Солонгос бол хүчирхэг, том армитай, хоорондоо ашиг сонирхлын зөрчилтэй хөршүүдээр хүрээлэгдсэн жижиг улс. Тиймээс аюулгүй байдлын байр сууриа бодож, харилцаа холбоогоо сүйтгэж болохгүй” гэж Ни Лецион тодорхойлжээ.

Гэвч цөмийн зэвсэг, баллистик пуужингаар цаг мөч бүхэнд заналхийлж байдаг Хойд Солонгосоос өөрийгөө хамгаалахын тулд Сөүл батлан хамгаалахын чадамжаа дээшлүүлэх зайлшгүй шаардлагатай. Мөн Пёньяныг “бодлогогүй алхам” хийлгэхгүй, дарж байхын тулд Хятад улсад нөлөөлөх шаардлага ч Сөүлд бий. Хятадын хувьд өмнөд солонгосчуудыг НАТО дадлагажуулж, сургаад эхэлбэл зөрчил гарсан нөхцөлд Пёньяныг дэмжих шаардлага үүснэ гэж Ни Лецион ярьжээ.

Юн Сук Ёл

Дөнгөж өчигдөр л тангараг өргөсөн Өмнөд Солонгосын шинэ ерөнхийлөгч Юн Сук Ёлын хувьд Пёньянтай харилцахдаа хатуу бодлого баримтална гэж ажиглагчид дүгнэж буй. Юн Сук Ёлын хувьд Хойд Солонгостой энхийг эрхэмлэж, найр тавьсан гадаад бодлогыг орхино гэх таамаглал байна.

Ардын чөлөөлөх армийн чөлөөндөө гарсан хурандаа Юү Гангийн хэлснээр, Өмнөд Солонгос улс тус төвд нэгдсэн нь НАТО-д нэгдэж буй алхам биш, цахим тулааны талбарт хамтрах хамтын ажиллагаа төдий боловч мэдээж үүнд Хятад улс тааламжгүй хандана гэжээ. Тэрбээр “Цахим орон зай нь дайны шинэ талбар болж буй энэ эринд Сөүлийн үйлдэлд Бээжин дургүйцэх нь тодорхой” гэж нэмж хэлсэн байна.

Сөүл дэх Батлан хамгаалахын судалгааны институтийн шинжээч И Ён Хаг хэлэхдээ, Өмнөд Солонгос аюулгүй байдал, батлан хамгаалах салбарынхаа төлөө бүхнийг хийх боловч цэргийн хамтын ажиллагааг Бээжин хөдлөшгүй ашиг сонирхол гэж хардаг учраас болгоомжлол байгаа гэв. Бээжингийн хөдлөшгүй ашиг сонирхол гэдэг нь Хятадын бүрэн хяналтаа зарласан Тайвань гэх мэт бүс нутгууд, Коммунист намын бүтээсэн улс төр, аюулгүй байдлын систем, Солонгосын хойг зэрэг хөрш нутгуудад тогтвортой байдлыг хамгаалах зэрэг багтдаг байна.

Өмнөд Солонгосын хувьд хойд хөршөөсөө шалтгаалан аюулгүй байдлын байнгын аюул заналхийлэл мэдэрч байдаг. Тиймээс Сөүл нь АНУ-тай холбоотны харилцаагаа бэхжүүлэхээс гадна Хятадтай хамтран ажиллах шаардлага тулгардаг. Энэ нөхцөлд Өмнөд Солонгос нь АНУ, Хятадтай харилцахдаа тэнцвэрийг хадгалах нь нэн чухал гэдэгтэй Ни Лецион ч санал нийлжээ.

Ши Жиньпин, Ким Жон Ун

Эх сурвалж: SOUTH CHINA MORNING POST

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж