Английн төв банк: Мөнгөний бодлогоор урьдчилан сэргийлэх аргагүй хүчин зүйлс үнийг өсгөж байна

Хуучирсан мэдээ: 2022.05.09-нд нийтлэгдсэн

Английн төв банк: Мөнгөний бодлогоор урьдчилан сэргийлэх аргагүй хүчин зүйлс үнийг өсгөж байна

Английн төв банк: Мөнгөний бодлогоор урьдчилан сэргийлэх аргагүй хүчин зүйлс үнийг өсгөж байна

Английн төв банкны мөнгөний бодлогын хороо тавдугаар сарын 5-ны өдөр бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр нэмэгдүүлж, 1 хувьд хүргэх шийдвэр гаргав. Ийнхүү дэлхийн хамгийн хүчирхэг эдийн засгуудын нэг эрчимтэй өсч буй инфляциа хязгаарлахын тулд бодлогын хүүгээ 13 жилийн дээд түвшинд хүргээд байна. Мөн өнгөрсөн арванхоёрдугаар сараас хойш бодлогын хүүгээ дөрөв дэх удаагаа өсгөж буй нь энэ юм.

Их Британид өнгөрсөн гуравдугаар сард инфляци 7 хувь буюу 30 жилийн дээд түвшинд хүрсэн. Энэ нь тус улсын төв банкны зорилтоос гурав дахин өндөр үзүүлэлт. Үнийн өсөлтийг түлш шатахуун, хүнсний үнэ голлон бүрдүүлжээ. Үнэ иргэдийн орлогоос хурдтай өссөн нь иргэдийн амьжиргаанд хүндрэл учруулж байна. Эдийн засгийн өсөлт удааширч, инфляци эрчимжсэн нь бодлого боловсруулагчдын гол сорилт болж буй аж.

Английн төв банкны мөнгөний бодлогын мэдэгдлээс онцлох эшлэлүүд:

  • ОХУ Украинд халдсанаас үүдэж дэлхий даяар инфляци өсөх дарамт огцом нэмэгдлээ. Энэ нь дэлхий нийт болон Их Британийн эдийн засгийн өсөлтийн төлөвийг муутгах шалтгаан болов.
  • ОХУ-ын Украинд хийсэн халдлага, БНХАУ дахь цар тахлын өрнөл нийлүүлэлтийн сүлжээний тасалдлыг даамжруулах болгоомжлолыг нэмэгдүүлж байна.
  • Тавдугаар сарын голч төсөөллөөр хэрэглээний үнийн индексээр хэмжигдэх инфляци жилийн турш өсч, 2022 оны хоёрдугаар улиралд 9 хувь давах, дөрөвдүгээр улиралд оргил үедээ хүрч, 10 хувь давах хүлээлттэй байна.
  • Их Британийн мөнгөний бодлогын хүрээнд үнийн тогтвортой байдал нэн тэргүүнд тавигддаг тул Мөнгөний бодлогын хорооны үндсэн үүрэг нь бүхий л цаг үед инфляцийг зорилтот түвшинд хадгалах явдал юм. Гэхдээ энэхүү мөнгөний бодлогын хүрээнд "шок", чичиргээний үед инфляци зорилтот түвшнээс хазайх тохиолдол байж болно гэж үздэг.
  • ОХУ Украинд халдсан явдал нэг төрлийн "шок" юм. Төсөөлөлд авч үзсэнээр Их Британийн импортолж авдаг түлш, шатахуун, барааны үнэ өсөх хандлага үргэлжилсэн тохиолдолд өрхийн бодит орлого, компаниудын ашигт сөргөөр нөлөөлөхөөр байна. Гэхдээ эдгээр нь мөнгөний бодлогоор урьдчилан сэргийлэх аргагүй хүчин зүйлс юм.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж