Муу эр дайнд хөөрөв ба Э.Бат-Үүлийн анхааруулга үнэн байжээ

Хуучирсан мэдээ: 2022.05.10-нд нийтлэгдсэн

Муу эр дайнд хөөрөв ба Э.Бат-Үүлийн анхааруулга үнэн байжээ

Муу эр дайнд хөөрөв ба Э.Бат-Үүлийн анхааруулга үнэн байжээ

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины зарлигаар 2022 оны хоёрдугаар сарын 24-ний өдөр ОХУ-ын зэвсэгт хүчин Украйнд дайн эхлүүлсэн. Бүрэн эрхт тусгаар улсын газар нутагт халдан довтолсон энэхүү түрэмгийллийг ардчилал хүний эрхийг дээдэлдэг дэлхийн улс орнууд эрс эсэргүүцэн ОХУ-д эдийн засгийн болон улс төрийн хориг арга хэмжээ авах болсон билээ. Монгол Улсын хувьд газар зүй, геополиткийн онцлогоос шалтгаалан төдийгөөс өдий хүртэл төвийг сахисан байр суурь баримталж буй.

Атал, өнгөрөгч Ням гаригт ОХУ-ын Элчин сайдын яамнаас тавдугаар сарын 9-нийг угтан парад зохион байгуулсан нь Монголыг муу дээр муухай харагдуулахад хүргэв. Бүрэн эрхт тусгаар улсын нутаг дэвсгэрт дайныг илтэд дэмжсэн жагсаал явуулсан нь Монгол Улсын Үндсэн хуульд харш үйлдэл болсон юм. Үүнээс үүдэлтэй, Монгол Улсад учрах хор, хохирлыг хэн хариуцах вэ гэх асуулт зүй ёсоор тавигдаж байна. Үнэндээ ОХУ-ын Элчин сайд Н.Азизов болон түүнд ийм жагсаал хийх зөвшөөрөл олгосон манай сайд, дарга нараас  илүүтэй Монголын жирийн иргэдийн нуруун дээр эрсдэл, эдийн засгийн хор хохирол нь буух нь гарцаагүй.  Иймээс Тусгаар улсын нутаг дэвсгэрт дайныг илтэд дэмжсэн үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгосныхоо төлөө БХ-ын сайд Г. Сайханбаяр, хотын дарга Д.Сумъяабазар нар огцрох ёстой юм. Хэрэвзээ, Монгол Улсын Үндсэн хуульд захирагддаг бол шүү дээ.

Муур эр дайнд хөөрнө гэгчээр тэднээс гадна Н.Азизовт “ач хариулах” хүмүүс Монголын улс төрд цөөнгүй байна. Тэдний нэг нь экс Ерөнхийлөгч Х.Баттулга. Нэгэн цагт Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлыг толгойлж явсан Төрийн тэргүүний хувьд түүний өчигдрийн үйлдэл үнэндээ жирийн нэгэн гудамжны иргэнээс тэс өөрөөр гадаадад хүрэх нь ойлгомжтой.

Тодруулбал, АН-ыг даргаар өөрийгөө зарлах болсон  Х.Баттулга өчигдөр Г.К.Жуковын хөшөөнд цэцэг өргөн хүндэтгэл үзүүлж, дэлхий нийтийн өмнө  Монголыг ахин шившиглэв.

Түүний энэ мэт үйлдэл гаргах нь анх удаагийнх биш юм. 2014 онд ОХУ Украйны газар нутагт халдан довтолж, Крымын хойгийг эзлэн түрэмгийлэх үеэр Барилга хот байгуулалтын ажиллаж байсан Х.Баттулга Оросын нэгэн хэвлэлд Монголын засгийн газрын гишүүний хувиар энэхүү ажиллагааг дэмжиж буйгаа илэрхийлэн ярилцлага өгсөн нь баримт болж үлджээ. Тухайн үедээ Засгийн газрын нэг цонхны бодлого, дипломат ёсыг зөрчсөн түүний энэхүү үйлдлийг хэвлэлээр хэсэг шуугиад өнгөрсөн билээ. Эндээс харвал Х.Баттулга аль эртнээс л ардчилал хүний эрх, эрх чөлөөний эсрэг үг, үйлдэл гаргаж ирсэн гэсэн үг.  Хэдийгээр  Х.Баттулгыг хэн болохыг цаг хугацаа шүүх ч түүний хэрэгжүүлж байсан бодлого, улс төрийн акцийг харахад дандаа Монголын эдийн засаг, эрх чөлөөний эсрэг явж ирсэн байх юм.

Түүний тод жишээ нь төмөр зам хэрэг явдал. Өнөөдөр ч Монгол Улс Хятадад нүүрсээ төмөр замаар экспортлож чадахгүй байхад Оросоос Хятад руу нарийн царигтай төмөр зам тавьж, жилдээ 100 сая тонн нүүрс зарах гэрээ байгуулчихлаа. Энэ бол “Монгол ялна” гэж монголчууд хөөрцөглөсний үр дагавар байв.

Х.Баттулга Монгол Улсын Ерөнхийлөгч байхдаа дэлхийн энх тайван, эдийн засгийн хөгжил, аюулгүй байдал, нийгмийн асуудлууд болон хүний эрхийн талаар хамтран ажиллах зорилго бүхий дэлхийн улс орнуудын нэгдэл НҮБ-ын чуулганд нэг ч удаа Монголоо төлөөлж явж байгаагүй юм.  Харин ч эсрэгээрээ ШХАБ-д Монголоо тавьж, цаазын ялыг сэргээхийг санаархаж байсан хүн. Тэрбээр өнөөдөр баруун төвийн үзэл баримтлал бүхий Ардчилсан намыг ашиглан хүчирхийлэл, дайн, алан хядах ажиллагааг дэмжиж зогсоно. Авчиг АН ямар түүний могойд барьдаг мод уу.

Өнгөрөгч долоо хоногт Э.Бат-Үүл сэтгүүлчдэд хандан  “Х.Баттулга Монголыг дараагийн Беларусь болгох вий” гэж болгоомжлуулж, анхааруулж байсан нь үндэслэлтэй байжээ. Хэрэвзээ тэр өнөөдөр Ерөнхийлөгч байсан бол Монголын хувь тавилан хаашаа эргэхийг бодохоос жинхэнэ айдас, хүйдэс. Халхын заяа ихээ гэж.

Ардчиллын алтан хараацайнуудаас эхлээд АН-ын лидер бүрийг нь толгой дараалан хар пиарын машин, хууль шүүхийн хонгилоороо оруулан Ардчилсан намыг хүчгүйдүүлж, гудамжинд гаргасан хүн бол Х.Баттулга.   Хаана л төрийн мөнгө,  төрийн тусгай сан байна, түүнийг нь хувийн компани, тойрон хүрээлэгч нараараа идэж уусан хэрэгт нэр холбогддог ч нэг ч удаа хуулийнхны өмнө гутлаа тослоод, зангиагаа зүүгээд очиж байсан удаагүй. Эсрэгээрээ бөхчүүд, жүдочдынхоо ард нуугдаж явсан уу гэхээс. Өдгөө ч түүний  Хөгжлийн банкийг тонож идсэн гэх асуудлыг хэвлэлүүд баримт, нотолгоотой бичиж байна. Даанч Ардын нам, АТГ хоёр түүнийг шалгаж хүчрэхгүй шинжтэй. Үгүй бол зөвлөхийнхөө  "Нью Яармаг хаусинг прожект" компаниараа хамтран 142 тэрбум төгрөгийн ард түүний нэр бичигдэх болсон нь зүгээр ч нэр хардлага биш биз. 

Эцэст нь, ардчилал хүний эрхийн талаар “а” ч үгүй эзлэн түрэмгийлэгчдийг ил цагаан дэмжигч Х.Баттулгад Ардчилсан намын тамгыг булаацалдах эрх байхгүй юм. Х.Баттулгын үг, үйлдэл болгон Монголын эрх ашгаас илүү Оросын эрх ашигт үйлчилдэг нь худлаа биш. Өөрөөр хэлбэл, тэр хэзээ манай нохой байгаагүй гэсэн үг.

Б.БАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
131
ТэнэглэлТэнэглэл
46
ЗөвЗөв
8
ХахаХаха
5
ХарамсалтайХарамсалтай
3
ХөөрхөнХөөрхөн
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж