Эрчим хүчний сайд Н.Тавинбэхээс эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэлийн талаар болон эдийн засагчдаас эрчим хүчний нөөцийг хэрхэн хангах, үнийн хувьд ямар зохицуулалт хийх нь зүйтэй талаар байр суурийг тодрууллаа.
Эрчим хүчний сайд Н.Тавинбэх:
-Монгол Улс нарны зургаа, салхины гурван эрчим хүчний эх үүсвэр ашиглаж байгаа. Сэргээгдэх эрчим хүчний үнэ мэдээж өндөр байгаа. Гэхдээ энэ бол хуулийн дагуу тогтоогдсон үнэ. Сэргээгдэх эрчим хүчний тухайд Монгол Улсын нийт хэрэглээний 9-11 хувийг үйлдвэрлэж байгаа. Технологийн хувьд хүндрэл учруулж байгаа зүйл мэдээж бий. Үнийг буулгах талаар сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэгчтэй хамтарч ажиллаж байгаа. Ачааллын хувьд төлөвлөгөөний дагуу тооцооллуудыг хийж ажиллана
-Эрчим хүчний салбар улсын хэмжээнд өвөлжилтийн бэлтгэлээ хангаж эхэлсэн үү?
-Өвөлжилтийн бэлтгэлээ хангаж эхэлсэн. Өвөл эрчим хүчний хэрэглээ өндөр болохоор гаднаас эрчим хүч авахаас өөр аргагүйд хүрдэг. Цахилгаан хангамжийн найдвартай байдлын хувьд Монгол Улс бусад улс оронтой харьцуулахад сайн. Харин хүрэлцээний тухайд хэрэглээ өндөр учраас саатах асуудал тодорхой хэмжээнд гардаг.
2022-2023 онд ОХУ-аас авдаг импортын эрчим хүчийг 100 МВт аар нэмэгдүүлэхээр төлөвлөсөн.
Мөн энэ онд Дорнодын цахилгаан станцыг өргөтгөхөөр төлөвлөж байгаа. Үүнээс гадна Улаанбаатарт 200 МВт цахилгаан хураагуур нээхээр ажиллаж байна. Хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөрийн хүрээнд шинэчлэлт, ажлуудыг зохих хугацаанд багтаад гүйцэтгэхээр төлөвлөж байгаа.
Эх үүсвэр болоод дамжуулах түгээх сүлжээний тухайд хэрэглээний өсөлт үйлдвэрлэлээс давсан учир тасалдал үүсэх эрсдэлтэй нөхцөлд байна гэсэн үг. Системийн хэмжээнд технологийн хүндрэл үүсч болзошгүй төлөвтэй байна.
Цаашид 2030 он хүртэл эрчим хүчний үнийг индексжүүлэн, улирал тутам шинэчилнэ. Ингэснээр эрчим хүчний салбарын алдагдал буурна. Учир нь, бид өртгөөс 50 хувиар бага үнээр эрчим хүч нийлүүлж, их хэмжээний алдагдалд орсоор байна. 2020 онд 67.9 тэрбум төгрөгийн алдагдал хүлээсэн. 2015 оноос хойш үнэ тарифт ямар нэг өөрчлөлт ороогүй байна. Нийслэл шинэ дагуул хоттой болж, эдийн засгийн чөлөөт бүсүүд нээснээр цахилгаан, дулааны эрэлт улам өсөхөөр байна. Сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэж байгаа ч бид энэ эрчим хүчинд ямар ч тохируулга хийж чадахгүй байна. Тохируулгыг импортын эрчим хүч өндөр үнээр худалдан авч байна. Нэг квт цахилгааны үнэ Монгол Улсад 175 төгрөг байгаа нь ОХУ, БНХАУ-ын үнээс 20-60 хувиар бага гэсэн үг.
ИРГЭДИЙН АМЬДРАЛ ХҮНД БАЙСАН Ч ЦАХИЛГААНЫ ҮНЭ ХЯМД БАЙХ ЁСГҮЙ
Эдийн засагч Д.Ангар:
-Эрчим хүчний салбарын бодлого алдагдсан. Иргэд, олон нийтэд таалагдах гэж улстөрчид цахилгааны үнийг нэмэхгүй байснаар бүтээн байгуулалтын ажлууд царцаж байна. Covid-19-өөс шалтгаалсан эдийн засгийн нөхцөл байдлыг харгалзаж төрөөс иргэд, аж ахуй нэгжийн эрчим хүчний төлбөрийг даасан. Монгол Улсад цахилгааны төлбөр маш хямд байдаг. Үнийг нэмэхгүйгээр эрчим хүчний хангалттай эх үүсвэр бий болгох, импортыг багасгах ямар ч боломжгүй. Эрчим хүчний салбар сүүлийн жилүүдэд байнга алдагдалтай ажиллаж, нар харсангүй. Шаардлагатай хөрөнгө оруулалт байхгүйн улмаас технологио шинэчилж чадахгүй, үйлдвэрлэлээ нэмэгдүүлж чадахгүй байдалд хүрээд байна.
Энэ жил Оросоос авах импортын эрчим хүчийг нэмэгдүүлээд дараа дараагийн жилүүдэд асуудал шийдэгдэнэ гэж байхгүй.
Тиймээс дорвитой шийдэл гаргах хэрэгтэй. Эрчим хүчний салбарт үнийг чөлөөлж, либералчлах шаардлагатай гэж харж байна. Н.Тавинбэх сайд цахилгааны үнийг нэмнэ гэхээр Засгийн газар хүлээж авдаггүй. Энэ бол маш буруу. Улстөрчид попорч биш асуудлыг углуургаар нь шийдэх нь зөв. Иргэдийн амьдрал хүнд, ядуу байсан ч цахилгаан хямд байх учиргүй. Хэрэв ийм хямд хэвээр байсаар байвал хэдэн жилийн дараа ачааллаа дийлэхгүй хот хөлдөх эрсдэл их бий.
Хэрэв цахилгаан тасарч хот хөлдвөл Монгол Улсад түүнийг сэргээх хөрөнгө, нөөц боломж бий билүү гэдгийг иргэд сайн ойлгох хэрэгтэй.
Тэгэхээр, цахилгааны үнийг чөлөөлж, тодорхой хэмжээнд нэмэх, шаардлагатай технологиудыг шинэчлэхэд анхаарах нь эдийн засгийг сэргээхэд онцгой нөлөөтэй гэж харж байна.
"ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРТ БОДЛОГО БАЙХГҮЙ"
Эдийн засагч Х.Батсуурь:
-Монгол Улсын эрчим хүчний салбарт бодлого байхгүй. Үүнээс болоод шинэчлэлт ч хийж чадахгүйд хүрсэн. Бүтээн байгуулалт хийж, эх үүсвэрийг нэмэгдүүлэх, өргөтгөл барьж цахилгаан станцуудыг дэмжих зэрэгт бодлогын хувьд анхаарч чадвал энэ салбар хөгжинө. Түгээлт, эх үүсвэрийг хувьчилна гэж ярьж байгаа. Энэ бол буруу. Төрөөс зохицуулалт хийж чадахгүй байгаа учраас Монголын эрчим хүч олон улсаас хамааралтай хэвээр байна. Энэ нь мэдээж эдийн засагт ч нөлөөтэй.
Эхний ээлжид эрчим хүчний салбарт хийх ёстой хэд хэдэн ажил байгаа. Тухайлбал, олон жил царцсан IV цахилгаан станцын өргөтгөлийн ажил.
Хэрэв үүнийг хийвэл эрчим хүчний хэрэглээ өндөр болох үед хангамж сайжрах боломжтой. Асуудлыг өнөөдрөөр биш алсаар харах нь зөв. Гэсэн ч яамныхан үүнийг нэг жилээр, энэ өвлөөр хэмжиж харах нь буруу юм. Уг нь шинэ цахилгаан станц бариснаас өргөтгөл барих нь цаг хугацааны хувьд хөрөнгө санхүүгийн хувьд ч хэмнэлттэй. Тиймээс эхний ээлжид шинийг барьж олон жилийн ажил төлөвлөж байснаас ойрын хугацаанд энэ салбарт ямар бүтээн байгуулалт хэрэгтэй гэдгийг анхаарах нь чухал. Эрчим хүч тасалдах эрсдэлтэй болбол үйлдвэрлэл нэмж огт баригдахгүй. Харин ч дампуурах эрсдэлтэй гэсэн үг. Энэ нь иргэдийн болоод аж ахуй нэгжүүдийн эдийн засагт уналт үзүүлэх эрсдэлтэй. Тэгэхээр эрчим хүчний салбарт бодлогын хувьд шинэчлэлт хийх нь зүйтэй.
Холбоотой мэдээ