Монголоос нүүрс импортлох зардал тонн тутамд 60 юаниар буурах уу?

Хуучирсан мэдээ: 2022.05.09-нд нийтлэгдсэн

Монголоос нүүрс импортлох зардал тонн тутамд 60 юаниар буурах уу?

Монголоос нүүрс импортлох зардал тонн тутамд 60 юаниар буурах уу?

Нүүрсний ханш олон улсын зах зээл дээр оргил түвшиндээ хүрээд буй. Энэ нь манайд том боломж буйг харуулж байгаа ч нүүрсний экспорт буурсан хэвээр байна. Тодруулбал, оны эхний хоёр сарын байдлаар нүүрсний экспорт өмнөх оны мөн үеийнхээс 3 сая тонноор буурчээ.

Монгол Улс өнгөрсөн дөрөвдүгээр сарын 22-ноос 28-ны өдрүүдэд авто замаар 3133 чингэлэг, төмөр замаар 550 чингэлэг, оны эхнээс нийт 3,723.9 мянган тонн нүүрс экспортолжээ.

Эрх баригчид нүүрсний экспорт нэмэгдэхгүй байгааг урд хөршид цар тахлын халдварын тохиолдлын тоо буурахгүй байгаатай холбон тайлбарлаж буй. Гэвч Хятадын тал “Монголчууд зохион байгуулалтаа сайн хийж чадахгүй байна” гэж шүүмжилж байгаа аж. Учир нь манай аж ахуйн нэгжүүд Хятадын талд худалдан авалтаа нэмэгдүүлэх санал тавьдаг боловч "Монголын талаас ахиу хэмжээгээр орж ирэхгүй байна” гэсэн тайлбар хэлдэг байна.

Монгол Улс өнгөрсөн онд 14 сая тонн коксжих нүүрс Хятадад импортлож, коксжих нүүрсний импортынх нь 25.7 хувийг бүрдүүлсэн бол энэ оны нэгдүгээр улирлын байдлаар 17.1 хувьтай байгаа ажээ.

Манай нүүрсний экспортод хязгаарлагдмал зах зээл, логистикийн асуудал гол “тушаа” болсоор буй юм. БНХАУ-ын Засгийн газар тавдугаар сарын 1-нээс эхлэн 2023 оны гуравдугаар сар дуустал бүх төрлийн нүүрсний импортын татвараа тэглэсэн. Энэ нь Монголоос Хятадад нийлүүлэх нүүрсний хэмжээ нэмэгдэх боломжтойг харуулж байна.

“SXCoal”-д мэдээлснээр, урд хөрш бүх төрлийн нүүрсний импортын тарифыг тэглэсний дагуу Монголоос импортлох зардал тонн тутамдаа 60 юаниар буурах төлөвтэй байгаа ажээ.

Монгол, Хятадын талын холбогдох албаныхан яриа хэлэлцээ хийж, тохиролцсоны дагуу өнгөрсөн дөрөвдүгээр сарын эцсээр Гашуунсухайт-Ганцмод боомтоор гарах нүүрс тээврийн автомашины тоо 300 давсан. Мөн сард тус боомтоор өдөрт дунджаар 253 автомашин гарч байсан бол тавдугаар сарын 4-ний өдөр хүртэл 340 автомашин гарчээ.

Манайханд урд хөршид цар тахлын тохиолдлын тоо буурч, Гашуунсухайт боомтоор гарах нүүрс тээврийн автомашины тоо өснө гэсэн хүлээлт бий. Гэвч Бээжингийн удирдлагууд цар тахлыг тогтоон барих, халдвар дахин нэмэгдэхээс урьдчилан сэргийлж, хилийн хязгаарлалтаа үргэлжлүүлэх төлөвтэй байгаа ажээ.

Эх сурвалжийн мэдээлснээр, энэ онд Гашуунсухайт боомтоор өдөрт дээд тал нь 500-600 автомашин гарч магадгүй байна.

Монголоос нийлүүлэх нүүрсний хэмжээ нэмэгдсэн ч Хятадад нүүрсний үнэ буурч буй юм. Цар тахалтай холбоотойгоор БНХАУ-ын үйлдвэрлэлийн гол бүсүүдэд эрэлт, зах зээлийн хүлээлт муудсан нь үнэ буурахад нөлөөлжээ.

Шивээхүрэн боомтын хувьд бараг хагас жил нүүрсний экспорт зогсонги байдалтай байгаа билээ. Тус боомт дээр хоёрдугаар сарын 15-нд Хятадын талаас комисс ирж ажиллах байсан нь ирээгүй бөгөөд хэзээ тус боомтын үйл ажиллагаа нээгдэх нь тодорхойгүй хэвээр байна.

БНХАУ-ын “CCTV”-ээр мэдээлснээр, тус улсын Засгийн газар гадаад худалдаа, тээвэр логистикийн тогтвортой байдлыг хангаж, боомтуудын саатлыг арилгахад анхаарал хандуулан ажиллаж буй юм байна. Учир нь цар тахлын халдварын тархалтыг зогсоох хатуу арга хэмжээ нь тус улсын эдийн засагт ихээхэн сөрөг нөлөө дагуулж байгаатай холбоотой аж.

Урд хөршийн төв банк нүүрсний цэвэр бөгөөд үр ашигтай хэрэглээг дэмжих зорилгоор нүүрсний салбарт дахин зээл олгох зорилтот квотыг 100 тэрбум юань буюу 15 тэрбум ам.доллар болгожээ. Ийнхүү дахин зээл олгох квот нийтдээ 300 тэрбум юаньд хүрсэн байна.

Өмнөд хөршийн Ардын банкнаас мэдээлснээр, эрчим хүчний үнэ тогтворгүй байгаа энэ үед санхүүгийн энэхүү дэмжлэг нь аж үйлдвэр, нийлүүлэлтийн сүлжээг тогтворжуулж, улс орны эдийн засгийн гол үзүүлэлтүүдийг зохих түвшинд байлгах зорилготой ажээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
БурууБуруу
3
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж