Скандинавын төвийг сахисан хоёр улс болох Финлянд, Швед нь Орос Украинд түрэмгийлсэнд ихэд түгшиж байна. Тиймдээ ч энэ зун тус хоёр улс NATO-д элсэх хүсэлтэй байгаа юм. ОХУ-ын хувьд Скандинавын хоёр орны NATO-д элсэх шийдвэрийг үгүйсгэж, харуй цэргийн үйл ажиллагаа явуулахаа анхааруулсан. Тэгвэл Оросын анхааруулгыг харгалзан үзэж, Финлянд, Швед улсууд NATO-д элсэх нь Европ тивд аюултай юу гэх сэдвийг хөндөж байна.
NATO буюу Хойд Атлантын гэрээний байгууллага нь Дэлхийн хоёрдугаар дайны дараа 30 орон хамтран байгуулсан эвсэл юм.
Брюссельд төвтэй байгууллагын ихэнх цэргийн болон цөмийн зэвсгийн хүчийг АНУ эзэлдэг. Финлянд, Швед хоёр бол NATO-д элсэх шалгуурыг хангасан орчин үеийн, ардчилсан улс. Байгууллагын тэргүүн Йенс Столтенберг хүсэлтийг нь илэн далангүй хүлээн авч, гишүүнчлэлийн асуудлыг шийдвэрлэхэд хамгийн бага саатал гарах болно гэж мэдэгджээ.
Финландын хувьд эвслийн цэргийн интегралчлалын нэг хэлбэр аль хэдийн хэрэгжиж байна. Британийн танк багийнхан саяхан Финландын хуягт бригад, АНУ, Латви, Эстонын цэргүүдтэй баг болж NATO-гийн хамтарсан экспедицийн хүчний (JEF) бүрэлдэхүүнд сургуулилалт хийжээ. Их Британийн Батлан хамгаалах яамнаас сургуулилалтын гол зорилго нь Скандинав болон Балтийн орнууд дахь Оросын түрэмгийллийг таслан зогсоох гэж мэдэгдэв.
Хойд Атлантын эвслийг Путин Москва болон Оросын тусгаар тогтнол заналхийлэл учруулна гэж үздэг. Хуучин Зөвлөлтийн үед болон Путин КГБ-д агент байхад Оросын арми зүүн Европын нутаг дэвсгэрт тархан, хүчээ зузаатгадаг байв. Гэвч эвсэл улам хүчирхэгжин, өргөжиж Зөвлөлтийн мэдэлд байсан Эстони, Латви, Литва хүртэл NATO-д нэгджээ.
ОХУ-ын өргөн уудам хилийн ердөө зургаан хувь нь NATO-гийн орнуудтай залгаа оршдог ба Кремль бүслэгдсэн, заналхийлэгдсэн мэт санагдаж байна. Ерөнхийлөгч Путин хоёрдугаар сарын 24-нд Украин руу цэргээ оруулахын өмнөхөн Европын аюулгүй байдлын газрын зургийг дахин зурахыг шаардсан.
NATO-гийн цэргүүд зүүн Европын эдгээр бүх орноос ухрах ёстой бөгөөд шинэ улс орнууд нэгдэхийг зөвшөөрөх ёсгүй гэж Путин үздэг.
Гэвч Путин Украинд түрэмгийлснээр эвсэл ухарч, шинэ орнууд нэгдэхгүй гэх төлөвлөгөө нь бүтэлгүйтсэнийг анзаарсан болов уу. Түүний дайралт одоо эсрэг үр дүнд хүрсэн. Финлянд, Швед улсууд олон арван жилийн турш төвийг сахисан байдлаа сайтар баримталж ирсэн. Соёлын хувьд тэд барууны хуаранд баттай харьяалагдаж байгаа ч өнөөг хүртэл цөмийн зэвсэг агуулсан хөрш Оростойгоо дайсагналцахаас болгоомжилж ирсэн. Финландад саяхан явуулсан санал асуулгаар финляндчуудын 62 хувь нь нэгдэхийг дэмжсэн байна.
NATO-Д ЭЛСВЭЛ ГАРАХ ЭЕРЭГ ТАЛ
Цэргийн үүднээс авч үзвэл Финлянд эсвэл Шведийн томоохон цэргийн хүчийг эвсэлд нэгтгэвэл Оросын армийн тоог давах юм. Зүүн Европ дахь NATO-гийн хүч улам чанаржина. Финлянд улс "F35" сөнөөгч онгоц, Швед Патриот пуужингийн батарейг эвсэлд ашиглуулж , Оросын ажиглалтдаа аваад байсан Балтийн Готланд хэмээх том арлаа дахин хамгаалалтад авлаа гэж Бен Ходжес хэлэв.
Финлянд, Шведийн зэвсэгт хүчин нь Скандинавын мөсөн ойд байлдаж, амьд үлдэхийн тулд эрчимтэй бэлтгэл хийдэг Хойд туйлын дайны чиглэлээр мэргэшсэн мэргэжилтнүүд юм. Дэлхийн хоёрдугаар дайнд Орос Финлянд руу довтлоход финляндчууд түрэмгийлэгчдийн эсрэг ширүүн тулалдаж, ноцтой хохирол учруулсан түүхтэй.
Газар зүйн хувьд Финлянд улсыг NATO-д нэгтгэснээр хамгаалалтын асар том орон зайг нөхөж, Оростой хиллэдэг эвслийн хилийн хэмжээг хоёр дахин нэмэгдүүлнэ.
Балтийн тэнгис дэх аюулгүй байдал, тогтвортой байдал одоо эрс сайжирсан гэж Ходжес хэлэв. Улс төрийн хувьд энэ нь барууны харилцан хамгаалалтын нэгдмэл байдлыг нэмэгдүүлж, Путинд бараг бүх Европ түүний бүрэн эрхт улс болох Украин руу довтлохыг эсэргүүцэж байгаа гэсэн дохиог илгээх болно.
СӨРӨГ ТАЛ НЬ ЮУ ВЭ?
Эрсдэл бол Оросын босгон дээр NATО-гийн ийм том тэлэлт нь Кремлийг сандаргаж, эгдүүцэж, ямар нэгэн байдлаар хариу арга хэмжээ авахуулах байдал үүсгэх юм. Путин Скандинавын эвсэлд нэгдэх хариуд цэргийн техникийн арга хэмжээ авна гэж заналхийлсэн. Энэ нь барууны орнууд руу цэрэг, пуужингаа ойртуулах замаар хилээ бэхжүүлэх, магадгүй Скандинав руу кибер халдлагыг нэмэгдүүлэх гэсэн хоёр зүйл гэж ажиглагчид үзэж байна.
Төвийг сахисан байр суурь нь олон жилийн турш Шведэд маш сайн үйлчилсэн. Төвийг сахисан байдлаа алдах нь тус улсад тийм ч амархан байхгүй л болов уу. Мөн Шведийн дотоодын зэвсгийн үйлдвэрлэлд NATO-гийн зэвсгийг худалдан авах үүрэг хүлээвэл эдийн засгийн зардал ихээхэн гарах болно.
Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков Финлянд, Швед улсууд NATO-д элсэх нь Европт аюулгүй байдлыг авчрахгүй гэдгийг онцлон анхааруулав. Владимир Путин залуудаа хархыг буланд шахаж, хүчээр өөр рүү нь дайрахад хүргэж байсан үеэ дурсах дуртай гэж Песков онцолж, Орос яг тийм үйлдэл хийнэ гэж анхааруулсан юм. Энэ нь Орос хүчээр эвслийг түрэмгийлэх боломжийг гаргаж, хариу довтлох явдал байж магадгүй гэж олон улсын ажиглагчид үзэж байна.
Эх сурвалж: BBC, CNN
Холбоотой мэдээ