Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар өнөөдөр /2022.05.10/ Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2021 оны үйл ажиллагааны тайланг сонсов. Энэ үеэр гишүүд Эрүүл мэндийн сайд С.Энхболдыг ажлаа муу хийж байгааг онцлов. Тухайлбал, М.Оюунчимэг гишүүн сайдад хандан "Салбараа сайн ажиллуул" гэсэн бол Б.Баярсайхан гишүүн "Сайдаа би танаас бодлого асуусан. Хүүхдийн өвчлөлийг бууруулах тал дээр та ямар бодлого барьж байгаа юм. Хангалттай хариулт авч чадахгүй байна" гэв. Ийнхүү гишүүд С.Энхболд сайдыг шүүмжилж, чанга дуугаар загнасан юм.
Үүний дараа С.Одонтуяа гишүүн С.Энхболд сайдыг өмөөрч “Буруу тогтолцоогоор явж байна. С.Энхболд сайд, ЭМДЕГ-ын дарга Л.Бямбасүрэн нар тогтолцоондоо таарсан ажлаа чадах хэмжээндээ сайн хийж байгаа гэж хэлнэ. Бүгд дайрах юм. УИХ-ын гишүүд рүү дайрмаар байна. 2012-2016 онд ЭМД-ын хуулийг баталж, тогтолцоог нь зөв болгосон. Гэтэл өмнөх парламент тогтолцоог буруу болгосон.
Нэг худалдан авагчийн тогтолцоонд шилжчихээд худалдагчдаа хамаг мөнгөө бариулдаг улс орон гэж хаана байдаг юм бэ. Эрүүл мэндийн даатгуулагчдын эрх ашгийг хэн ч хамгаалж чадахгүй. Бүгдийг нь үрээд дуусч байгаа. Учир нь тогтолцоо нь ийм. Даатгал төлөгчдийн эрх ашгийг хамгаалах асуудлыг Шадар сайдын дэргэд аваачих ёстой. Эргээд даатгал төлөгчдийн мөнгө эрсдэл орж байна” гэлээ.
Холбоотой мэдээ