Хандиваас хамаарсан Монголын ирээдүй

Хуучирсан мэдээ: 2022.05.10-нд нийтлэгдсэн

Хандиваас хамаарсан Монголын ирээдүй

Хандиваас хамаарсан Монголын ирээдүй

Од болон гялалзсан залуу хүнд өвчний улмаас элэг нэгтнүүдээсээ хандив гуйж эмчилгээний зардлаа олсон ч харь орныг зориод харамсалтайгаар амиа алдсан билээ. Хайрлахгүй байхын аргагүй нэгэн гэр бүл хорт хавдартай хоёр жил тэмцсэн ч эцэст нь арга буюу хавдарт нөхрөө залгиулжээ. “Охиноо л эмчлүүлээд эдгээчих юм сан. Оронд нь би өвдсөн ч болоосой” гэж уйлах Б.Бадамцэцэг шиг бүсгүйг өнөөдөр Монголын хаанаас ч олж болно. Бүр төв талбайгаас шүү. Аргаа барсан аав, ээжүүд төв талбайд бяцхан үрсийнхээ төлөө хандив гуйн зогсож байна. Өдөр болгон, цаг тутамд хаанаас ч олж харж болох хандив гуйсан эцэг, эхчүүдийн хүүхдийнхээ зургийг тавьсан зүрх зүсэм мэдээлэлд бид дарамтлуулж байдаг ч асуудлыг шийдэлгүй явсаар өдийг хүрчээ.

Үртэй хүн үрээрээ, биетэй хүн биеэрээ гэгчээр бяцхан үрсээ аврахаар зовсон, зүдэрсэн, байдгаа зараад ч хүчирхээгүй эмчилгээний зардалд нэмэр болохыг хүссэн хандивт бүгд л боломжийнхоо хэрээр өгдөг ч харамсалтай нь ингээд асуудал шийдэгдэхгүй. Нэг хүүхдэд амьдрал бэлэглэсэн ч нөгөө нь хандив цуглахыг хүлээж дийлэлгүй хорвоог орхих ажээ.

Монголд “Хорт хавдраар эндсэн болон хүнд өвчтэй хүүхдүүдийн ээжүүд” төрийн бус байгууллага байгуулагдтал асуудал даамжирчээ. Нэр нь хүртэл “эндсэн”, “өвчтэй”. Тэд 10 мянган аав, ээжийн гарын үсэг цуглуулж “Хүүхдийн төлөө фонд”-ноос эмчилгээнд явах шаардлагатай 48 хүүхдийн зардлыг өгөхийг хүсчээ. Тэрхүү фондыг монголчууд бас л хандиваар цуглуулсан юм. Энэхүү фондноос хүүхдийн хөгжил, бүтээн байгуулалт, амжилтыг дэмжихэд зарцуулна гэдгээ холбогдох албаныхан мэдэгдсэн юм. Түүгээр зогсохгүй мөнгө амласан аж ахуйн нэгжээс мөнгийг нь шахаж авах тухайгаа Соёлын дэд сайд М.Батбаяр мэдэгдсэн юм. Тэрхүү мөнгөөр хүүхэлдэйн театр, хүүхдийн номын сан барина гээд буй.

Гэтэл түүгээр нь үйлчлүүлэх хүүхдүүд өдөр өдрөөр цөөрсөөр буй нь гашуун боловч үнэн билээ. Үүнийг батлан Б.Бадамцэцэгийг хүүхдээ хараад сэхээн амьдруулах тасагт сар орчим байхад 10 хүүхэд эндсэн гэв.

Үүнтэй адил үй олон жишээ Монголд бий. Гэтэл төрийн зүгээс авсан арга хэмжээ нь гадаадад эмчлүүлэх шаардлагатай өвчний жагсаалт гаргаж, эмчлүүлсэн тохиолдолд тодорхой хувийг нь буцаан олгох шийдвэр.

ДАРАА ТӨЛБӨРТ ТӨР

Гадаадад эмчлүүлчээд буцаж ирээд гаргасан зардлынхаа тодорхой хувийг салбарын сайдын багцаас авдаг энэхүү тогтолцоо иргэнийхээ төлөө мэт боловч явж чадаагүй бол “үх” гэснээс өөрцгүй сонсогдоно. Хэдэн зуун саяар тооцогдох эмчилгээний зардлыг төлчих чадалтай нь хэн, чадалгүй нь хэд билээ. “Бурхан” ч төлбөрөө урьдчилж авдаг болсон эл цагт Хийморийн сан тавиулахдаа хүртэл эхлээд мөнгөө төлдөг ч хэзээ ч баталгаа олгодоггүйтэй билээ.

Тиймээс энэхүү утгагүй тогтолцоогоо ядаж өөрчлөөд дараа нь бус эмчлүүлэхээр явахад нь өгдөг болохыг өвчтнүүд хүсч байна. Өнөөдөр Монголд ээжийгээ гадаадад эмчлүүлчээд ирээд тодорхой хувийн буцаан олголтыг нь авчихдаг УИХ-ын гишүүн хүүтэй хүн тун чиг ховор билээ.

ГУЙЛГАЧНЫ СТАТИСТИК

Монгол Улс хорт хавдраар өөд бологсод, өвчлөгсдийн тоогоороо дэлхийд тэргүүлж ирсэн. Энэ талаар сонгууль болгоноос ёс юм шиг мөрийн хөтөлбөртөө улстөрчид оруулдаг ч бахь байдгаараа. Цөө цөөрч, байр ухарсан тохиолдол байхгүй. Гэхдээ энэхүү эмгэнлийн статистикаа бахархалтайгаар гаргадаг цаад учир нь гадаадын тусламж, хандив, төсөл хөтөлбөрийг авах гэсэн атгаг санаа байна уу гэлтэй. ХӨСҮТ-д л гэхэд хэдэн зуун саяар тооцогдох төслүүд хэрэгждэг, түүнийг нь захиран зарцуулдаг хүн хэчнээн олон жил даргаар ажилласныг бид үе үехэн уншдаг ч байх ёстой зүйл мэт явсаар ирсэн. Өнөөдөр аюулын харанга дэлдсэн хангалттай олон статистик гардаг ч тэр нь анхааралдаа авч, асуудлыг шийдэхэд бус алгаа тосоод гаднаас гуйлга гуйхад л ашиглагддаг зүйл болоод удлаа.

УИХ-ын гишүүн монголчуудын 80 илүү хувьд нь цус ойртолт нүүрлэсэн тухай улс даяар яриад сууж байна. Үнэхээр тийм бол тэрхүү 80 хувьд нь өөрөө өртсөн гэдгээ мэдэхгүй дэмийрэх нь гаслантай. Гэтэл ганцхан зүрхний эмчийн санаачлагаар түүний багийнхан хэдэн мянган хүүхдэд амьдрал бэлэглэв. Төрийн оролцоогүйгээр шүү дээ. Манай төрийн хийж чаддаг зүйл нь шаардлагатай тоног төхөөрөмж, багаж, хэрэгсэл авах нэрийдлээр мөнгө унагаах л явдал байдгийг 20 мянган төгрөгөөр амны хаалт авах гэж байсан жишээ харуулна.

ХАМААРЛЫГ ЗОГСООЁ

Монголчуудын нэрийг барьж, үгээгүй гуйлгачид, өрсөлдөх чадваргүй гэж хандив тусламж, хөнгөлөлттэй зээл авчаад дур зоргоороо үрэн таран хийж, хөлжиж, хөнжлийнхөө хэрээр хөлөө жийхгүй бурхны хөшөө барихад 32 тэрбумыг зарцуулах тухай УИХ-ын гишүүд улайхгүй ярьж суудаг. Гэтэл өдөр өдрөөр Монголын ирээдүй болсон бяцхан үрс дотоодод эмчлэх боломжгүй, гадаадад эмчлүүлэх мөнгөгүйгээс ээж, аавынхаа нулимсанд норсоор энэ хорвоогоор буцаж байна.

Төв талбайд хандив гуйсаар байх хэрэг үү? Энэ тогтолцоог өөрчлөхгүйгээр бид хэдий болтол хандив гуйж, хэзээ хүртэл тэднийг тансаглуулах вэ? Одоо зогсооё.

Л.ХАЛИУ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
3
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж