Монгол, Польшийн Үндсэн хуулийн түүхийн үзэсгэлэн нээгдлээ

Хуучирсан мэдээ: 2022.05.09-нд нийтлэгдсэн

Монгол, Польшийн Үндсэн хуулийн түүхийн үзэсгэлэн нээгдлээ

Монгол, Польшийн Үндсэн хуулийн түүхийн үзэсгэлэн нээгдлээ

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн Тамгын газар, Бүгд Найрамдах Польш Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам хамтран Монгол Улсын ардчилсан Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ой, Польшийн анхны Үндсэн хуулийн өдрийг тэмдэглэх хүрээнд бичил гэрэл зургийн үзэсгэлэнг өнөөдөр /2022-5-9/ Үндсэн хуулийн цэцийн ордонд нээлээ.

Монгол, Польшийн Үндсэн хуулийн хөгжлийн түүхийг харуулсан үзэсгэлэнг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Н.Чинбат, БНПУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кшыштоф Бойко нар нээж үг хэлж, нээлтийн ажиллагаанд Үндсэн хуулийн цэцийн Тамгын газрын дарга Д.Баянбилэг, Тамгын газрын ажилтнууд, ГХЯ-ны төлөөлөл болон тус Элчин сайдын яамны зарим ажилтнууд оролцлоо.

Үзэсгэлэнд Польш дахь Үндсэн хуулийн өмнөх улс төрийн нөхцөл байдал ямар байсан, Үндсэн хуулийн төслийг хэрхэн бэлтгэж, хэлэлцүүлж батлуулсан зэрэг тэр үеийн түүхийг харуулсан гэрэл зургийн үзмэрүүдийг дэлгэн тавьсан байна.

Польшийн анхны Үндсэн хууль 1791 оны тавдугаар сарын 3-ны өдөр батлагджээ. 11 зүйл бүхий энэхүү Үндсэн хуулиар язгууртнууд болон хотын энгийн оршин суугчдад улс төрийн зарим тэгш эрх олгож, тариачдад төрөөс зарим хамгаалалтыг тунхаглаж, улмаар хамжлагат хүнд дарангуйллыг бага боловч зөөлрүүлсэн байна. Тухайлбал, Ромын католик шашныг "давамгайлсан шашин" гэж баталж, бусад бүх урсгалд хүлээцтэй хандаж, эрх чөлөөг баталгаажуулахын хамт “Иргэний нийгмийн бүх эрх мэдэл хүмүүсийн хүсэл зоригоос ирэх ёстой” гэж заасан байв.

Польш Улс Үндсэн хуульт ёсны эртний түүхтэй бөгөөд Үндсэн хууль нь дэлхийд хоёр дахь, Европ тивийн анхных нь билээ.

Үзэсгэлэнд мөн Ази тивд дэх анхны Үндсэн хуулийн нэг болох 1924 оны Монгол Улсын Үндсэн хууль болон Богд хаант Монгол Улсын зарим эрх зүйн акт, 1940, 1960, 1992 оны Үндсэн хуулиуд, төрийн сүлд, туг, далбаа, тамга зэрэг тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын бэлгэ тэмдэг бүхий гэрэл зураг бүхий самбарыг дэлгэн тавьсан байна.

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж