Банкны тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

Хуучирсан мэдээ: 2022.05.10-нд нийтлэгдсэн

Банкны тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

Улсын Их Хурлын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан өнөөдөр (2022.05.10) Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.

Монгол Улсын Их Хурал 2021 оны нэгдүгээр сарын 29-ний өдөр баталсан Банкны тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн дагуу системд нөлөө бүхий банкууд 2022 оны зургаадугаар сарын 30-ны өдөрт багтан олон нийтэд нээлттэй хувьцаат компанийн хэлбэрт шилжсэн байхаар зохицуулсан. Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны 2022 оны тавдугаар сарын 3-ны өдрийн 05 дугаар тогтоолоор системд нөлөө бүхий банкуудыг нээлттэй хувьцаат компани хэлбэрт шилжүүлэх хугацааг сунгах саналыг Монгол Улсын Ерөнхий сайдад хүргүүлсэн.

Засгийн газар Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооноос ирүүлсэн саналыг дэмжиж холбогдох шийдвэрийн төсөл боловсруулахдаа дараах нөхцөл байдлыг харгалзан үзжээ. Үүнд:

1.Цар тахлаас үүдэлтэй эдийн засгийн хямралыг дагасан үнийн өсөлт, сүүлийн үед олон улсад бий болсон цэрэг улс төрийн хурцадмал байдлаас шалтгаалан цаашид эдийн засаг, санхүү, төсвийн нөхцөл байдал хүндэрч, хөрөнгө оруулалтын орчин эрсдэлд орох хандлагатай байна.

2.Дээрх шалтгааны улмаас инфляцын өсөлт тооцоолж байснаас өндөр гарч улс орнуудын төв банкууд бодлогын хүүгээ өсгөж байна. Уг нөхцөл байдлыг харгалзан Монголбанкнаас цар тахлын үед мөнгөний бодлогын хүүг 6.0 хувь болгон бууруулсан байсныг 2022 оны 3 дугаар сард 9.0 хувь болгон өсгөсөн.

3.Дэлхий дахинд үүсээд байгаа бараа, бүтээгдэхүүний нийлүүлэлтийн тасалдал болон үнийн өсөлт нь инфляцид нөлөөлж байгаа тул Монголбанк Мөнгөний бодлогын хүүгээ түр хугацаанд тогтвортой хадгалах, цаашлаад мөнгөний бодлогыг чангаруулах, ханшийн оновчтой бодлогыг дотоод гадаад үнийн өсөлттэй уялдуулах, санхүүгийн тогтвортой байдлыг ханган ажиллахын тулд анхдагч зах зээлд хувьцаагаа гаргахаар төлөвлөж байгаа системд нөлөө бүхий банкуудад активын чанарын үнэлгээг хийх шаардлага үүсч байна.

4.Системд нөлөө бүхий банкийг нээлттэй хувьцаат компанийн хэлбэрт шилжихээс  өмнө тэдгээрийн төлбөрийн чадварт цар тахлын үзүүлсэн нөлөөлөл, өөрийн хөрөнгийн хүрэлцээ, эрсдэлийн түвшний үзүүлэлтийг харгалзан активын чанарын үнэлгээг хийлгэх, хийлгээгүй тохиолдолд банкны хувьцааны үнэлгээ буруу гарах, улмаар хөрөнгө оруулагчдад эрсдэл үүсэхээр байна.

5.Цар тахлын үед дэлхийн ихэнх улс орнууд мөнгөний бодлогын хүүг сулруулж, төсвийн бодлогыг иргэдийн амьжиргаа болон эдийн засгаа дэмжин тэлэхэд чиглүүлж байсан бол сүүлийн 6-8 сарын хугацаанд улс орнууд төсвийн зарлагаа багасгаж, мөнгөний бодлогыг чангаруулах бодлого баримталж байгаа бөгөөд энэ хандлага нь цаашид ч үргэлжилж хадгаламжийн хүүг өсгөж, хөрөнгө оруулагчдын сонирхлыг бууруулж болзошгүй  байна.

6.Хөрөнгийн зах зээлд оролцогчдын идэвх сайжирч байгаа хэдий ч банкны санал болгож буй хувьцааг дотоодын хөрөнгө оруулагчид худалдан авахад шаардлагатай эх үүсвэр дутагдаж болзошгүй байна. Системд нөлөө бүхий банкууд 430.0-580.0 тэрбум төгрөгийн үнэ бүхий хувьцааг олон нийтэд санал болгох урьдчилсан тооцоо гарч байна.

7.Богино хугацаанд буюу IPO хийх хугацааг хэт ойр тогтоож хэрэгжүүлэх нь хөрөнгийн зах зээл дээр банкны үнэлгээ буурах эрсдэлийг дагуулж болзошгүй байна.

8.Хөрөнгийн зах зээл өсөлттэй байгаа хэдий ч Виртуал хөрөнгө буюу койны зах зээлээс авсан сургамж, туршлагад үндэслэн хоёрдогч зах зээлийн арилжаагаар үнийн бууралт бий болох, ногдол ашиг тараах эсэхийг харгалзан хөрөнгө оруулагчдын анхдагч зах зээлд оролцох идэвх, сонирхол буурч болзошгүй юм.

9.Цар тахлын улмаас эдийн засагт гарч буй хямрал, олон улсын цэрэг улс төрийн хурцадмал байдал, дэлхий нийтийг хамарсан тээвэр ложистикийн хүндрэл манай улсын эдийн засаг, банк, санхүүгийн салбарт сөрөг нөлөө үзүүлсээр байна.

10.Монголбанк санхүүгийн тогтвортой байдлыг хангах хүрээнд хязгаарлалтын тодорхой арга хэмжээнүүд авч хэрэгжүүлж байгаа нь системд нөлөө бүхий банкуудаас хуульд заасан хугацаанд багтаан (2022 оны 06 дугаар сар) IPO хийх төлөвлөгөө амжилттай хэрэгжих боломжийг хязгаарлаж болзошгүй байна.

11.Банкуудын хувьцаагаа анхдагч зах зээлд олон нийтэд нээлттэй гаргах хуулийн хугацааг сунгах тухай Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны саналыг Засгийн газар дээр дурдсан нөхцөл байдлыг харгалзан дэмжих, энэ хугацаанд активын чанарын үнэлгээг хийж, үнэлгээний үр дүнг банкуудын санхүүгийн тайланд тусгах арга хэмжээг авч хэрэгжүүлэх нь хамгийн тохиромжтой хувилбар гэж үзжээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж