БНХАУ-д Covid-19-ийн халдвар дахин дэгдсэнээр үйлдвэрүүд хаагдаж, тээврийн боомтуудад түгжрэл үүссэн. Үүнээс улбаалаад Хятадын экспорт хэмжээ дөрөвдүгээр сарын байдлаар сүүлийн хоёр жилийн хамгийн доод түвшиндээ хүрэв.
Хятадын бизнесийн гол төв Шанхай хотод олон сая хүн хөл хорионд байгаа тул дэлхийн хоёр дахь том эдийн засгийн хохирлын хэмжээ нэмэгдэж буй нь илэрхий байна. Бээжингийн хувьд ч ялгаагүй хатуу бодлого, хязгаарлалтын дор үйлдвэрлэл, нийлүүлэлтийн сүлжээнүүд агшиж, эдийн засгийн зардал нэмэгдсээр байна.
Экспортын хэмжээ өмнөх оны мөн үетэй харьцуулахад 3.9 хувиар буурсныг Гаалийн газраас өнөөдөр /2022.05.09/ мэдээлэв. Энэ нь шинжээчдийн хүлээлтээс арай дөнгүүр үзүүлэлт байсан ч 2020 оны зургадугаар сараас хойших хамгийн доод үзүүлэлт юм. Харин импортын хувьд дөрөвдүгээр сард харьцангуй тогтвортой байжээ. Гуравдугаар сард импортын хэмжээ 0.1 хувиар буурсан. Түүнчлэн Хятадын гадаад худалдааны ашиг 51.1 тэрбум ам.доллар болсныг албаны эх сурвалж мэдээлэв.
Гэхдээ эдийн засагт эргэлт хийх орон зай байгаа гэж Гаалийн газрын төлөөлөгч Ли Күйвэнь өнөөдөр мэдэгдлээ. Шинжээчдийн үзэж буйгаар тийм өөдрөг төлөв харагдахгүй байгаа аж. Эдийн засагч Тинг Лу Франсын хэлснээр, “Цар тахал болон гадаад эрэлтийн хэмжээ буурсантай холбоотойгоор экспортын хэмжээ ойрын хоёр сард улам дордож магадгүй” гэв.
Эх сурвалж: FRANCE24