МАН цатгалан, СҮРЭГ бүтэн

Хуучирсан мэдээ: 2022.05.11-нд нийтлэгдсэн

МАН цатгалан, СҮРЭГ бүтэн

МАН цатгалан, СҮРЭГ бүтэн

Хөгжлийн банкийг тонож идсэн гэх луйврын хэрэг “Дуутай тэнгэр хургүй, цуутай хүүхэн хуримгүй” гэгч болоод дуусав. Товчхондоо жинхэнэ луйварчид нь ямар ч гэм зэмгүй хоцорч, Ардын намын дарга нарын авлигатай тэмцэх амлалт амар сайхандаа жаргалаа.

Нэг

Нэгдүгээр сарын 31-нд Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мандуул хэвлэл мэдээлэлд хандаж, тус банк дампуурлаа зарлахад тун ойрхон ирснийг зарласны дараа нийгэм, улс төр, эдийн засгийг хамарсан их дуулиан дэгдсэн юм. Хөгжлийн банкнаас гаргасан 1.6 их наяд төгрөгийн зээл чанаргүй болсон нь нийт активынх нь 55.4 хувьтай тэнцжээ. Ингээд эрх баригчид буруутай эздийг олж тогтоон, хуулийн хариуцлага хүлээлгэхээ ээлж дараалан амлав. Жишээ нь, Ардын намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан “Хөгжлийн банкны асуудалд холбогдсон нь тогтоогдсон намын гишүүнийг эхлээд улс төрийн намын гишүүнчлэлээс нь түдгэлзүүлнэ. Шүүхээс гэм буруутай нь тогтоогдвол намын гишүүнчлэлээс хасч, насан туршдаа улс төрийн үйл ажиллагаанд оролцох эрхийг нь хаана. Сумын иргэдийн хуралд ч нэр дэвшүүлэхгүй. Зээлдэгчид Хөгжлийн банкнаас 1.5 тэрбум ам.долларыг 10 жил гаруй хугацаанд авчихаад төлдөггүй, 5-6 жил шүүхдээд хүү, алдангиа зогсоолгочихоод, улсын гаднаас зээлж ирсэн мөнгийг шамшигдуулж байгаатай тэмцье” гэв.

Араас нь залгуулаад УИХ-ын дарга Г.Занданшатар ажлын хэсэг байгуулж, нээлттэй сонсгол явуулав. Алдсан мөнгийг нь тодруулах, шалгах, нягтлах ажлын хэсгийнхэн хэдэн эзэнгүй үхэр олж, АТГ арваад хүнийг баривчлан саатуулав.

Атал Хөгжлийн банкнаас авсан олон саяын зээлийг хэн яаж барагдуулах нь анхнаасаа тодорхойгүй байсан, яг тэр хэвээрээ үлдлээ. Жишээ нь, “Нью Яармаг хаусинг прожект” компанийн авсан 142 тэрбум, “Эрэл”-ийн Д.Эрдэнэбатын зээлсэн 109.7 тэрбум, төрийн өмчит компаниудад олгосон 762 тэрбум төгрөгийг хэн төлөх нь одоо ч ойлгомжгүй байгаа юм.

Хоёр

Хоёрдугаар сард Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ олон нийтэд хандаж, мэдээлэл өгөхдөө “Олон нийтийн дэмжлэгтэйгээр Хөгжлийн банкийг цэвэрлэнэ. Олон улсын хууль, дүрмээр нь шийднэ” гэж байв. Үүнээс хоёр сарын дараа талбай дээрх залуусын шаардлагад хариулт өгөхдөө “Засгийн газраас авлигатай тэмцэхэд анхаарч байгаа. “Хөгжлийн банк” дээр явж байгаа өр, төлбөр болон зээл авсан хамаарал бүхий этгээдүүдийг бүгдийг нь АТГ-т өгөх шийдвэр гаргасан” болохоо дуулгаж байлаа.

Энэ явдлаас хэд хоногийн дараа УЕП-оос УИХ-ын дарга Г.Занданшатарт хандаж, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Г.Амартүвшин, Х.Ганхуяг, Ё.Баатарбилэг нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал хүргүүлсэн авчиг парламент хүлээж авсангүй. Үнэндээ төсвийн тодотголоор барьцаалж, дөрвөн гишүүнээ хамгаалж үлдсэн Г.Занданшатарын танхимынхан ар араасаа цуврахаас айсан бололтой.

Гурав

Хэдэн арван тэрбумаас хэдэн зуун тэрбумаар яригдсан Хөгжлийн банкны найдваргүй зээлдэгчдийн дийлэнх нь МАН-ынхан. Тэднээс арав орчим нь лав Г.Занданшатарын парламентад сууцгааж байна. Тэдний дөрвийг гишүүний бүрэн эрхээс нь түдгэлзүүлэн шалгах хүсэлтээ УЕП-оос УИХ-д дахин оруулах сурагтай.

Ерөнхийдөө УЕП, УИХ хоёр хоорондоо хэн нь бяртай, хүчтэй болохоо үзэх бололтой. Гэхдээ хууль ялах уу, авлига ялах уу МАН-ынхан авлига, албан тушаалын хэрэгтэй тэмцэнэ гэсэн амлалтдаа хүрэх нь үү.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан хоёр авлигатай манай, танай ялгалгүй тэмцэнэ л гэсэн. Иргэд тэдний үгэнд итгэсэн, дэмжсэн. Гэвч эрх баригчид сүрэг бүтэн бас гэдэс цатгалан үлдэж байх шиг.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ХарамсалтайХарамсалтай
3
БурууБуруу
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж