“Мод тарихад таван дүрэм баримтлах хэрэгтэй”

Хуучирсан мэдээ: 2022.05.10-нд нийтлэгдсэн

“Мод тарихад таван дүрэм баримтлах хэрэгтэй”

“Мод тарихад таван дүрэм баримтлах хэрэгтэй”

“Хашаандаа сайхан амьдаръя” төрийн бус байгууллагын тэргүүн Ц.Түмэнбаяраас мод тарихад анхаарах зүйлсийн талаар цөөн хором ярилцлаа. Тэрбээр сүүлийн 12 жил тасралтгүй мод тарьж байгаа аж.


-Таны хувьд 12 жил мод тарьж буй юм байна. Энэ туршлага дээрээ үндэслээд мод тарихад голчлон юуг анхаарах талаар зөвлөгөө өгөхгүй юу? 

-Миний хувьд “Ургамлын далай” компани “Хашаандаа сайхан амьдаръя” -чуудтайгаа нэгдээд сүүлийн 12 жил тарих ажлыг хийж байна. Мөн сүүлийн дөрвөн жил мод үржүүлгийн чиглэлээр ажиллаж байна. Миний хувьд 12 жилийн туршлагад үндэслэж мод тарих таван дүрэм гаргасан. Нэгдүгээрт төлөвлөлт, Хоёрдугаарт, хамгаалалт, гуравдугаарт, ус, дөрөвдүгээрт, хариуцах эзэн, тавдугаарт, өгөөж гэж байгаа.  Бидний хөрөнгө хүч, цаг заваа зарцуулж тарьсан мод буцаад ямар өгөөжтэй юм бэ гэдэг дээрх таван зүйлийг бодож тооцох ёстой гэсэн санаа.

-Дээрх таван дүрмийг хэрэгжүүлэхгүй бол мод тарих  үр дүнгүй байх нь тийм үү?

Нэгдүгээрт, төлөвлөлт маш чухал. Хамгийн жижиг нэгж буюу хашаан дээр жишээ авъя. Хашаандаа ямар мод тарих вэ гэж хүмүүс маш их асуудаг. Хариуд нь танай тоосжилт аль талдаа байгаа юм. Тэр талдаа эхлээд салхинаас хаадаг модыг тариа гэдэг. Хаагуураа хамгаалалтын зурвас буюу хашаа, хайс хийх шаардлагатай байгаа юм. Тэрүүгээр хашаа хайс, ургамлын хашлагаа хий. Магадгүй ирээдүйд том ургах модыг наран талдаа тарьчих юм бол, ирээдүйд танай цонхыг нар хаагаад, танай байшин нар үзэхгүй болно. Тэгэхээр өндөр ургах модыг нар хаахгүй талдаа тарих ёстой байна. Жишээлбэл, жимсний, цэцэглэдэг модыг нөмөр газар тарьж байж жимсээ их өгдөг, гоё цэцэглэдэг. Тэгэхээр ямар ч төлөвлөлт, зохион байгуулалтгүй модыг энд тэндгүй тарьж болохгүй гэсэн санаа.

Сум суурин байлаа гэж бодъё. Тэгвэл аймгаас элсний нүүдэл тоосжилт, шуурга салхи хаанаас орж ирээд байгаа юм. Тэр талдаа хамгаалалтын зурвасаа хийе. Хамгийн их хүмүүс аялж зугаалдаг хэсэг хаана байгаа юм. Тэндээ гоёл чимэглэлийн мөнх ногоон модоо тариад, сургууль, цэцэрлэг эмнэлгийн орчинд тохируулаад өөр мод тарих хэрэгтэй.

Улс орны хэмжээнд яривал Улаанбаатар хотын хаана цөлжөөд байгаа юм. Тэр шороон шуурга, тоосжилт Монгол орны яг аль хэсгээс босч байгаа юм. Тэр хэсгийн яг хаана нь мод тарих юм бол үр дүнтэй юм бэ. Хаана нь тарьж байж тоосжилт бодитойгоор буурах юм гэдэг төлөвлөлт маш чухал.

Хоёрдугаарт, хамгаалалт Монгол орны нөхцөлд зайлшгүй шаардлагатай. Энэ нь юу гэвэл мал, амьтан, машин олон нийтийн хөл хөдөлгөөнөөс хамгаалахгүй бол мод тарьснаар ямар ч үр дүнгүй болдог. Тиймээс ямар нэгэн газар мод тарих гэж байгаа бол хамгаалалтын зурвасыг заавал хийх ёстой. Ер нь тэр хамгаалалт, хашаа хайс мөнх байхгүй. Тухайн модыг ургаад нас бие гүйцтэл байх юм. Тэгэхээр түр хамгаалалтыг тэр модыг ургатал зайлшгүй хийх ёстой.

Гуравдугаарт, усалгаа чухал юм. Ялангуяа усалгааны асуудлыг шийдээгүйгээр маш их мод тарьдаг. Хөрсний гүний усаар их услаж байна. Усалгааг шийдэхдээ хөрсөн дээрх ус, эсвэл борооны ус, бохироос гарсан цэвэршүүлсэн саарал усыг ашиглах хэрэгтэй. Тиймээс мод тарих гэж буй бол гүний худагтай бил үү, усалгааны систем нь юу билээ. Энэ олон мянган модыг услах усалгааны нөөц хүрэлцэж байгаа бил үү гэдгээ тооцох нь гуравдугаар дүрэм.

Дөрөвдүгээрт, тухайн модыг арчиж тордох, харж хамгаалах эзэн хэн бэ, тэр эзнийг томилсон уу, цалин цавгийг шийдсэн үү, эзнийг мэргэшүүлж, сургасан уу, анхан шатны ургамалтай харьцах ойлголттой болсон уу гэдэг чухал асуудал юм.

Тавдугаарт, өгөөж буюу яг яагаад сайн юм гэдгийг ойлгох хэрэгтэй. Хоёр төрлийн өгөөж байгаа юм. Нэг нь экологийн өгөөж. Экологийн гэдэг нь тоосжилтыг бууруулах, агаарын бохирдлыг цэвэрлэнэ, амьтан ургамлын орон гэр болно. Экологийн өгөөжийг хүн болгон мэддэг. Нөгөө талдаа энэ мод чинь эдийн засгийн өгөөжтэй байх ёстой. Эдийн засгийн өгөөж нь магадгүй жимсний мод таривал нөгөө нь 5-6 нас хүрнэ. Тарьсан эзэн, аж ахуй нэгж байгууллагад буцаагаад өгөөжөө өгнө. Салхи шуурганаас хамгаална гэдэг нь экологийн өгөөж болчихлоо. Эдийн засгийн өгөөж нь бургасыг маш их хэмжээгээр тарилаа. Тэр бургас том болоод 3-4 жилийн дараа манайхны ярьдаг гэрийн мод хийж болно. Баруун аймгууд гэрийн мод хийхдээ байгалийн бургасыг огтолж хийгээд байгаа. Гэтэл бид нар бургасыг маш их хэмжээгээр тариад тэр нь дөрвөн жилийн дараа унь хана, буюу нөхөөд тарьдаг цикл өгөөжийг тооцож байх хэрэгтэй.

Дээрх таван мод тарих дүрмийг тооцохгүйгээр тарьж болохгүй. Энэ тавыг зөв тооцвол мод зардал биш, энэ ажлын байр, эдийн засгийн өгөөж, экологийн тэнцвэрийг хадгалж чадна гэдгийг хэлэх байна даа.

-Мод тарихад хүмүүс талбайгаа хэрхэн сонгох ёстой юм бол?

-Нөгөө л төлөвлөлттэй холбоотой. Жишээ дурдахад нэг төрийн байгууллага Богд уулын орой дээр эзэнгүй газар мод тарилаа. Тэнд экологийн өгөөж байж болох юм. Гэхдээ эдийн засгийн өгөөж байхгүй байна. Үүнд миний яриад буй  мод тарих таван дүрэм байхгүй байна. Ингэхээр олон үргүй зардал гарна. Дээрх таван дүрмийг тооцохгүй тарьснаар хүмүүс үр дүнгээ өгөхгүй болохоор нэг удаа тарина. Хоёр удаа тарина. Тэгээд халширна.

Ургахгүй юмыг дахин тариад яах юм бэ хэмээн ирээдүйд мод тариад хэрэггүй гэдэг ойлголттой болно. Тиймээс хаана ямар мод тарих вэ гэдгээ гэр бүлээрээ сууж байгаад төлөвлө. Тухайн модыг судалж, мэддэг байх хэрэгтэй.  Айл өрхөөс авахуулаад, албан байгууллага, аймаг сум, нийслэл улс орон даяар, маш зохион байгуулалттай модыг судалж төлөвлөгөө хийж байж тарих ёстой.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
22
ЗөвЗөв
3
ГайхмаарГайхмаар
2
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж