Цахим спортын "CS:GO" төрлийн хамгийн том тэмцээн болох Мэйжорын “Challengers” шат өчигдөр/2022.05.09/ эхэллээ. Монгол Улсаа төлөөлөн анх удаагаа оролцож буй “IHC Esports” багийн тухайд эхний тойрогтоо Данийн хүчирхэг “Astralis” багтай учраа таарч, 16-2 гэсэн харьцаатай ялагдал хүлээсэн. Харин хоёрдугаар тойрогтоо АНУ-ын “Complexity Gaming” багийн эсрэг тоглож, ширүүхэн өрсөлдөөний эцэст 16-13 гэсэн харьцаатай дийлдсэн юм. “IHC Esports” баг тэмцээний эхний өдөр хоёр дараалан “Nuke” дээр тоглосон бөгөөд энэхүү тоглолтуудад “bLitz” буюу Б.Гарьдмагнай тун жигд тоглолтыг үзүүлсэн.
Өнөөдөр орой 20:30 цагаас тэд Австралийн “Renegades” багийн эсрэг тоглоно. Хоёр баг сар гаруйн өмнө Мэйжорын эрхийн төлөө учраа таарахад “IHC Esports” баг 2-0 гэсэн харьцаатай ялж байлаа.
“Challengers” шатанд нийт 16 баг өрсөлдөж байгаа бөгөөд үүнээс амжилтаараа тэргүүлсэн шилдэг найм нь дараагийн “Legends” шатанд өрсөлдөнө. Одоогоор “Team Vitality”, “Ence”, G2 Esports”, “forZe” багууд нэг ч хожигдолгүй эхний шатыг тэргүүлж байна. “IHC Esports” багт одоо хожигдох эрхгүй тоглолтууд үлдсэн. Ганц л хожигдсон тохиолдолд дараагийн шатанд өрсөлдөх боломжгүй болно. Тиймээс тэдэнд тун хариуцлагатай гурван тоглолт үлдлээ.
Холбоотой мэдээ