БАЙР СУУРЬ: Солонгос жуулчид визгүй болсон ч аялал жуулчлал сэргэхгүй

Хуучирсан мэдээ: 2022.05.09-нд нийтлэгдсэн

БАЙР СУУРЬ: Солонгос жуулчид визгүй болсон ч аялал жуулчлал сэргэхгүй

БАЙР СУУРЬ: Солонгос жуулчид визгүй болсон ч аялал жуулчлал сэргэхгүй

Цар тахлын улмаас уналтад орж, тэг зогсолтод орсон салбар бол аялал жуулчлал. Засгийн газраас "Шинэ сэргэлтийн бодлого"-ын хүрээнд аялал жуулчлалын салбарыг сэргээхэд таван арга хэмжээ авахаар болсныг мэдэгдсэн. Ингэснээр энэ салбар дахин сэргэнэ гэдэг өөдрөг төсөөллийг салбар яамнаас хэлж буй. Гэтэл салбарынхан эсрэг байр суурийг илэрхийлэв.


"ЦАР ТАХЛЫН ДАРАА 500 МЯНГАН ЖУУЛЧИН АВАХААР ХИЧЭЭН АЖИЛЛАНА"

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.БАТ-ЭРДЭНЭ:

Салбар яамнаас 100 хоногийн ажлын тайлангаа танилцуулж байна. Өмнөд Солонгосын хүн амын 27 сая нь гадагш жуулчилдаг. Эдгээрийн 16 сая нь Хятад болон ойролцоо улсуудад жуулчилдаг тоо бий. Өнгөрсөн 2019 онд 16 сая жуулчнаас Монголд хамгийн их буюу 500 орчим мянган жуулчин ирсэн. Энэ жил энэ тоондоо хүрэхээр хичээн ажиллах зорилт тавьсан. Агаарын тээврийн хязгаарлалт буюу жуулчин ирэх урсгалыг хязгаарладаг гол зүйл нь визтэй холбоотой асуудлууд байна. Одоо визний асуудлыг шийдвэрлэж байна.

Өмнөд Солонгосоос ойрын гурван жилийн дотор хамгийн багадаа 577 мянган жуулчин ирэх боломжтойг Монгол Улсад суугаа БНСУ-ын Элчин сайдын яамнаас хэлсэн. Үүний зэрэгцээ Буриад, Японы талтай аялал жуулчлалын чиглэлээр хэлэлцэж байна.

"ДАЙНААС БОЛЖ ЕВРОПЫН ЗАХ ЗЭЭЛД МАШ ОЛОН АЯЛАЛ ЦУЦЛАГДАЖ БАЙНА"

Монголын аялал жуулчлалын холбооны гүйцэтгэх захирал Д.Отгонбаяр

“Орос, Украины асуудлаас болж, аялал жуулчлалын салбарынхны энэ жилийн төсөөлөл өөрчлөгдчихсөн. Өмнө нь 2019 онд хамгийн ихдээ 500 мянган жуулчин хүлээн авч байсан бол энэ жил 200 мянган жуулчин авна гэж төсөөлж байсан. Оросын хил хаагдсан учраас Европын зах зээлд маш олон аялал цуцлагдаж байна. Хятад улс цар тахлын улмаас хилээ хаалттай, хязгаарлагдмал болонгуут зайлшгүй “Тurkish Airlines” компаниар дамжин ирэх шаардлагатай болж байгаа юм. Тэгэхээр Франкфуртын нислэгээр дамжин ирдэг жуулчдын хувьд үнэтэй болно.

Монгол Улсын хувьд олон улсын болон орон нутгийн нислэгийн хуваарь тодорхой бус байдлаас болж, гадаадын жуулчид хэт өндөр үнэтэй онгоцны билет захиалахаар болоод байна. Европын жуулчдын 80 орчим хувийн төлөвлөгөөт аялал цуцлагдчихсан байна.

Тийм болохоор бид энэ жил Япон, Өмнөд Солонгосын зах зээл рүү чиглэж, сурталчилгаагаа хийнэ гэсэн зорилготой ажиллана. Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд салбар яамнаас энэ хоёр зах зээлийг сонгон авч, тухайн улсад сайд Б.Бат-Эрдэнэ ажилласан. Удахгүй аялал жуулчлалын 15 компанийн төлөөлөл Япон, Өмнөд Солонгос руу явна. Үүний үр дүнг хүлээж байгаа. Нийтдээ Япон, Өмнөд Солонгосын зах зээлээр 300 мянган жуулчин авахаар төлөвлөж буй.

"ХИЛ ХААЛТТАЙ, КОМПАНИУДЫН ОРЛОГЫН ЭХ ҮҮСВЭРГҮЙ ҮЕД БАНКУУД ЗЭЭЛ ОЛГОХГҮЙ ГЭСЭН"

“Номадс турс экспедишн” компанийн ахлах менежер П.Гантулга:

-Өмнөд Солонгосын жуулчдыг визгүй болгосон нь зөвхөн солонгос жуулчид хүлээн авдаг тур оператор компаниудад л ашигтай байж магад. Манай компанийн хувьд солонгос жуулчин авдаггүй. Яг үнэндээ солонгос жуулчид Монголд мөнгө өгдөггүй шүү дээ. Солонгос эзэнтэй гэр баазад бууж, солонгос эзэнтэй ресторанд хоолоо иддэг. Одоо бүр Хөвсгөл аймагт хүртэл жуулчны бааз байгуулчихсан. Хэрвээ солонгосын жуулчид Хөвсгөл далай руу аялбал дотоодын аяллын хоёр компани л таван цаас олох юм даа.

Засгийн газраас аялал жуулчлалын салбарыг дэмжиж, 10 тэрбум төгрөгийн зээл олгоно гэсэн. Гэтэл хил хаалттай, компаниудын орлогын эх үүсвэр байхгүй энэ нөхцөлд арилжааны банкууд зээл олгохгүй гэдэг хариултыг өгч буй.

Харин аялал жуулчлалын компаниудын өрийг тодорхой хугацаагаар хойшлуулж өгсөн. Ганц авууштай шийдвэр нь энэ л байна. Орон нутагт нислэг үйлддэг “Айро Монголиа”, “Хүннү эйр” компанийн зүгээс хуваарь гаргасан мөртлөө нислэгээ зогсоочихлоо. Одоо тээврийн зардал нь нэмэгдээд 20 сая болчихсон гэсэн. Учир нь дотоодын нислэгийн зорчигчдын 60 орчим хувийг төрийн орон нутгийн томилгоо, 30 хувь нь өндөр настан, нялх хүүхэдтэй хүмүүс, үлдсэн хувийн гадаадын жуулчид эзэлдэг. Гэтэл Засгийн  газрын хэмнэлтийн хүрээнд төрийн томилгоог зогсоосон учраас орон нутгийн нислэг ашиггүй болж байгаа юм билээ.

"БНСУ-ЫН ЖУУЛЧИД ВИЗГҮЙ БОЛСНООР АЯЛЛЫН КОМПАНИУДЫН ОРЛОГО НЭМЭГДЭХГҮЙ"

“Нью жуулчин” тур оператор компанийн Азийн газрын захирал Д.Мөнхтөгс:

-Олон улсын нислэгийн тоо нэмэгдэж байна. Жишээлбэл, “МИАТ” компани Франкфурт, “Тurkish Airlines” компани Истамбул, БНСУ-ын жуулчид визгүй болж байна. Мөн Япон улс хилээ нээх гэж байгаагаас шалтгаалан гадаадын жуулчдын тоо нэмэгдэнэ. Гэхдээ хоёр жил тэг зогсолтод орсон байдлаасаа бага зэрэг нэмэгдэхээс биш өмнөх жилүүдийн шиг олон жуулчин хүлээж авахгүй шүү дээ. Тодруулбал, япон жуулчид угаасаа Монголд визгүй зорчдог. Визгүй ч тухайн улсын жуулчдын тоо тогтмол байдаг. Тэгэхээр визнээс шалтгаалж, гадаадын жуулчдын тоо огцом нэмэгдэхгүй гэсэн үг. БНСУ-ын жуулчдын хувьд ч гэсэн адил.

Солонгосчуудыг визгүй зорчуулснаар жуулчдын тоо нэмэгдэх ч аяллын компаниудын орлого нэмэгдэхгүй. Учир нь заавал компаниудад хандахгүйгээр хамгийн хямд үйлчилгээг авах нь бий. Солонгосын жуулчдын онцлог гэвэл Монголд үйл ажиллагаа явуулж буй өөрийн орны үйлчилгээний газруудаар л үйлчлүүлдэг. Харин групп жуулчдын хувьд өнгөрсөн жилийнх шигээ л байна гэж бодож байна. Энэ жил Тайвань, Хонгконг, ОХУ-аас жуулчид ирэх хүлээлттэй байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
2
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж