Европын комиссын ерөнхийлөгч Фон Дер Лайен өнгөрсөн долоо хоногийн Лхагва гаригт гишүүн орнууддаа хандан Оросын газрын тосыг энэ оны эцэс гэхэд хориглох талаар нэгдсэн байр сууринд хүрэхийг уриалсан билээ.
Москва хоёрдугаар сард Украин руу довтлох чиглэл өгснөөс хойш Европын холбоо Оросын эрх баригчид, олигархиуд, банк, компаниуд болон бусад байгууллагад хориг арга хэмжээ авсаар буй юм.
Өдгөө Европын комиссоос ОХУ-ын эсрэг авахаар төлөвлөж буй зургаа дахь багц хориг арга хэмжээний хүрээнд Европын холбооны орнууд ОХУ-аас газрын тос авахыг үе шаттайгаар зогсоож, “Сбербанк” зэрэг Оросын гурван банкийг SWIFT банк хоорондын төлбөрийн системээс гаргах санал гаргажээ.
Хэвлэлд мэдээлснээр, Европын комисс Европын холбооны орнуудад зургаан сарын дотор Оросын түүхий газрын тосны импортоос, 2023 онд Оросын газрын тосны бүтээгдэхүүний импортоос тус тус татгалзах санал тавьжээ.
Бид энэ удаа “ДЭЛХИЙН ЭДИЙН ЗАСАГ” буландаа Европын холбооноос ОХУ-ын эсрэг авахаар төлөвлөж буй хориг арга хэмжээний эргэн тойронд өрнөж буй үйл явдлын мэдээллийг хүргэж байна.
ЕВРОПЫН ХОЛБООНЫ ОРНУУД НЭГДСЭН ШИЙДЭЛД ХҮРЭЭГҮЙ БАЙНА
Европын холбоо зургаа дахь багц хоригийн хүрээнд ОХУ-ын газрын тосыг хамтын нийгэмлэгийн орнуудын хөлөг онгоцоор гуравдагч улс руу тээвэрлэхийг хориглохоор төлөвлөж байгаа аж. Энэ талаар өнгөрсөн Даваа гариг (2022.05.09)-т “Bloomberg” агентлаг Европын холбооны баримт бичиг болон эх сурвалжийн мэдээллээс иш татан уламжлав.
Үүний зэрэгцээ Европын холбооноос Европын компаниудад Оросын газрын тос тээвэрлэж буй хөлөг онгоцуудад даатгал хийхийг хориглох бодолтой байгаа аж. “Bloomberg”-т ярилцлага өгсөн нэгний тэмдэглэснээр, энэ саналтай зарим гишүүн орнууд санал нийлэхгүй байгаа ч энэ нь хориг арга хэмжээний зургаа дахь багцад орох бололтой.
Европын холбооны орнуудын байнгын төлөөлөгч нар энэ сарын 4, 5-ны өдрүүдэд Оросын эсрэг авах хориг арга хэмжээний зургаа дахь багцын талаарх Европын комиссын саналыг хэлэлцсэн ч нэгдсэн шийдэлд хүрээгүй байна.
“Ройтерс” агентлагийн мэдээлснээр, Европын холбооны зөвлөл Оросын газрын тосны тээвэрлэлтийг хориглох асуудлыг гурван сараар хойшлуулж, Европын холбооны төсвөөс хамгийн асуудалтай орнуудад газрын тосны дэд бүтцийг хөгжүүлэхэд нь хөрөнгө оруулалт хийж, Оросын газрын тосыг орлуулах боломж олгохыг санал болгожээ.
Зарим орны хэвлэлд мэдээлснээр, Унгар, Словакаас гадна Чех, Болгар болон Европын холбооны бусад хэд хэдэн гишүүн орон ОХУ-ын газрын тосноос татгалзах хугацааг хойшлуулах боломжтой гэж мэдээлсэн байна. Мөн өдгөө төлөвлөж буй хориг арга хэмжээний багцад тус заалтыг оруулахгүй хэмээн эсэргүүцэж буй орны тоонд Грек багтсан бөгөөд хориг арга хэмжээний багцаас хасахыг дэмжжээ.
Европын холбооны зарим орнууд Оросоос авч буй газрын тосны импортыг зогсоосны дараа гарах үр дагавар, сөрөг нөлөөлөлд ихээхэн санаа зовниж буйгаа илэрхийлж буй юм.
Унгарын ерөнхий сайд Виктор Орбан мөн тус саналыг эсэргүүцэж байгаагаа илэрхийлжээ. Тэрбээр “Улс орны эдийн засагт асар ихээр нөлөөлөх учраас Оросын газрын тосны салбарт хатуу хориг тавих Европын холбооны саналыг эсэргүүцэж байна” гэсэн байна.
Унгар улс газрын тосны импортынхоо 65 хувийг ОХУ-аас авдаг. Виктор Орбан “Газрын тос боловсруулах үйлдвэр, дамжуулах хоолойг шилжүүлэхэд дор хаяж таван жил зарцуулж, их хэмжээний хөрөнгө оруулалт татах шаардлагатай болно” гэжээ. Түүний хэлснээр, Унгар, Словак улсуудыг газрын тосны өөр эх үүсвэрээс хангахад буюу 2023 оны эцэс хүртэл хугацаа өгөх болов уу гэсэн хүлээлттэй байгаа аж. Тэрбээр “Унгар улс Европын холбоотой хамтран ажиллах, яриа хэлэлцээ хийх сонирхолтой ч зөвхөн бидний ашиг сонирхлыг харгалзан үзсэн тохиолдолд л боломжтой” гэж хэлжээ.
Польш улсын хувьд Европын холбооны түншүүддээ өнгөрсөн долоо хоногийн Даваа гариг (2022.05.03)-т ОХУ-ын газрын тос, байгалийн хийн салбарт хориг арга хэмжээ авахыг дэмжиж, хийн төлбөрийг рублиэр хийх шахалтад автахгүй байхыг уриалсан.
“Газпром” компани Болгар, Польш улсууд дөрөвдүгээр сард газрын тос, байгалийн хийн төлбөрөө төлөөгүйг мэдэгдсэн байна.
Польшийн Уур амьсгал, байгаль орчны асуудал эрхэлсэн сайд Анна Москва “Бид Оросын газрын тос, хийд нэн даруй хориг тавихыг уриалж байна. Энэ бол дараагийн, яаралтай, үнэмлэхүй алхам юм. Бид Оросын нүүрстэй холбоотой шийдвэрийг хэдийнэ гаргасан бол одоо газрын тос, дараа нь хийн талаар авч үзэх хэрэгтэй. Хамгийн зөв сонголт бол бүгдийг хамруулах юм” гэж мэдэгджээ.
Дээрх хориг арга хэмжээнүүд Европын холбооны гишүүн орнууд баталсны дараа хүчин төгөлдөр болох тул хэдэн өдрийн хугацаа шаардагдаж магадгүй аж.
Газрын тосны үнэ баррель нь 106 доллар болж буурав
Өнгөрсөн Даваа гариг (2022.05.09)-ийн арилжааны явцад Брент төрлийн газрын тосны үнэ нэг торх нь 106.61 ам.доллар болж буурчээ. ТАСС агентлагийн мэдээлснээр, долдугаар сард нийлүүлэх фьючерсийн үнэ ийнхүү 5 гаруй хувиар буурсан байна. Үүний зэрэгцээ WTI төрлийн газрын тосны үнэ Даваа гаригийн орой 5.44 хувиар буурч, нэг торх нь 103.8 ам.доллар болжээ.
АИ92 ШАТАХУУНЫ ИМПОРТЫН ҮНИЙГ 840 АМ.ДОЛЛАР БОЛГОНО
Монгол Улсын хувьд өнгөрсөн долоо хоногт “Роснефть” компанитай жил бүрийн ээлжит уулзалтаа хийсэн. Тодруулбал, Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд О.Батнайрамдал болон шатахуун импортлогч аж ахуйн нэгжийн төлөөлөл багтсан бүрэлдэхүүн ОХУ-д очиж, шатахууны үнэ тогтворжуулах гэрээг энэ сарын 3-ны өдөр “Роснефть” компанитай байгуулсан тухай мэдээлсэн билээ.
Энэ үеэр иргэдийн хэрэглээний шатахууны гол төрөл болох АИ92-ын импортын үнийг одоо тонн тутамд 1110 ам.доллар байгааг 25 хувийн хөнгөлөлттэй буюу 840 ам.доллар болгох гэрээг амжилттай байгуулсан байна. Ингэхдээ уг гэрээний үнэ зөвхөн дөрөв, тав, зургадугаар сард хүчин төгөлдөр мөрдөгдөх ажээ.
Дэд сайдын мэдээлснээр, өнгөрсөн онд шатахууны импортын үнэ 71 хувиар, он гарснаас хойш дахин 45.8 хувиар өссөн нь АИ92 шатахууны борлуулалтын үнэ литр тутамд 3330 төгрөг болох нөхцөл үүссэн байна. Энэхүү шатахууны үнийн өсөлт 2013 оноос хойш байгаагүй өсөлт болохыг дэд сайд онцолсон билээ.
Монгол Улсын тухайд ОХУ-аас шатахуунаа импортлохдоо Сингапурын биржийн үнээр тооцож авдаг. “Роснефть” компанитай ийнхүү гэрээ байгуулснаар борлуулалтын үнийг 2390 төгрөгт барих боломж бүрдэв.
Засгийн газраас үнэ тогтворжуулахтай холбоотой хуулийн төсөл УИХ-д өргөн барьж батлуулснаар шатахууны импортын гаалийн татварыг тэглээд буй. Цар тахлаас улбаатай логистикийн хүндрэл болон ОХУ, Украины мөргөлдөөнөөс үүдэн шатахууны нөөц бүрдүүлэлтийг нэмэгдүүлэх бодлого баримтлан ажиллаж байна. Тодруулбал, өнгөрсөн арваннэгдүгээр сараас эхлэн шатахууны нөөц бүрдүүлэлтийн тухайд салбарын яам урьд нь 30 хоногийн нөөц бүрдүүлж ажиллаж байсныг 45 хоног болгон сунгажээ. Энэ дагуу импортлогч компаниуд ахиу нөөц бүрдүүлж ажиллаж байгаа аж.
Дизель түлшний импортын үнийн тухайд Сингапурын биржийн үнээр тооцоход дөрөвдүгээр сарын байдлаар тонн тутамдаа 1047 ам.доллар байжээ. Өөрөөр хэлбэл литр тутамдаа 3714 төгрөг гэсэн үг.
Засгийн газар дизелийн онцгой албан татварыг (тонн тутамд 280 мянган төгрөг байсныг) тэглэх шийдвэр гаргасан. Ингэснээр борлуулалтын үнэ литр тутамд 3380 төгрөг байх боломж бүрдэв. Дизель түлшний борлуулалтын үнэ өнгөрсөн дөрөвдүгээр сард литр тутамдаа 250 төгрөгөөр нэмэгдсэн. Дизелийн нийлүүлэлтийг хөнгөлөлттэй үнээр олгох тухай хүсэлтээ манай улс ОХУ-ын талд албан ёсоор тавьжээ.
Эх сурвалж: УУХҮЯ, AFP, BLOOMBERG, TASS, REUTERS
Холбоотой мэдээ